Хүүхдийн айдсын тухай

223
0

Хүүхэд айдастай байх нь хэвийн үү?

Хүүхэд ямар нэгэн зүйлээс айх нь хэвийн бөгөөд түр зуурын шинжтэй байдаг. Айдас нь хүүхэд болгоомжтой байхад туслах ба өсөж томрохын хэрээр багасаж өөрчлөгддөг. Хүүхэд айх нь танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хөгжил хэвийн явагдаж, хүрээлэн буй орчноо гүнзгий судалж, бие даасан байдал нь нэмэгдэж, аюултай болон аюулгүй, эрсдэлтэй зэрэг ойлголыг мэддэг болж байгааг илэрхийлдэг.

Хүүхдийн хэвийн айдас гэж юу вэ?

0-12 сар (Танил биш шинэ зүйлсээс айдаг)

Танихгүй царай, шинэ орчин, чанга чимээ, нохой, том машин гэх мэт шинэ бүхэн айдас үүсгэдэг.

12-24 сар (Тусдаа байхаас айдаг)

Аав ээжээсээ холдох, цэцэрлэгт явах, өдөр өнжүүлэхэд үлдэх гэх мэт түгшүүрийг үүсгэдэг.

3-6 нас (Төсөөллийн айдас)

Энэ насанд төсөөлөл чадвар нь эрчимтэй хөгжиж эхэлдэг. Төсөөллийнөө юу нь бодитой, юу нь бодит биш болохыг мэддэггүй. Тэдний хувьд төсөөллийн мангас нь бодит бөгөөд орны доор эсвэл шүүгээнд нуугдаж байгаа гэж боддог.

7-оос дээш нас (Бодит айдас)

Төсөөлөл нь жинхэнэ биш гэдгийг ойлгодог учир бодит зүйлээс айдаг. Орон доорх мангасаас биш “Танихгүй этгээд” орж ирэхээс, байгалийн гамшиг тохиолдохоос, хайртай хүмүүс нь нас барахаас айдаг.

Хэвийн биш айдаг гэж юу вэ?

Эдгээр шинж илэрч байвал мэргэжилтний туслалцаа аваарай. Учир нь хүүхдийн айдас нь эмгэг айдас (фобия) байж болзошгүй. Энэ нь сэтгэл түгших эмгэгийн нэг төрөл юм.

Хүүхдийн нийгмийн болон гэр бүл, өдөр тутмын амьдралд саад болох, байнга хүчтэй илрэх

Жишээ нь: Сургуулийн зугаалгаар очих газарт нохой байж магадгүй учир явахаа болих

Бие махбодийн хүчтэй хариу урвал илрэх

Жишээ нь: Толгой өвдөх, амьсгал давхцах, ухаан алдах гэх мэт

Айдас улам бүр нэмэгдэх

Нас ахихын хэрээр хүүхдийн айдас өөрчлөгдөж, багасаж байдаг. Энэ үйл явц эсрэгээрээ нэмэгдэж байвал эмгэг айдас үүсэж байх эрсдэлтэй.

Нойрны асуудалтай болох

Жишээ нь: Шөнө дунд хар дарах. Энэ үзэгдэл ойр ойрхон давтагдах.

Хүүхэддээ хэрхэн туслах вэ?

1. Айдсынх талаар ярилцах

Хүүхэд юунаас айж байгаагаа сайн мэддэг ч “Яагаад” айгаад байгаагаа тодорхой хэлж чаддаггүй. Тиймээс ярилцаж хүүхдийнхээ айдсыг сайн ойлговол түүнд туслах арга нь тодорхой болно. Харанхуйгаас айдаг бол “Юу нь чамайг айлгасан бэ?”, “Харанхуйд чамайг цочоосон ямар нэг зүйл болсон уу?” гэх мэт асуултыг асуугаарай.

2. Хүүхэд аймар л гэсэн бол аймар

Хүүхэд өөрийнхөө айдсын талаар хэлэхэд ихэнх эцэг эхчүүд энгийн, эсвэл айх зүйл биш гэж хүлээж авдаг. Хүүхдийнхээ айдсыг хамгийн эхэнд хүлээн зөвшөөрч, мэдрэмжийг нь ойлгох нь чухал.

Жишээ нь: “Би нохойноос айж байна.”

– Айх зүйл байхгүй шүү дээ. Нохой аймар биш.

– Ихэнх хүүхэд нохойноос айдаг гэдгийг аав, ээж нь мэднэ ээ. Аав, ээж нь бас багадаа нохойноос айдаг байсан.

3. Төлөвлөгөө гарга

Хүүхэдтэйгээ хамт төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлээрэй.

Жишээ нь: “Харанхуйгаас айдаг бол”

Өдөр 1 – Хамт ном уншаад, унтах хүртэл нь хажууд нь суух

Өдөр 2 – Оройн уншлага хийгээд, өрөөнийх нь хаалгыг нээлттэй үлдээж, гадаа нь унтах хүртэл нь хүлээж суух

Өдөр 3 – Дээрх үйлдлийг давтана. Гэхдээ өрөөнийх нь хаалгыг хаагаарай.

4. Урам өгч, тэвчээртэй байх

Өөртөө болон хүүхэддээ хугацаа өгч, тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг л удаагийн үйлдлээр хүүхдийнхээ айдсыг өөрчлөх боломжгүй. Хүүхдийнхээ жинхэнэ өөрчлөлтөнд урам өгч бэхжүүлээрэй.

Хүүхэд зориудаар айдас үүсгэх боломжтой юу?

Дээрх хариултыг 1920-оод онд сэтгэл судлаач, бихевиорист J.Watson “Little Albert” туршилтаараа баталжээ. 11 сартай Алберт хүүг цагаан өнгийн эд зүйлс, харх, үслэг зүйлээс айдаг болгоход “Хүүг хархыг сонирхон харж байхад нь чанга чимээ гаргах” энэ үйлдлийг долоон удаа давтахад л хангалттай байв.

Туршилтаас үзэхэд бидний бодолгүй хэлсэн “Үгэнд орохгүй бол мангаст өгчихнө шүү” гэх мэт үгс, үйлдэл нь хүүхдэд айдас үүсгэх боломжтой байх нь ээ.


Эх сурвалж:

  • www.verywelfamily.com/how-to-soothe-your-toddler-s-fears-5180278
  • www.childmind.org/article/help-children-manage-fears
  • www.simplypsychology.org/little-albert.html
Батцэцэг
WRITTEN BY

Батцэцэг

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *