Эерэг болон сөрөг мэдрэмжийн талаар

375
0

Би та бүхэнд өөрийнхөө сонссон нэгэн жишээг ярьж өгөхийг хүслээ.

A: Чи ямар ямар сэтгэл хөдлөлүүд мэдэх вэ? надад нэрлээд өгч болох уу?

B: Аз жаргалтай, гунигтай, ууртай, айдастай, ичих, уурлах гээд л….

A: Аан тэгвэл, сайн муу сэтгэл хөдлөл гэж байдаг уу? чи юу гэж бодож байна?

B: Байгаа, уурлах бол муу, инээх бол сайн.

A: Уурлах яагаад муу гэж?

B: Уурлах ер нь л хүн болгонд л муу шд, багш хэлэхдээ бидний тархинд муугаар нөлөөлдөг, хүүхдүүд  бол уурлаж болохгүй гэсэн.

Энэ харилцан яриаг сонсоод танд юу бодогдож байна? Магадгүй танд: “Бидэнд үнэхээр сайн эсвэл муу сэтгэл хөдлөлүүд байдаг гэж үү? уурлах нь үнэхээр тийм муу зүйл үү?” гэсэн асуултууд төрж магадгүй юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнд энгийн хэрнэ хэрэгтэй байж болох юм байна гэсэн бодол дээрээсээ үндэслэн энэхүү нийтлэлийг хүргэхээр шийдлээ.

Бидний хүүхдүүд, дүү нар өөрсдийн сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж, яаж илэрхийлэхээ биднийг сайтар ажиглаж, даган дуурайсаар нэг л мэдэхэд бидэнтэй төстэй хэмнэл, арга замаар өөрсдийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлэхийг сурч авдаг. Тиймээс таны ямар нөхцөл байдалд ямар сэтгэл хөдлөл мэдэрч байна, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна, юу хэлж байна, ямар биеийн хэлэмжтэй байгаа зэргийг бүгдийг хуулдаг гэсэн үг юм. Дээрх жишээн дээр л гэхэд хүүхэд уурлах гэдэг бол муу зүйл юм байна гэж том хүнээс сонссон учир уур гэж юу болох, яагаад бидэнд байдаг, яаж бид илэрхийлэх ёстой вэ гэх зэргийг алгасан шууд л тухайн мэдрэмждээ хаалт тавьж байгааг харж болох нь.

Тэгвэл бид өөрсдөдөө болон хүүхдүүддээ мэдрэмжийг сайн муугаар нь ангилж, энэ болно тэр болохгүй гэдэг ‘хуурамч зөвшөөрлийг’ үүсгэсээр явдаг юм биш биз? Эдгээр зүйлсийг хамтдаа нэг талд нь гаргацгаая.

Юуны түрүүнд бидэнд байдаг сэтгэл хөдлөлүүдийг сайн эсвэл муу гэж ангилахад хэцүү, бараг л боломжгүй зүйл. Учир нь эдгээр сэтгэл хөдлөлүүд маань бидэнд үргэлж ямар нэг зорилготой байдаг. Жишээ болгож хүн бүрт байдаг үндсэн сэтгэл хөдлөлүүд бидэнд юу сануулахыг оролдож байдгийг харцгаая.

  • Баяр баясал – Юу чухал вэ, юунд дуртай вэ гэдгийг мэдэх
  • Уур бухимдал – Асуудлыг эсэргүүцэж, тэмцэх
  • Айдас – Биднийг эрсдэл, аюул ослоос хамгаалах
  • Гайхширал – Анхаарлыг шинэ зүйлсэд төвлөрүүлэх
  • Уйтгар гуниг – Бидний хайрладаг зүйлстэй дахин холбох 
  • Итгэл – Бидний итгэж найддаг хүмүүстэй холбох 
  • Жигшил – Эрүүл бус, аюултай зүйлсээс биднийг холдуулах
  • Болгоомжлол – Урагшаа харж, эрсдэлийг тооцож, төлөвлөгөө гаргахыг сануулахын тулд бидэнд мэдрэгддэг байна.

Ингээд харвал бүгд л учир шалтгаантай, ямар нэг зүйлийг ойлгуулахын тулд сэтгэл хөдлөлүүд байдгийг харж болно. Харин үүнийг энэ нь сайн энэ нь муу гэж ялгахаасаа өмнө бид өөрсдийгөө мэдэрч буй сэтгэл хөдлөл, мэдрэмжээсээ тусдаа гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг нэгэн төсөөлөл дээр үндэслэн тайлбарлавал, өөрсдийгөө цайны газрын эзэн гэж төсөөлье. Та цайны газарт орж ирж байгаа бүх хүнтэй харилцаж тэдний хүсэж байгаа хоолыг гаргаж өгөх үүрэгтэй. Нэг өдөр танай цайны газарт хүн орж ирээд уур гэдэг хоолыг захиаллаа. Дараа нь баяр баясал, атаархал, айдас, гомдол гээд ар араасаа нэг нэгээрээ  цуварсаар, зарим өдрүүдэд гайхшрал-урам хугаралт, ичгүүр-түгшүүр зэрэг хоёр хоёроор нь, заримдаа бүх маш олон хүмүүс олон төрлийн хоолыг зэрэг орж ирж захиалаад өөрт хэрэгтэй байгаа хоолыг нь гаргаж өгтөл танай цайны газраас гарахгүй байсаар байна гээд  төсөөлдөө? Ийм ядармаар, ачаалалтай, дуусашгүй мэт санагдах захиалгуудыг та хэр эмх цэгцтэй, дэс дараалалтай гаргаж өгдгөө бодоорой. Энэ ажлыг том хүмүүс хүртэл хийхэд хэцүү байхад хүүхдүүдэд ямар байдгийг санаарай. Олон жил энэ ажлыг тасралтгүй хийсэн хүн, ямар хүн орж ирээд юу захиалдгийг, хаана суудгийг, ямар хугацаатай хоолоо идэж дуусгадгийг маш сайн мэддэг хүн энэ ажлыг өдөр тутамдаа төвөггүй хийж болохоор сонсогдож байгаа биз? Яг үүнтэй адилаар бидэнд ямар сэтгэл хөдлөл ямар нөхцөл байдалд бий болдгийг, тэр нь биеийн аль хэсэгт мэдрэгддэгийг, юу хийвэл энэ мэдрэмжийн зорилго нь хангагдахыг мэдэж байх нь биднийг сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгож таньж, зөвөөр илэрхийлэхэд тусалдаг байна.


Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *