Хүүхдэдээ хайраа мэдрүүлэх үгс

309
0

Та хүүхдэдээ хэр их сайхан үгсийг хэлдэг вэ? “Мундаг шүү”, “Сайн байна” гээд л таны магтаалын үгс дуусчихдаг бол энэ нийтлэлээрээ хүүхдэдээ өдөр болгон хэлж хайраа мэдрүүлж байх амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй үгсийг хүргэж байна. Хүүхдүүд эцэг эхээсээ хайрын илэрхийллийг үйлдлээс нь мэдэрч, үгээр нь сонсохыг хүсдэг юм шүү. Зөвхөн хүүхдэдээ гэлтгүй гэр бүлийнхээ гишүүдэд, хайртай хүндээ эдгээр үгсийг хэлж хэвшээрэй. Үр дүнд нь амьдралд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарах болно. 

  1. Би чамд хайртай

Хамгийн энгийн хэрнээ хүчтэй хайраа илэрхийлэх дээрх үгсийг өдөр тутамдаа хүүхдэдээ эхнэртээ, нөхөртөө, гэр бүлийнхэндээ хэлж байгаарай. Хүүхдэдээ бусдын хайрыг татсан, үнэ цэнэтэй хүн гэдгийг нь мэдрүүлэхийн тулд өдөр бүр хэлж байгаарай.

  1. Чи бол чухал хүн

Хүүхэд бүр аав ээждээ хамгийн чухал хүн нь байдаг учраас чи минь ч гэсэн гэр бүлдээ аав ээждээ чухал хүн шүү гэж хэлж байх. Хүүхдийн өөртөө итгэх итгэлд ч мөн нөлөөлөх болно.

  1. Би чамаар бахархаж байна

Хүүхдүүд эцэг эхийнхээ өөрөөр нь бахархаж байхыг сонсохыг хүсдэг. Тиймээс хүүхдийнхээ ахиц дэвшилийг анзаарч, хичээл зүтгэлийг нь магтах зэргээр  тэдэнд энэ талаар нь хэлэх цаг гаргаж байгаарай. 

  1. Чамайг харсандаа баяртай байна

Хичээлд нь хүргэж өгөөд авахдаа, орой уулзахдаа, өвөө эмээгийнхээс нь авахдаа гээд хэсэг хол байгаад эргэж уулзахдаа хэлж байгаарай. 

  1. Чамайг байгаад би үнэхээр талархаж байна

Та хүүхдэдээ хайртай гэдгээ мэдрүүлэхийн тулд эдгээр үгсийг хэлэх боломжийг битгий алдаарай. Талархлын мэдрэмж нь таны аз жаргалын түвшинг дээшлүүлж, харилцан халамжлах зан үйлийн эерэг тойргыг бий болгох болно. 

  1. Би чиний ээж (аав) байх дуртай

Бид эцэг эх байх нь хэцүү гэж гомдоллох үе нэг бус удаа гардаг ч энэ сорилтонд дуртай байгаагаа хүүхдэдээ илэрхийлж байгаарай. Хүүхдүүд бидний амьдралд баяр баясгалан авчирдаг гэдгээ мэдэх хэрэгтэй. 

  1. Би чамтай хамт цагийг өнгөрөөх дуртай

Чамтай хамт ямар нэгэн зүйл шинээр хийх суралцах, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь надад таалагддаг гэдгээ илэрхийлж байгаарай. 

  1. Би чамд итгэж байна

Итгэлцэл гэдэг бүхий л төрлийн харилцаанд хамгийн чухал холбоо, бат бөх байдлыг бий болгож байдаг. Та хүүхдэдээ итгэдэг ч  гэсэн би чамд итгэдэг гэдгээ үгээрээ үргэлж хэлж байгаарай. Итгэл харилцаанд дотно холболтыг бий болгож, холболт нь хамтын ажиллагаанд хүргэдэг тул хүүхэд тань дараа нь буруу зүйл хийсэн ч гэсэн таниас айж эмээлгүй харин тусламж хүсэх, итгэж очих хүн нь та байх болно.

  1. Чи үүнийг хийж чадна

Хүүхэд гэлтгүй хүн бүр л энэ үгийг сонсохыг хүсдэг. Хүүхдийнхээ ур чадварыг хөгжүүлэхэд нь туслах, өсөх сэтгэлгээнд сургах нь эцэг эхчүүдийн зайлшгүй хийх зүйлсийн нэг билээ. Энэ чадварыг бий болгохын тулд хүүхдэдээ итгэж, бэрхшээл тулгарахад нь тэвчээртэй байж, урамшуулсан үгс хэлэхээс эхлэх болно. 

  1. Алдаа гаргах нь зүгээр

Хүн бүр алдаа гаргадаг. Бид энэ талаар мэддэг ч хүүхдээ илүү амжилттай сайн байгаасаа гэсэн хүсэл нь үүнийг мартуулж хүүхдээ алдаа гаргахад нь зэмлэх, загинах, урам хугаралтаа илт харуулах зэргээр алдаа бол байж боломгүй зүйл мэт ойлголтыг хүүхдэдээ өгч байдаг. Мундаг байвал чи бол сайн хүүхэд аав ээж нь чамайг хайрлаж магтах болно бус. алдаа гаргах нь зүгээр төдийгүй чамайг алдсан ч аав ээж нь чамд хайртай байсаар л байна гэдгийг ойлгуулаарай.


Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *