Шинэ сурагчдынхаа анхаарал төвлөрөлтийг хэрхэн дэмжих вэ?

547
0

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа тул шинэ сурагч нарынхаа хичээлийг давтуулна гэдэг туршлага багатай эцэг эхчүүдийн хувьд хэцүүхэн санагдаж байж болох юм. Доорх нийтлэлийг уншихад хэдхэн минут зарцуулснаар та хүүхдийнхээ анхаарлын түвшинг мэдээд зогсохгүй хэрхэн туслах аргуудыг ч мэдэх болно.

6 настай хүүхдүүдийн хувьд тодорхой үйл ажиллагаанд анхаарал төвлөрүүлж чадах хугацаа нь 12-20 минут юм. Хүүхдийн нас нэмэгдэхийн хэрээр дээрх хугацаа жилд 2-3 минутаар нэмэгдэж байдаг байна. Харин 16 нас хүрэхэд дунджаар 32-48 минут болдог байна.

Дээрх хугацаа нэг хүүхдээс нөгөө хүүхдэд харилцан адилгүй бөгөөд зарим нь хязгаараас давж гардаг ч, зарим хүүхдүүдийн хувьд анхаарал төвлөрөлтийн хугацаа нь дундаж үзүүлэлтээс ч бага байх нь бий. Хэрвээ хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадвар дунджаас бага байгаад зогсохгүй аливаа зүйлд зориудаар анхаарал төвлөрүүлэх нь  хүүхдээс маш их хүчин чармайлт шаардагдаж байгаа бол энэ тал дээр илүү их анхаарч ажиллах,  цаашлаад мэргэжлийн хүнд хандах шаардлагатай гэдгийг анхаараарай. 

Доорх аргууд нь хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүст анхаарал төвлөрүүлэлтээ дэмжихэд туслах боломжтой юм.

Орчны нөлөө

Хүүхэд үнэхээр дуртай зүйлээ хийгээгүй л бол анхаарал нь амархан сарних боломжтой гэдгийг эцэг эхчүүд ойлгон хүлээж авах хэрэгтэй.

Хүүхдийн тань сурах, гэрийн даалгавраа хийх орчин нь аль болох цэвэрхэн, анхаарал сарниулахгүй хэрэгтэй. Үүнд хамгийн чухал нь хичээлийн ширээ орох бөгөөд зөвхөн тухайн хийж буй хичээлийн ном дэвтэр хэрэглэгдэхүүнийг л байлгах. Ингэснээр хүүхэд зөвхөн тухайн зүйлдээ төвлөрөх боломжтой болно. Математикийн даалгавраа хийхээр сууж байгаа хүүхдэд ирэх долоо хоногт орох зургийн даалгаврын дуусгаагүй зураг нь нүднийх нь өмнө харагдаж байх нь хүүхдийн анхаарлыг хүссэн хүсээгүй тухайн зүйл рүү татах болно. Мөн телевиз, чанга хөгжим, чимээ шуугиан болон анхаарал сарниулах бусад зүйлээс холдуулаарай. 

Телевиз, гар утас

Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа бол хүүхдээ зурагт үзэж байхдаа гэрийн даалгавраа хийхийг нь зөвшөөрөх эсвэл тоохгүй орхих юм. Хүүхэд хэзээ ч дуртай хүүхэлдэйн кино, нэвтрүүлгээ үзэнгээ гэрийн даалгавартаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн хичээлийн явцад мессеж уншихгүй, гар утас ашиглахгүй байхыг уриалах хэрэгтэй. 

Өдөр бүр нэг цагт

Өдөр бүр нэг цагт нэг үйлдлийг давтах нь эцэстээ зуршил болж хувирдаг. Хэрэв хүүхэд тань өдөр бүр нэг цагт гэрийн даалгавраа хийхээр суудаг бол хэсэг хугацааны дараа тархи тухайн үйлдлийг хийхийн тулд онцын хүчин чармайлт шаардахгүйгээр хийхэд бэлтгэгдсэн байх болно. Оюун ухаан ч мөн  гэрийн даалгавар хийх болсныг мэдэж суралцах хүсэл эрмэлзэлтэй байх болно.

Хангалттай биеийн тамирын дасгал хийлгэх

Хүүхдээ илүү сайн анхааралтай, удаан тогтвортой суулгаж сургахыг хүсэж буй эцэг эх нарт илүү их дасгал хийлгэхийг уриалах нь сонин санагдаж болох юм. Хичээл хийх, гэрийн даалгаврууд хооронд хүүхдэдээ бага ч гэсэн тоглох, гүйх, хөнгөхөн хөдөлгөөн дасгал хийх боломжийг олгоорой. Энэ нь нэмэлт энергийг гадагшлуулахад туслаад зогсохгүй тархины үйл ажиллагааг дэмжих болно. Ялангуяа бага ангийн сурагчдын хувьд залхуурал, уйтгартай байдлыг арилгаж анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах болно. 

Хүүхдүүддээ тоглож, хөгжилдөх цагийг ч мөн хангалттай өгөөрэй

Хүүхдэд хэтэрхий олон даалгавар өгч, олон үйл ажиллагаанд татан оролцуулах нь тэдний тархийг хэт их ачааллаж ядраах тул ачааллыг жигд хуваарилж дуртай зүйлээрээ тоглох зугаацах хангалттай цагийг олгох хэрэгтэй. 

Хангалттай нойр

Хүүхэд шөнийн цагаар хангалттай нойр аваагүй бол та хүүхдээсээ нэг их зүйлийг хүлээгээд үр дүнгүй л болов уу. Хүүхэд шөнө чанартай нойр авч байж өдрийн цагаар ядрах нь бага, анхаарал төвлөрөл ч сайн байдаг. Тогтмол цагт унтуулж хэвшээрэй. Үр дүн нь танд болон хүүхдэд тань шууд л мэдрэгдэх болно. 

Нэг цагт нэг зорилго

Аливаа үйл ажиллагааг эхлэх болон дуусах цагийг хүүхдэдээ ойлгомжтой хэлж зааж өгөх хэрэгтэй. Дээр дурдсанчлан 6-7 настай хүүхэд дунджаар 12-20 минутын турш аливаа ажилд идэвхтэй оролцох бүрэн боломжтой. Тиймээс хүүхдэдээ энэ даалгаврыг хийхэд 10 минут харин энийг дуусгахад 20 минут гэх мэтээр тодорхой цагийг зааж өгөх нь тухайн хугацаанд зорилгоо биелүүлэхийн тулд анхаарлаа илүү дайчлахад хүргэх болно. Энэ насны хүүхдүүд өөрсдийн сонирхсон зүйлдээ 30 минутын турш анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Гэсэн хэдий ч зарим хүүхдэд цагийн хязгаар тогтоох нь хэтэрхий дарамт болж санаа зовнилыг ихэсгэж анхаарлаа төвлөрүүлэхэд саад учруулж болзошгүй тул хүүхдийнхээ онцлогийг ажиглаж хараарай.

Том ажлыг жижиг ажлуудад хуваа

Нэг том даалгаврыг гүйцэтгэхийн тулд хэт их төвлөрөл, сахилга бат шаарддаг тул үүнийг жижиг ажлуудад хуваах нь зүйтэй. Жишээлбэл: тооны даалгавар бусад хичээлийн даалгаврыг бодоход хүүхдэд тань их санагдаж байвал тэнцүү бага хэсгүүдэд хувааж нэг дор бүгдийн дуусгах гэж хүчлэхгүйгээр хийлгэхийг хичээгээрэй. Хэт их олон гэсэн ойлголт нь хүүхдэд дарамттай санагддаг бол жижиг даалгавар биелүүлэхэд илүү хялбар мэт санагдаж бага эсэргүүцэл үүсэх болно.

Хувийн үлгэр жишээг үзүүл

Хэрвээ та хүүхдэдээ туслахыг хүсэж л байвал хувийн үлгэр дуурайллыг үргэлж үзүүлэх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

Эх сурвалж:

  1. https://www.successconsciousness.com
  2. https://readykids.com.au/
Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *