Хүүхдийн хэл ярианы хөгжил 0-8 нас

2275
0

Хүүхдийн хэл ярианы хөгжил нь танин мэдэхүй, нийгмийн, бичиг үсгийн зэрэг бусад хөгжлийн олон талуудыг дэмжиж байдаг. Та хүүхэдтэйгээ идэвхтэй харилцан ярилцаснаар хэл ярианы хөгжлийг дэмжиж чадна. Ярилцахдаа хүүхдийнхээ нүд рүү харж аль болох нүдэн харилцааг үүсгэж байх хэрэгтэй ба энэ нь хүүхдэд би бусадтай харилцаа холбоо тогтоож харилцаж байгаа гэдгээ таньж мэдэрч эхэлдэг байна. 

Хүүхдийн хэл ярианы хөгжил нь хүүхдийн хөгжлийн үйл явцын хамгийн чухал хэсэг төдийгүй доорх чадваруудын хөгжлийг ч мөн дэмждэг байна. 

Үүнд:

  • Мэдрэмжээ илэрхийлэх, ойлгох
  • Бодож, суралцах
  • Асуудлыг шийдвэрлэх 
  • Бусадтай харилцаа холбоогоо хөгжүүлж хадгалах ба цаашлаад бичиг үсэг сурч унших чадваруудад суралцах болно.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийн эхэн үеийг хэрхэн дэмжих вэ?

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих хамгийн сайн арга бол хүүхдийнхээ сонирхож буй зүйлийнх талаар хамтдаа ярилцах, тухайн зүйлийн тайлбарлаж өгөх юм. Хамгийн гол нь янз бүрийн нөхцөл байдалд олон янзын үгсийг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: Та хүүхдэдээ хоол хийж өгөхдөө хоолныхоо орцуудын талаар ямар ногоог яаж хэрчиж болгох, хоолондоо хийх зэргээ тайлбарласнаар хүүхэд үг ямар утгатай болохыг хэрхэн ашиглах үйл явцыг ойлгох болно.Ярьж дууссаныхаа дараа түр зогсоод  хүүхдэдээ хариулах ээлж өгч байгаарай. 

Хүүхэд тань дугарч, даллаж, аливаа зүйлийг зааж эхлэх үед та хүүхдийнхээ харилцах оролдлогод хариу үйлдэл үзүүлж байх нь чухал. Хүүхэд үг хэрэглэж эхлэх үед хэлсэн зүйлийг нь давтаж түүн дээр нь тулгуурлаж бүтэн өгүүлбэрээр ярилцахыг хичээрэй. Хүүхэд тань “алим” гэж хэлбэл та “Чи улаан алим авмаар байна уу?” гэж асуух хэлбэрээр яриаг нь дэмжиж баяжуулж байгаарай. 

Хүүхэдтэйгээ хамт ном уншиж байгаарай 

Олон янзын сэдвээр ном уншиж өгч харилцан сэтгэгдлээ хуваалцах нь таны хүүхдэд олон янзаар хэрэглэгддэг үгсийг сонсох боломжийг олгодог. Номонд байгаа зүйлийг хүүхдийнхээ амьдралд болж буй үйл явдалтай холбох нь хүүхдээ ярьж сургах сайн арга юм. Жишээлбэл: “Бид өнөөдөр энэ хүүтэй адилхан тоглоомын талбай рүү явсан тиймээ. Чи тоглоомын талбай дээр юу хийх дуртай вэ?” гэх мэтээр ярилцаж, харилцан асууж номоо идэвхтэй унших нь чухал юм. 

Хүүхдийн хэл ярианы хөгжил эхний найман жилд

3 сартайгаасаа эхлээд хүүхэд дуугарч, аав ээж нь түүнтэй харилцах үед инээмсэглэж эхэлдэг. Тэд өсөж томрох тусмаа дуу чимээтэй танилцаж даллах, заах зэрэг дохио зангаагаар харьцаж эхэлнэ. Ойролцоогоор 4-6 сартайгаасаа эхлээд “ба, ма, га” гэх мэт нэг үетэй авиа гаргах бөгөөд удалгүй нэг авиагаа олон давталттайгаар “ба ба ба ” гэж хэлдэг болдог. Энэ үеэс эхлэн хүүхэд таньд тодорхой нэр авиагаар ямар нэг зүйл хэлж байгаа мэт сонсогдох боловч танигдахүйц үг шиг сонсогддоггүй. Хүүхдийн анхны утгатай үгс нь ихэсчлэн 12 сараас эхэлдэг. 

12-18 сар

Энэ насанд хүүхдүүд эхний утгатай үгээ хэлж сурдаг ба аав, ээж зэрэг үгсийг хэлдэг. Хэдэн сарын дараагаас хүүхдүүдийн үгийн сан бага багаар нэмэгдэж эхлэнэ. Таны хүүхэд өөрийнхөө хэлж чадахаасаа илүүг ойлгож байдаг тул хүүхдийнхээ хажууд ямар сэдвээр ярилцах болон үгийн сонголтондоо анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн тэд энэ үеэс “суугаарай” зэрэг энгийн зааврыг дагадаг болдог. 

18 сараас 2 нас 

Ихэнх хүүхдүүд энэ насандаа хоёр үгийг нийлүүлж богино өгүүлбэр болгож эхэлдэг. Хүүхэд таны хэлж буй зүйлийн ихэнхийн ойлгож чадах болно. Та ч мөн адил хүүхдийнхээ хэлсэн зүйлийг ойлгож чадна. Харин танихгүй хүмүүсийн хувьд хүүхдийн хэлсэн зүйлийн тэр бүр ойлгохгүй тохиолдлууд гардаг нь та хүүхдийнхээ дохио зангаа сэтгэл санааны байдлыг илүү сайн мэдэрдэг тул ямар үед ямархуу авиагаар өөрийгөө болон хүссэн зүйлээ илэрхийлж байгааг хэдийнээ мэддэг болсон гэсэн үг. 

2-3 нас 

Энэ үед таны хүүхэд 3-4 үгтэй өгүүлбэрээр ярьдаг бөгөөд үгээ илүү тод зөв хэлэх чадвар нь сайжирч байдаг. Мөн тоглонгоо ярьж, аливаа үйлдлийг хийж байхдаа тухайн зүйлээ тайлбарлаж буй мэтээр шулганах нь ихсэж эхэлдэг.

3-5 нас

Энэ наснаас эхлэн та хүүхдийнхээ бодол санаа мэдрэмжийн талаар илүү уртаар, тодорхой ярилцаж тайлбарлаж өгөх хэрэгтэй болно. Хүүхдүүд энэ үедээ өөрийнх нь өмнө байхгүй хүмүүс, газрын талаар ч мөн ярьж асууж эхэлдэг. Жишээлбэл: “Гадаа бороо орж байна. Эмээгийн гэрт бороо орж байгаа болов уу ? ” гэх мэт.  Хүүхэд олон сэдвийн талаар ярилцахыг хүсэх бөгөөд үг яриа нь илүү дүрмийн утгын хувьд ч цэгцтэй болж эхэлдэг. Энэ насны бас нэг онцлог бол хүүхэд төсөөлсөн зүйлсээ ярьж худлаа хэлэх тохиолдлууд нэмэгддэг байна. 

5-8 нас

Сургуулийн эхний жилүүдэд хүүхэд урьд өмнөхөөсөө илүү олон үг сурч, авианууд хоорондоо хэрхэн хамтран ажилдагыг ойлгож эхэлдэг. Таны хүүхэд үгсийг нэгтгэж янз бүрийн өгүүлбэр болгож эхэлдэг. Эдгээр чадварууд нь хүүхдэд өөрийнхөө санаа бодлыг хуваалцах илүү олон боломжуудыг нээж өгдөг байна.  

Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *