Стресс болон түгшүүр хоорондоо ялгаатай юу?

918
0

Сэтгэлзүйн мэдлэг мэдээлэл сайжирч буй энэ үед хүмүүсийн стрессийн талаарх ойлголт  түүнээс гарах арга замуудын талаар ч тодорхой хэмжээнд мэдлэгтэй болсоор байгаа билээ. Тэгвэл стресс болон түгшүүр нь хоорондоо ямар ялгаатай вэ ? Хүмүүсийн дийлэнх нь би стресстэй байгаа болохоор ямар нэг зүйлд түгших нь ихсэж байна гэж ойлгодог.

Угтаа бол стресс түгшүүр хоёрын хооронд нарийн шугам байдаг. Аль аль нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл боловч стресс нь ихэвчлэн гадны хүчин зүйлээс үүдэлтэй байна.

Гадна өдөөгч хүчин зүйлсэд гүйцэтгэж буй ажлаа хүлээлгэж өгөх хугацаа нь дөхөх, ойр дотно хэн нэгэнтэйгээ маргалдах, гэнэтийн таагүй үйл явдал тохиолдох, хөнгөн өвдөх гэх мэт богино хугацаанд тохиолдоод өнгөрөх үйл явдлууд багтах бол урт хугацааны стресс үүсгэгч өдөөгч хүчин зүйлд ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болох, ялгаварлан гадуурхалтад өртөх, архаг хүнд өвчнөөр өвдөх зэрэг урт хугацаанд үргэлжлэх үйл явдлууд багтана.

Стресстэй хүмүүсийн цочимтгой байдал нэмэгдэж, амархан уурлаж уцаарлах, ядрах, булчин  чангарах, хоол боловсруулалтын систем удааширч хоол шингэхгүй байгаа мэт мэдрэмж төрөх, унтахад асуудалтай болох гэх зэрэг сэтгэлзүйн болон бие физиологийн шинж тэмдгүүд илэрдэг. Харин сэтгэл түгших мэдрэмж нь хүн бүрд тодорхой хэмжээгээр илэрч байдаг ч бие махбодод илрэх шинж тэмдгүүд нь илүү тод байна.

Нөгөө талаас сэтгэлийн түгшүүр нь стресс үүсгэгч байхгүй байсан ч арилдаггүй байнгын хэт их санаа зовнилоор тодорхойлогддог.

Сэтгэл түгшсэн байдал нь стресстэй бараг ижил шинж тэмдгүүдээр хүмүүст илэрдэг. Үүнд: нойргүйдэл, анхаарал төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, ядрах, булчингийн чангарал, цочимтгой байдал, хоолой дээр юм тээглэх мэдрэмж, толгой эргэх зэргээр стресстэй үеийн бие махбодын хариу үйлдэлтэй ижил хэлбэрээр илэрдэг. Бага зэргийн стресс болон түгшүүрийн үед дасгал хөдөлгөөн хийх, тэжээллэг бөгөөд эрүүл хоол идэх, сайн унтаж амрах, бусадтай ярилцаж асуудлаа хуваалцах зэрэгт бие махбод болон сэтгэлзүйн байдал сэргэж стресс болон сэтгэл түгшлийн байдал намдаж дээрддэг.

Хэрэв таны стресс болон түгшүүр дээрх аргуудад эерэг үр дүн үзүүлэхгүй, таны өдөр тутмын амьдрал, сэтгэл санааны байдалд нөлөөлж байна гэж бодож байвал танд юу тохиолдож байгааг ойлгоход тан туслах сэтгэл зүйч мэргэжилтэнтэй ярилцах талаар бодож үзээрэй. Сэтгэл судлаач танд түгшүүрийн эмгэгтэй эсэхийг тодорхойлоход тусална. Түгшүүрийн эмгэг нь богино хугацааны түгшүүрийн мэдрэмжээс хүндийн зэрэг, үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл түгшил нь ихэвчлэн хэдэн сарын турш үргэлжлэх бөгөөд сэтгэлзүйн ерөнхий байдал болон хариу үйлдэлд сөргөөр нөлөөлдөг. Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр америкчуудын 31 хувь нь амьдралынхаа туршид сэтгэл түгшүүрийн эмгэгтэй тулгардаг байна. Монголд энэ талаар хийгдсэн томоохон баталгаат судалгаа хараахан байхгүй байна.

Хамгийн зонхилон илэрдэг түгшүүрийн  эмгэгүүдийн нэг бол сэтгэл түгээмлээр  түгших эмгэг (GAD) болон задгай талбай, нийгмийн айдас түгшүүрийн эмгэг юм. Ерөнхий түгшүүрийн эмгэгт сэтгэл түгших үеийн бие махбодын шинж тэмдгүүд дагалддаг. Түгшүүрийн эмгэгийг сэтгэлзүйн эмчилгээ болон эмийн хоёр аргыг хослуулан хэрэглэж болно. Хамгийн өргөн хэрэглэдэг эмчилгээний аргуудын нэг бол танин мэдэхүйн сэтгэл заслын арга юм.

Сэтгэл түгшүүрийн мэдрэмжтэйгээр тайван бус удаан явж болохгүй бөгөөд энэ нь хүний сэтгэл зүй болон бие махбодын хувьд өдөр тутамд сөргөөр нөлөөлж таны шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл, ажлын бүтээмж, бусадтай харилцах харилцаанд ч нөлөөлөх болно. Энэ тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн эмчид хандаарай.

Эх сурвалж:

https://www.apa.org/

https://www.nimh.nih.gov/

Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *