Хөвгүүд мэдрэмжээ илэрхийлэх эрхтэй

175
0

Та “Хөвгүүд уйлдаггүй юм”, “Эр хүн байж охин шиг” гэх мэт үгнүүдийг хаа нэгтээ сонсож байсан уу?

Ийм маягаар бид хүүхэддээ уйлах, сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг нь бүрэн олгодоггүй. Эцэг эхчүүд эрэгтэй хүүхэд уурлаж болно. Харин уйлж болохгүй гэж үздэгийг судалгаагаар тогтоожээ.

Ийм хандлага нь хөвгүүдийг өөрийгөө ойлгохгүй байх, сөрөг сэтгэл хөдлөлөө түрэмгий байдлаар эсвэл огт илэрхийлэхгүй байхад хүргэдэг байна.

Тиймээс танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Уйлж буй бяцхан хөвгүүдийг шоолохын оронд аргадсан бол олон эрчүүд өөрсдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, уур бухимдлаар илэрхийлэх гэж хүчлэхгүй байх байсан.

Лелиа Шот

Ярилцах

Аав ээжүүд хүүтэйгээ өөрийн болон түүний сэтгэл хөдлөлийн талаар ярилцах хэрэгтэй. Өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцах нь ямар чухал гэдгийг ойлгуулаарай. Хөвгүүд үе тэнгийнхнийхээ дунд өөрийн мэдрэмжээ илэрхийлснийхээ хариуд шоглуулах тохиолдол байдаг. Иймд ядаж гэр бүлийнхээ орчинд өөрийн мэдрэмжээ нуулгүй ил гаргахад нь туслаарай.

“Хөвгүүд уйлдаггүй. Эрэгтэй юм байж битгий уйл. Чамайг уйлвал хүмүүс шоолно шүү.” гэх мэт үгсийг хүүдээ хэлэхээс татгалзаарай. Өөрийн мэдрэмжээ нуух биш түүнийгээ ойлгож, зөвөөр илэрхийлэх нь супер хүч гэдгийг ойлгуулаарай.

Сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй танилцуулах

Хүүхэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгохын тулд тэднийг ялгаж мэддэг байх хэрэгтэй. Тодорхой нөхцөл байдлыг жишээ татаж, энэ үед түүнд ямар мэдрэмж төрдөг талаар ярилцаарай.

Мэдрэмжинд хүйс байдаггүй бөгөөд хүн бүр чамтай адилхан мэдэрдэг, энэ нь ичмээр зүйл биш гэдгийг хэлээрэй.

Ном унших

Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн талаарх номыг хамтдаа уншиж, гол дүрийн баатрын оронд байсан бол яах байсан талаар ярилцаарай. Энэ нь нэг талаас хүүхдийнхээ эмпатиг (бусдын оронд өөрийгөө тавих, бусдыг ойлгох чадвар) сайжруулахад тусална.

Мэдрэмжээ мэдрэхэд нь тусал

Сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдрэх боломжийг олгоорой. Бид хүүхэд маань унаад хөлөө шалбалахад юун түрүүнд уйлахыг нь болиулахыг хичээдэг. Үүний оронд “Өвдөж байна уу? Ээж нь чамайг ойлгож байна. Дараагийн удаа хоёулаа хамтдаа болгоомжтой тоглоё. Тайвширтлаа уйлчих.” гэж хэлээрэй.


Батцэцэг
WRITTEN BY

Батцэцэг

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *