Сэтгэл зүйч Батсүхийн Батцэцэг

565
0

Blindcare апп сэтгэл судлаачдаа танилцуулахаар “Сэтгэл судлаачтай ярилцъя” буланг дахин эхлүүллээ. Ингээд анхны дугаарын зочноор сэтгэл зүйч Батсүхийн Батцэцэг уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2012-2016 онд МУИС-д Сэтгэл судлаач мэргэжлээр Баклавар
  • 2018-2019 онд МУИС-д Ажил мэргэжил судлалаар Магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2016-2019 онд Монголын СОС Хүүхдийн Хотхон ОУБ-т буюу хүүхэд хамгааллын байгууллагад хүүхдийн сэтгэл зүйч
  • 2019-2020 онд МУИС Ажил мэргэжил судлал төслийн ажилтан
  • 2022-2023 онд Байгууллагын сэтгэл судлаач, сургалтын мэргэжилтэн 
  • 2023-одоог Боловсролын сэтгэл зүйч

Таны мэргэжлийн онцлог, давуу тал

Би 2016 оноос эхлээд “Хүүхдийн сэтгэл судлал” гэх салбар шинжлэх ухааныг сонирхож судалж, үүгээр мэргэшхээр хичээж яваа мэргэжилтэн. Ажлын салбаруудаа өөрчилж туршлага хуримтлуулж байсан ч “Хүүхдийн сэтгэл судлал”-н салбараа огт орхиогүй юм. 

Миний ажлын онцлог гэвэл “хүүхэд”. Би өдөр тутамдаа 13 хүртлэх насны хүүхдүүдтэй ажилладаг. Тэдэнтэй уулзаж, ярилцах бүрт өөрийн өөрийн онцлогтой, өвөрмөц ертөнцтэй, томчуудын нүдээр жоохон гэж дүгнэх ч “дотроо ямар хэрсүү, ухаалаг, гайхалтай” юм бэ? гэсэн мэдрэмжийг өдөр бүр мэдэрдэг. Тэднээсээ ч сурах зүйл ихтэй. Нөхцөлгүйгээр хайрлах, хуваалцах зэргийг хүүхдүүдээсээ суралцсаар байна. Мөн хүүхдийн сэтгэл судлаач гэхээр “ЗӨВХӨН ХҮҮХЭД”-тэй ажилладаг гэж боддог хүмүүс их. Гэтэл миний ажлын 50 хувь нь хүүхэд, үлдсэн 50 хувь тэдний гэр бүл, асран халамжлагч нартай ажиллах байдаг. Практик дээр хүүхэд-асран халамжлагч 2 зураасны наана цаана гарчихаад хоорондоо тулалдсаар байдаг. Аав ээжүүдэд хүүхдийнхээ талд зогсох асуудлын эсрэг хамтдаа хичээхэд л чиглүүлж өгөх нь миний гол зорилго.

Таны ажлын төлөвлөгөө

Одоогоор миний гол анхааран ажиллаж байгаа зүйл гэвэл “өөрийн мэдрэмжээ ойлгох, хүлээн зөвшөөрөхөд” туслах Feeling Diary-н ажлууд байна. Сүүлийн үед сэтгэлзүйчийн тусламж үйлчилгээг авах нь ямар чухал болохыг аав ээжүүд ойлгож байгаа хэдий ч хүртээмж хангалтгүй байна. Иймд нийгэм-сэтгэл хөдлөлийн чадамжуудыг эзэмшихэд туслах дасгал, өөртэйгөө ажиллах арга зүйг багтаасан Journal боловсруулсан.

Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил

Миний хувьд Танин мэдэхүйн сэтгэл судлалын арга зүй, арга техникийг судалж үүгээрээ мэргэших зорилготой байдаг. Анх мета сэтгэл хөдлөлийн талаарх судалгаануудыг хийж байсан. Хүүхэд эцэг эхийн сэтгэл хөдлөлийн хоорондын хамаарлыг судалж байсан гэсэн үг юм. Аав ээж нь сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж, илэрхийлдэг эсэхээс хамаарч хүүхэд сэтгэл хөдлөлийг ялган таньж, ойлгодог эсэхийг судалсан.

Миний монголд хийсэн судалгааны үр дүнгээс харахад “ Аав сэтгэл хөдлөлөө их илэрхийлэх тусам хүүхдийн сэтгэл хөдлөлийг ялган таних чадвар буурч байсан”. 2016 онд хийсэн шүү дээ. Одоо би “Яагаад аав мэдрэмжээ илэрхийлэх тусам хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар буураад байгаа вэ?” гэдгийг судлахаар зорьж байна. Магадгүй “Аав сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх мэдлэг багатайгаас түрэмгий байдлаар илэрхийлээд байна уу?” г.м. Асуултын хариултыг олохоор зорьж байгаа.

Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Өдөрт яг 8 цаг ажилладаг. Боловсролын сэтгэл зүйчийн хувьд хүүхдүүддээ SEEL хичээлээ заана. Ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, асран халамжлагч нартай уулзалт хийх г.м ажлыг өдөр тутамдаа хийнэ. Мөн хажуугаар нь аав ээжүүдэд хүүхдийн сэтгэл зүйн талаар шинжлэх ухаанч сүүлийн үеийн судалгааг уншиж мэдээлэл хүргэдэг.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг

07:30-14:00 цаг миний ажлын хамгийн идэвхтэй цаг байдаг. 18 цагаас хойш гэр бүлдээ зарцуулах цаг байдаг. Магадгүй яаралтай ажлыг 22 цагаас хойш амжуулдаг юм байна.

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Амралтын өдрөө ихэвчлэн гэр бүлдээ болон өөртөө цаг  зарцуулдаг. Ажлын өдрүүдэд хүүхдэдээ гэр бүлдээ хангалттай анхаарал хандуулж чаддагүй учраас амралтын өдрөөр үүнийгээ нөхөхийг хичээдэг. Өөртөө зориулах цагийн хувьд мэргэжлийн сургалтад хамрагддаг, MommyDiary хуудсаа хөтлөх мэдээллээ бэлддэг, ууланд гарчихдаг юм байна.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Өдөрт 1 цагийг яг гараас гаргая гэсэн зүйлдээ зарцуулдаг. Их ч биш бага ч биш 1 цаг. Ажлын өдрүүд маань ихэвчлэн төлөвлөгөөний дагуу явагддаг учраас гэнэтийн ажлууд бага гарна. Дараа 7 хоногийн ажлаа өмнөх 7 хоногт нь төлөвлөөд бэлддэг. Цаг нь тулсан ажил стресс үүсгээд байдаг учраас бага багаар тогтмол хийхийг хичээдэг. Гэхдээ заримдаа овооруулж байгаад 1 өдөр ч хийх тохиолдол бий. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах тал дээр нилээн ач холбогдол өгдөг. Гэртээ очоод хүүхдээ унтах хүртэл огт ажил ярьдаггүй бас хийдэггүй.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага

Хүүхдийн сэтгэл судлаач учраас хүмүүсийн хүлээлт надад болон гэр бүлд маань их байдаг юм шиг санагддаг. Ээж нь сэтгэл судлаач байхад охин нь уурладаг юм байна штээ гэдэг хүмүүстээ ч таарч байсан. Миний амьдралын зарчим их энгийн. Одоо цагтаа төвлөрч ажиллаж, амьдрах гэж хичээдэг. Давалгааг хаашаа салхилахыг шийдэж чадахгүй ч Даруулаа хаашаа чиглүүлэхээ шийдэж чадна гэдэг үгийг хэцүү үедээ боддог юм байна. Амьдралдаа хандах хандлагын хувьд өөдрөг ч биш, гутранги ч биш прагматик байдлаар хандах гэж хичээдэг.

Ирээдүйд таны амьдралд гарах таван өөрчлөлт

Сурах зүйл, хуримтлуулах мэдлэг их байна. Яг хүүхдийн сэтгэл судлаачаараа илүү арга зүйтэй болохыг хичээж байгаа. Ирээдүйд илүү мэргэжлийн хувьд төгөлдөршиж, залуу мэргэжилтнүүддээ туршлагаа хуваалцах хэмжээний мэргэжилтэн болж хөгжсөн байна байх.

blindcare апп дээрх зөвлөгөөний хэсгээс

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

Хүүхдийн сэтгэл судлаачийн хувьд “ Би хүүхдээ юугаар ч дутаагаагүй, гэтэл хүүхэд маань ийм байна гэж хэлэхийг олон сонссон. Та гэдэс цатгалан, мөр бүтэн л байхад анхаараад байснаас сэтгэлзүйн хувьд хэр бүтэн бэ? Хэр дүүрэн бэ? гэдэгт анхааралгүй явсан байж магадгүй. Хүүхдийнхээ ойлгогдох, хайрлагдах, хүлээн зөвшөөрөх хэрэгцээг хангах дээр хүчин чармайлт гаргаарай. Мөн хүүхдэдээ итгээрэй. Тэдэнд таны төсөөлснөөс ч илүү хүч чадал байдаг. Ямар ч нөхцөлгүйгээр буюу “Чи онц сурдаг учраас” биш “Чи миний хүү учраас” хайртай гэдгээ ойлгуулж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.

Баримталдаг зарчим

Ярилцах, өөрийн мэдрэмжээ даралгүйгээр илэрхийлэх юм байна. Бүхий л харилцаанд энэ зарчмыг баримталдаг. Мэдрэмжээ илэрхийлэх гэхээр хүчтэй, муугаар гэсэн үг биш хүчтэй мэдрэмжүүдийг ч зөвөөр илэрхийлэхийг хичээдэг. Миний үнэт зүйлсийн 1 нь “миний нэр хүнд” байдаг. Тиймээс шударга, үнэн, өөрийнхөөрөө байхыг чухалчилдаг.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Намайг яг байгаагаар минь хүлээн зөвшөөрч, ойлгож байна гэдэг мэдрэмж их чухал. Энэ мэдрэмжийг өдөр бүр өгдөг хүмүүс маань хажууд маань байдаг болохоор сэтгэл хангалуун байдаг. Нөгөөтэйгээр өөртөө “Enough” гэж хэлэх дуртай.

Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж

Хэцүү санагдаж орхимоор байсан ч гүрийгээд даваад гарах, гомдол төрөөд байх үед тэврээд тайтгаруулах, хүнд өдрийн дараах охины маань тэврэлт, ямар ч нөхцөлгүйгээр би л болохоор намайг хайрладаг гэдгийг мэдрэх хамгийн сайхан.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Би ном бичихийг хүсдэг. 2020 оноос хойш ийм мөрөөдөл гэх үү, зорилго гэх үү байнга боддог зүйл маань юм байна.

Сүүлийн жилүүдэд Сэтгэл судлаачид мэргэжилтнүүд нэмэгдэж байгаад баяртай байдаг. Их дээд сургуульд мэргэжлээрээ цагийн багш хийж байх үедээ оюутнуудыг хараад бахархаж байсан. Миний хувьд олон нийтэд сэтгэлзүйн боловсрол мэдээлэл хүргэх олон мэргэжилтнүүд бий болоосой гэж хүсдэг.

Бусдад байнга хэлдэг үг

Чи хичээж байгаа, Чи хангалттай сайн, Чадахгүй байж болно хамтдаа хийгээд үзье гэх үгнүүдийг өдөр тутамдаа тогтмол хэлдэг.

Уншиж буй ном

Одоогоор Жан-Поль Сартр-ын Үг туужыг уншиж байна. Ажлын ширээн дээр маань Мишэль Дө Монтэнь сонгомол эсээнүүд ном үргэлж байдаг. Тархиа амраах хэрэгтэй болох үедээ 1 эсээ унших дуртай.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд

Хүүхдийн хувьд амьдралыг харах өнцөг нь байгаль, нийгмийн орчинтой хамааралтай байх. Гэхдээ туйлын эерэг, сөрөг хандлагатай хүн гэж байхгүй шүү дээ. Аль нь давамгайлж байна гэдгээр тодорхойлох байх. Заримдаа бүх зүйлийн эерэг талд анхаардаг байхад, зарим өдрүүдэд эерэг талд огт төвлөрч чаддаггүй. Яг л давалгаа шиг эсрэг тэсрэг талууд хоршиж байдаг гэж боддог. Сэтгэл хөдлөл ч гэсэн яг л үүнтэй ижил хүчтэй мэдрэгдээд намждаг гэдгийг их тайлбарлаж ойлгуулах гэж хичээдэг. Энийг ойлгоогүйгээс хүүхдүүд би угаасаа ууртай, би ийм л сөрөг хандлагатай хүн г.м өөрийгөө хатуу тодорхойлчихдог. Энэ нь тийм биш шүү дээ.

Монголын нийгэмд сэтгэл судлаачид ямар байр суурьтай байна вэ?

Сүүлийн жилүүдэд Сэтгэл судлаачид мэргэжилтнүүд нэмэгдэж байгаад баяртай байдаг. Их дээд сургуульд мэргэжлээрээ цагийн багш хийж байх үедээ оюутнуудыг хараад бахархаж байсан. Миний хувьд олон нийтэд сэтгэлзүйн боловсрол мэдээлэл хүргэх олон мэргэжилтнүүд бий болоосой гэж хүсдэг. Хүмүүс олон эх сурвалжаас мэдээлэл авч сэтгэлзүйдээ анхаарч байх л хэрэгтэй. Харин мэргэжилтнүүд маань бие биенээ дэмждэг нээлттэй сүлжээг бий болгоосой. Мөн мэргэжлийн ёсзүйгээ баримталж мэргэжилтний хувьд хөгжиж, шинжлэх ухаанч байдлаар хандаж ялгарч байгаасай л гэж хүсдэг дээ.

Blindcare апп таны ажил мэргэжилд ямар эерэг нөлөөллийг бий болгож байгаа вэ?

Blindcare сэтгэлзүйн тусламж дэмжлэгийг хүртээмжтэй болгоход томоохон хувь нэмэр оруулж байгаа. Хаанаас ч, хэзээ ч мэргэжлийн сэтгэлзүйчийн тусламжийг авах боломжтой болсон нь үнэхээр талархмаар байдаг. Миний хувьд бас Blindcare мэргэжилтэн. Мэргэжилтнээр бүртгүүлэхэд мэргэжлийн шаардлага хангасан эсэхийг нягталж байж бүртгэдэг. Энэ нь чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд нөлөөлж байгаа гэж боддог. Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалцах нь өөрөө сэтгэлзүйн тогтвортой байдалд чухал нөлөөтэй шүү дээ.

Ярилцлага өгсөнд баярлалаа.


Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *