Минимализм уу? Obsessive-Compulsive Decluttering буюу “Хаях дон” уу?

252
0

Хог новш цуглуулахгүй минималистаар амьдрах нь амар тайван амьдралын эхлэл юм аа гэдэг сайхан ойлголт Японы нэгэн номны зохиолч, эмх цэгцийн хатан хаанаас эхлэлтэй ойлголт дэлхийг сэрээлээ, их ч хүмүүсийг хогноос нь салгаж сэтгэлийг нь тайвшрууллаа, их үр дүнтэй ч байсан байх. Энэ минимализм гэгчээс улбаалаад айлд очиж 10 20 жил хураасан хогноос нь салгаж өгөх бизнесийн төрөл бүрийн үйлчилгээ ч их газар авах шиг боллоо. 

За тэгтэл минимализм гэх ойлголтоор халхлагдсан нэгэн сэтгэл зүйн асуудал яригдаж эхэлсэн нь юу байв гэхээр Obsessive-Compulsive Decluttering буюу “Хаях дон”. Минималистаар амьдрахаар шийдсээн гээд л хамаг гэр доторх эд зүйлээ хаячихна, хүүхдийнхээ тоглоомнуудыг хаячихна, нөхрийнхөө хобби цуглуулганы пянз диск, ном гэх мэтчлэн БҮГДИЙГ хаячихдаг. Эндээс эхлээд л асуудал үүсч байгаа юм. 

Минимализм гэдэг нь өөрт хэрэгтэй зүйлсээ, надад аз жаргал авчирдаг эд зүйлсээ авч үлдэн, байгаа зүйлсээ эмх цэгцтэй, аз жаргалтай, амар тайван амьдрах ойлголт. Харин эсрэгээрээ ХАЯХ ДОН нь хэрэгтэй, хэрэггүй бүх эд зүйл, хувцас хунар, тавилга хэрэгслээ зүгээр л ХАЯХ, бусдад өгдөг сэтгэл зүйн эмгэг ба бидний мэдэх OCD-ийн нэг төрлийн эмгэг юм. 

Obsessive-Compulsive Decluttering disorder-той хүмүүс нь өөрийн эдэлж хэрэглэдэг эд хэрэглэл, хувцас, гоёл чимэглэл, ном дэвтэр, тэр ч бүү хэл гэр бүл, хамт амьдрагсдынхаа эд зүйлсийг хүртэл хаяхад хүрдэг бөгөөд үүний үр дүнд дараах хохирлуудыг амсах магадлалтай. 

1. Санхүүгийн бэрхшээл

Энэ хувцаснууд зай эзлээд, арзайж харагдаад тухгүй байна, энэ цамцыг хаячихъя гээд хаялаа, Дараа нь удалгүй надад цагаан светрэн цамц хэрэгтэй боллоо гээд дахиад л дэлгүүрээс худалдаж авах хэрэг гарна. Дэмий үргүй зардал гаргах нь нэмэгдэж, энэ нь яваандаа том хэмжээний санхүүгийн асуудалд хүргэнэ. 

2. Сэтгэл зүйн тогтворгүй байдал

Нүдэнд нь нэг л зүйл илүү харагдах, гэрт нь 1 л зүйл нэмэгдэх үед түүнийг харахдаа бухимдаж, гаргаж хаямаар санагдан, амьдарч буй орчиндоо дургүй болох, хол орхиж явмаар санагдаж давчдана. 

3. Гэр бүл, ойр тойрныхонтойгоо үл ойлголцох

Эхнэр, нөхөр, хүүхдүүд, аав ээжийнхээ эд зүйлсийг дур мэдэн хаях, зарж үрэх, гэрт байх ёстой эд хэрэглэл, тавилга зэрэг үгүй болсоноор хоорондын асуудал ярвигтай болж эхэлнэ. 

Дээр дурьдсанчлан гарч болох сөрөг үр дүнгүүд дээр нэмээд өөр асуудлууд ч бас гарч болно. 

Шалтгаан: 

Энэ төрлийн сэтгэл зүйн эмгэгийн суурь шалтгаан нь стресс, түгшүүр юм. Ямар нэгэн түгшүүр стрессийн байдалтай удаан явсанаар энэ төрлийн эмгэг бий болох эхлэл тавигдах шалтгаан болох бөгөөд тухайн хүн эд зүйлсээ хаяж, цэвэрхэн мэдрэмж авсанаараа стресс түгшүүрийн байдлаа түр ч болов мартаж чаддаг байх боломжтой юм. 

Давж гарах арга зам:

1. Checklist гаргах

Цэвэрхэн орчинд, эд зүйл багатай амьдрах нь мэдээж гоё. Ямар их амар амгалан байх вэ. Гэхдээ аливаа эд зүйлсээ хаяхдаа бодолтойгоор цэгцэлж байж хаях хэрэгтэй. Долоо хоногт нэг өдөр их цэвэрлэгээ хийдэг болох, тэгэхдээ хаямаар байгаа зүйлсээ цаасан дээр бичиж байгаад дахин нэг удаа бодож үзээд хаях эсэхээ шийдэх. 7 хэмжиж 1 огтол гэдэг шиг. 

2. Бодлоготой худалдан авалт хийх

Овоо босгоогүй бол шаазгай юу дээр суух билээ гэдэгчлэн овоог босгохдоо сайн бодож шийдвэр гаргадаг байх. Жишээ нь дэлгүүр хэсэхдээ хэрэгтэй хэрэггүй зүйлс авахгүй байх. Хувцасны шүүгээнд юу юу байгаагаа мэдэхгүй дахин аваад л байвал хаях зүйлс чинь нэмэгдээд л, дэмий салхинд хийсгэх мөнгө тань нэмэгдээд л байх нь байна. Мөн хэрэгтэй зүйлсээ сайн бодож төлөвлөж байгаад худалдан авалт хийхдээ хэсэгтээ хаях бодол төрөхөөргүй, чанартай, яг санаандаа нийцсэн эд зүйлээ авах. 

3. Зарах

Энэ төрлийн эмгэгтэй зарим хүмүүс нь зарах гэж бас хугацаа шаардана, хүлээх өдрүүдэд гэртээ байгааг нь харж тэсэхгүй гээд шууд л гаргаад хаях юм уу, авъя гэсэн нэгэнд нь өгөөд явуулчихдаг. Хаямаар байвал ядаж багахан ч болов үнээр хуучин барааны сайт дээр тавьж зарах, хүн хэрэглэж болохооргүй үйрээд будаа болчихоогүй л бол. 

4. Сэтгэл зүйч, сэтгэл засалч мэргэжлийн хүнд хандах

Ер нь бүх л асуудлын үед өөрөө аргаа олох гэж унаж бүдчиж явахын оронд мэргэжлийн хүнээс л тусламж, зөвлөгөөгөө аваад явчих нь цаг, бие сэтгэл, санхүүд ч хэмнэлттэй юм шүү. 

Хааяа нэг өглөө босоод шкафнаасаа хальж асгарсан их загварлаг хувцастай болоод өглөө гарахдаа нэг хувцас өмсөж ажилдаа яваад, орой гэртээ ирж хувцасаа сольж өмсөн уулзалтанд яваад, инстаграмын одууд шиг ганган болмоор ч юм шиг санагддаг л юм, гэхдээ энэ бодол нь 10 секунд л үргэлжилнэ ккк. Угийн дэлгүүр хэсэх дургүй, жижиг сажиг хүүхэлдэй бамбарууш, хэрэгтэй хэрэггүй жижиг сажиг зүйлс гэртээ байлгахдаа тухгүйтээд байдаг, гэхдээ хэрэгтэй зүйлсээ бол яаж ч зай эзэлсэн бай байлгадаг төрлийн “минималист” би бээр нь “Ийм дисордер нээрээ байдаг ш дээ, та нар арай өөрийгөө ийм дисордертайгаа мэдэхгүй “Би минималист” гээд л яваад байгаа юм биш биз дээ” гээд сануулах гээд л биччихлээ.  


Аззаяа
WRITTEN BY

Аззаяа

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *