Математикийн хичээлийн айдас, түгшүүрийг даван туулах арга замууд

817
1

Энэ удаагийн нийтлэлээ шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор бэлтгэн хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ математикаа ойлгохгүй байна гэж бухимддаг ч энэ нь түүний буруу биш байх үе бий. Хүн аливаа зүйлийг ойлгож хүлээж авахын тулд түүнээсээ айдас болон,  сэтгэлийн түгшүүр мэдэрдэггүй байх хэрэгтэй. Хүүхэд тан зүгээр л математиктаа дургүй биш харин бүр түгшүүр, айдсыг мэдэрдэг бол яах вэ ? Хэрвээ тийм бол хүүхдэдээ математикийн хичээлийн түгшүүрийг нь даван туулахад тусалцгаая. 

Хивс худалдаж авахаас эхлээд тэтгэвэрт гарахаар төлөвлөх хүртэл математик бол бидний амьдралын хэрэглээ бас бодит баримт юм. Гэхдээ математикийн айдас, түгшүүртэй хүмүүсийн хувьд дээрх зүйлс ч айдас түрүүлж, түгшүүр үүсгэдэг. 

Математикийн айдас,  түгшүүр нь хүмүүс математикийн ямарваа нэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болох, шалгалт өгөх тэр ч байтугай тооны талаар бодож эхлэх үед үүсдэг түгшүүр айдас юм. 

Кентаккийн их сургуулийн танин мэдэхүй хөгжлийн сэтгэл зүйч, математикийн түгшүүрийг судалдаг Пужа Сидни хэлэхдээ “Энэ айдсыг мэддэггүй насанд хүрэгчдийн хувьд хэн нэгнийг математикийн хичээлээс айдаг гэж төсөөлөх нь хачирхалтай байж магадгүй юм” гэхдээ энэ бол түгшүүрийн нэг хэлбэр юм гэжээ. 

Томчууд математик бол амархан гэж хэлдэг ч математикаас айх айдастай хүүхдүүдийн хувьд үүнийг даван туулах нь амаргүй юм. 

Шалтгаан ба үр дагавар

Математикийн түгшүүрийн үед тоотой харьцах нь бүхэлдээ их төвөгтэй хэцүү байдаг. Судлаачид fMRI ашиглан математикийн айдас түгшүүртэй хүмүүсийн тархийг судалсан бөгөөд тэдэнд математиктай холбоотой үйл ажиллагаанд оролцох болоход тархины аюул заналыг илрүүлэх болон өвдөлт мэдрэхтэй холбоотой тархины хэсгүүдийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг олж тогтоожээ. Тэгэхээр энэ бол зүгээр ч нэг математикаас зугтаж байна гэсэн үг биш. 

Математикийн түгшүүр нь бага ангиас ч эхлэх боломжтой бөгөөд дунд сургуульд орох үед эсвэл математикийн хичээл хүндэрч төвөгтэй болж эхлэх үеэс ч илэрч болно. Дээрх судалгаагаар хүүхдүүдийн 20-25 хувь нь математикийн бага зэрэг түгшүүртэй байдаг.  Энэ нь насанд хүрсэн хойноо ч үргэлжилдэг байна. Эмэгтэйчүүд охидын хувьд математикийн түгшүүр нь эрэгтэй хүмүүсээс өндөр байдаг байна. Энэ нь эрэгтэйчүүд байгалиасаа тоо бодохдоо сайн байдагтай холбоотой бус харин математик бол эрэгтэй хүний талбар гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтоос болдог бөгөөд олон эмэгтэйчүүд үүнд  итгэдэг хэмээн хойд Колорадогийн их сургуулийн боловсролын сэтгэл зүйч, доктор Молли Жэймесон хэлжээ. Энэхүү итгэл үнэмшил нь охидын математикийн түгшүүрийг бүр нэмэгдүүлдэг байна. Түүний судалгаанаас үзэхэд математикийн сэтгэлийн түгшүүрийн нэг том хүчин зүйл нь “Математикийн талаарх өөрийн гэсэн ерөнхий төсөөлөл” буюу өөрөөр хэлбэл “Өөрийнхөө математикийн асуудлыг шийдвэрлэх чадварт итгэх итгэл” чухал нөлөө үзүүлдэг  гэж дүгнэжээ. Өөртөө итгэх итгэл бага байх нь айдсыг улам томруулах байна. Иймд та хүүхдэдээ математик бол амархан гэж хэлэхээс илүү чи үүнийг бодож чадна, ойлгож чадна гэдэг талаас нь магтаж өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлээрэй. 

Анхнаасаа математикийн хичээлээ цаг тухайд нь хийж ойлгоогүйгээс болоод хичээлийн хоцрогдлоос үүдэлтэйгээр үндсэн ур чадвараа эзэмшиж чадаагүйгээс мөн математикийн түгшүүртэй болдог. Хэрэв хүүхэд бүхэл тоонуудын талаарх хараахан ойлгоогүй бол бутархайг эзэмшихэд хэцүү байна гэсэн үг юм. Гэхдээ нөгөө талаараа математикийн өндөр  түгшүүртэй хүмүүст мэдлэг огт байхгүй гэж бодох нь өрөөсгөл бөгөөд учир нь өндөр сэтгэлийн түгшүүр нь тэднийг мэдэж байсан ч тухайн мэдлэгээ ашиглахад саад болдог байна. Математикт хэт их хариу үйлдэл үзүүлэх нь тэдний тархийг ядрааж асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай ур чадвараа олж авахад нь хэцүү болгодог байна.

Математикаас түгшиж явснаар энэ нь тухайн хүүхдийн сурлагын амжилт болон ирээдүйн мэргэжил сонголтод нь нөлөөлдөг байна. Тэд мэргэжлээ сонгохдоо аль болох шинжлэх ухаан, технологи, инженерчлэл гэх мэт математикийн мэргэжлээр суралцах магадлал бага байдаг. Тооноос айх айдас нь тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлж мөнгөний менежмент, цалингийн хэлэлцээр гэх мэт зүйлсээс зайлсхийхэд хүргэдэг байна.

Математикийн сэтгэлийн түгшүүрийг удирдах нь 

Математикийн түгшүүрийн үр дагавар хэдий хэцүү ч асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ математикийн айдсыг даван туулахад туслах доорх арга хэмжээнүүдийг  авч болно. 

Шинж тэмдгийг таньж мэдээрэй

Хүүхэд тан математикийн хичээлээ хийхдээ, тоо бодож байхдаа сандарч байна уу? эсвэл зүгээр л бухимдаж байна уу? Хэрэв та өөрөө сайн ажиглаж мэдэхгүй байвал багштайн ярилцаж үзээрэй. Математикийн сэтгэлийн түгшүүртэй хүүхдүүд “Би математикт дургүй, би угаасаа л чаддаггүй гэх зэргээр өөрийгөө илэрхийлж шалгалтын өдрүүдэд гэртээ өвчтэй байх гэх мэт математикийн хичээлээс зайлсхийдэг учир цаад учир шалтгааныг нь ажиглаж багш болон хүүхэдтэйгээ ярилцаж мэдээрэй.

Сэтгэлзүйг нь дэмжих

Математикийн сэтгэлийн түгшүүр нь ерөнхий түгшүүрийг мэдэрдэг хүмүүст илүү түгээмэл байдаг. 

Та ерөнхий түгшүүрийн талаар ойлголтгүй бол доорх нийтлэлийг уншаарай.

Хэрэв таны хүүхэд бусад нөхцөлд ч ихээр түгшүүрлэдэг мэт санагдаж байвал ерөнхий түгшүүрийн шинж тэмдгийг эмчлэх нь математикийн түгшүүрийн шинж тэмдгийг намдаахад мөн туслах болно.

Хэл яриагаараа нөлөөлөх нь

Хүүхдүүдийн математикийн талаар сонсдог ярианууд тэднийг математикаасаа улам зайлсхийхэд хүргэдэг байна. Хөвгүүд л илүү тоондоо сайн байдаг, толгой сайтай хүмүүс угаасаа тоо сайн боддог, тоондоо сайн биш бол IQ /intelligence quotient/ оюун ухааны чадвар ч мөн нэг их сайн биш, чи угаасаа тоондоо муу гэх зэрэг багш болон гэр бүл нийгмээс ирэх дээрх мессежнүүд нь хүүхдийн тархинд буухдаа “математик бол амаргүй зүйл миний чадах юм биш” гэсэн ойлголтыг төрүүлдэг байна. Иймд математикийн талаар сөрөг үг хүүхдэдээ болон хажууд нь хэлэхээс болгоомжлоорой. Хэрэв та өөрөө ч гэсэн математикийн түгшүүртэй бол энэ нь таны хүүхэд танаас ч бас суралцаж нөлөөлөх магадлалтай гэдгийг санаарай.

Хүүхдээ өсөж, хөгжихөд нь туслаарай

Математикийн талаар хүмүүс ихэвчлэн тогтсон сэтгэлгээтэй байдаг нь математикийн ур чадвар угаас хүнд байдаг гэх хандлага юм. Гэхдээ хэн ч математик сурч чадна. Иймд хүүхдэдээ зөвхөн математик гэлтгүй аливаа зүйлс хүний хичээл зүтгэл,  цаг хугацааны явцад улам сайжирч чадваржиж байдаг гэсэн итгэл үнэмшлийг бий болгоорой. Үүнийг бий болгохын тулд  хүүхдийнхээ хичээлийн үр дүнд нь бус хичээл зүтгэлд нь анхаарлаа төвлөрүүлэх юм. 

Математикийн шалгалтдаа таагүй дүн авсных нь талаар ярилцахын оронд, математикийн шинэ ур чадвар, ойлголт  эзэмшихийн тулд хэрхэн хичээснийг нь дэмжиж магтаарай. 

Сурах чадварын сайжруулах

Судалгаагаар математикийн сэтгэлийн түгшүүр нь хүүхдүүдийг хичээлээс зайлсхийхэд хүргэдэг гэж үзжээ. Түгшүүрийн үед санаа зовнил ихэсдэг учраас энэ нь шинэ зүйлийг хүлээн авч суралцахад хүүхдэд хүндрэлтэй байдлыг бий болгож байдаг. Математикийн хичээл нь нэгээс нөгөөд шилжиж хуримтлагдах байдлаар үргэлжилдэг тул тооны түгшүүртэй хүүхдүүдийн хувьд хичээлийн хоцрогдол үүсэх нь амархан байх бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд давтлага дасгал сайн хийж, ерөнхий суралцах ур чадварыг сайжруулах шаардлагатай. Томчууд бид хүүхэдтэйгээ хамт хичээснээр тэдэнд сайн суралцах дадал зуршлыг зааж, сэтгэлийн түгшээж буй асуудлуудыг даван туулахад нь тусалж чадах болно.

Эх сурвалж:

  1. https://www.apa.org
  2. https://journals.plos.org
  3. Lyons IM, Beilock SL (2012) When Math Hurts: Math Anxiety Predicts Pain Network Activation in Anticipation of Doing Math. 
Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *

One thought on “Математикийн хичээлийн айдас, түгшүүрийг даван туулах арга замууд

  1. Hey! Do ʏou know if tһey maҝe any plugins tⲟ assist ԝith Search Engine Optimization? Ι’m trying to get my blog tо rank foг ѕome targeted keywords ƅut
    I’m not seeing very gߋod resսlts. If you knoѡ of any pleаsе share.
    Thank you!

    My blog post; สล็อตเว็บตรง