Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь

700
0

Танд хэн нэгэн, хэзээ нэг өдөр тантай ярилцсандаа талархсанаа илэрхийлж байсан уу? Эсвэл та хэн нэгэнтэй ярилцсандаа чин сэтгэлээсээ талархаж байсан удаа бий юу? Бидний бусадтай харилцах харилцаа ямар үед илүү гүн гүнзгий утга учиртай болж, харилцан ярианы төгсгөлд ойлгогдсон, сонсогдсон мэдрэмж авдаг болох талаар өнөөдөр ярилцацгаая.  

Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, энэхүү сэтгэл хөдлөлийн цаадах хэрэгцээг олж мэдэх, түүнийг нь зүй зохистой байдлаар хангах явдлыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд эмпати гэж нэрлэдэг. Товчхондоо та өөрийгөө өөр хүний оронд тавьж, ертөнцийг тэдний өнцгөөс харахыг хичээж, тэдний мэдэрч буй сэтгэл хөдлөлийг мэдрэх явдлыг хэлж байна гэсэн үг. Хүмүүс бид нялх байхаасаа бусдыг өрөвдөх шинж тэмдэг илэрч байдаг бөгөөд энэ зан чанар нь хүүхэд, өсвөр насанд тогтвортойгоор хөгжсөөр байдаг. Ингэхдээ, бусадтай харилцах явцдаа нөгөө хүнийхээ харц, биеийн хэлэмж, дуу хоолойн өнгө зэргийг анхааралтай ажигласны үндсэн дээр тэдний ямар сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй байгааг таамаглаж, ойлгодог. 

Эмпати буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар нь эхлээд өөрийгөө, дараа нь юмсыг, хүмүүсийг ажиглах, анзаарах чадвараас эхэлдэг болохыг судлаачид олон сонирхолтой туршилтаар нотолсон байдаг. Зарим судлаачид энэ чадварыг илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс хэд хэдэн ангилалд хуваан ярьдаг тул үүнээс нэгийг нь жишээ болгон дурдъя. EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварын хамгийн чухал нэг хэсгийг эмпати бүрдүүлдэг гэж тархи, зан үйл судлаач Даниел Големан тодорхойлсон байдаг. Түүнийхээр бол эмпати нь гурван үндсэн шаттай бөгөөд эдгээр нь өөр хоорондоо бага зэргийн ялгаатай гэж тэрээр үзсэн байна. 

  1. Cognitive empathy (танин мэдэхүйн эмпати): Эхний шатанд та харилцаж байгаа хүндээ анхаарлаа хэр их хандуулж чадна төдий чинээ тухайн хүний талаар, тухайн хүнд тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж чадна гэж үзжээ. Хэрэв та мэдээллийг хангалттай цуглуулж чадвал тухайн хүнийг ойлгох түвшинд эмпати байж чаддаг байна. Ийм түвшинд та нөгөө хүнээ ойлгосон бол сайн харилцааг эхлүүлэх үндэс суурь болдгийг тэрээр мөн цохон тэмдэглэжээ. 
  2. Emotional empathy (мэдрэмжийн эмпати): Энэ шатанд та нөгөө хүнээ хангалттай ойлгож, надад хэрвээ ийм ижил зүйл тохиолдсон бол ямар мэдрэмж төрөх байсан бол? гэж өөрөөсөө асууж тухайн хүнд үүсээд байгаа нөхцөл байдлыг өөр дээрээ зураглаж чадаж байвал та дараагийн шатны буюу мэдрэх түвшинд хүрч ойлгож байна гэсэн үг юм. Энэ хэсэгт та нөгөө хүнтэйгээ сэтгэл зүйн хувьд холбоо тогтоохоос гадна тухайн хүний мэдрэмжийг өөр дээрээ мэдрэх үйл явцыг хэлдэг байна. 
  3. Compassionate empathy (энэрэнгүй өрөвч эмпати): Хамгийн сүүлийн шатанд та харилцаж байгаа хүндээ хэрхэн тусалж чадах вэ гэж өөрөөсөө асууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл та түүний юунаас болж зовж байгааг ойгоод зогсохгүй, юу мэдэрч байгааг нь дотроо мэдрээд зогсохгүй, түүнд чин сэтгэлээсээ туслах гэж оролдож үйлдэл хийх нь төгс эмпатиг юм гэж Даниел Гольман тодорхойлсон байдаг. 

Ингээд харахад бидэнд энэ сэдвийн хүрээнд ярилцах зүйлс их, өргөн хүрээний сэдэв хэдий ч, судлаач миний өнцгөөс харвал бусадтай харилцах харилцаандаа илүү эмпати байхыг хүссэн хүмүүст зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 

  • Та хэн нэгтэй ярилцаж байхдаа аль болох нүд рүү нь харж, нүдээрээ холбоо тогтоох;
  • Анхааралтай тэдний яриаг таслахгүйгээр сонсох; 
  • Тухайн хүний биеийн хэлэмжийг дуурайх (ж.нь: гунигтай царай гаргаж байхад нь инээмсэглэхгүй байх г.м) 
  • Өөртөө тохиолдсон ижил төстэй туршлага, болсон явдлуудыг эргэж санах; 
  • Аль болох мэдрэмжийн үгнүүдийг оролцуулж ярих (ж.нь: чиний уур хүрсэн байхдаа, ямар их гомдсон болоо г.м)
  • Харилцан ярианаас хангалттай мэдээллийг олж авахын тулд, илүү сонсохын тулд аль болох нээлттэй асуултууд асуух (ж.нь: тэр үед чамд яагаад тийм зүйл мэдрэгдсэн гэж бодож байна г.м)
  • Талархлаа илэрхийлэх (ж.нь: энэ талаараа надад хуваалцсанд баярлалаа, чамайг ийм зүйл туулаад явж байгааг мэдэх надад их чухал байлаа г.м) 

Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *