Дээрх асуултад та хэдэн нас ч гэж хариулсан бай эрт эхлэх тусмаа та ирээдүйд хүүхдэдээ тулгарах олон асуултуудын хариуг олоход нь туслаад зогсохгүй олон эрсдэлээс сэргийлж насанд хүрсэн үедээ зөв бэлгийн харилцаанд ороход нь бэлдэж байна гэсэн үг юм.
Хүүхэдтэйгээ бэлгийн харилцааны үнэ цэнэ, хариуцлага,сонголтын талаар нээлттэй ярилцаж бодит байдлыг хэлж өгч байх хэрэгтэй. Юу нь зөв, юу нь буруу болох талаар зөөлөн дулаанаар хөвгүүд, охидтойгоо ярилцах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд маш том эерэг алхмын эхлэлийг тавих болно.
Хэрвээ та хүүхдэдээ юу болох болохгүйг заагаагүй бол тэр бүх зүйлийг утаснаас,
телевизээс, найз нөхдөөсөө сурах болно. Хүүдээ охиндоо нэг нэгнээ хүндэтгэсэн, аз жаргалтай бэлгийн харилцааны тухай, охидыг жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх, ДОХ бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар төдийгүй хэзээ ч хэнийг ч хувийн эрх ашгийн төлөө ашиглаж болохгүй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.
Доорх зөвлөмжүүд нь та хэдэн ч насны хүүхэдтэй байсан хүүхдийнхээ ойлгох түвшинд нь ярилцахад танд туслах болно.
Биеийн хэсгүүдийн зөв нэршлийг ашиглах
Биеийн хэсгүүдийн тухай ярихдаа зөв нэрсийг ашиглах нь хамгийн чухал юм.
Жишээлбэл:
Шодой, эр бэлгийн эс, төмсөг, гадна бэлэг эрхтэн, үтрээ, умай зэрэг тогтсон зөв нэршлийг нь ашиглаж ярилцаж сурахыг хичээгээрэй. Энэ нь хүүхдэд бидний биеийн эдгээр хэсгүүд ч мөн адил бидний бие эрхтний нэг хэсэг ичмээр зүйлс биш гэсэн эрүүл бөгөөд зөв мессежийг хүүхдэд өгөхөд тустай. Хэрэв таны хүүхэд биеийн хэсгүүдээ зөв нэрлэж мэддэг бол энэ нь таньтай ярилцах болон шаардлагатай үед эмч гэх мэт хүмүүстэй биеийнхээ талаар тодорхой ярилцах боломжтой болох юм.
Ярилцлага эхлүүлэх
Зарим хүүхдүүд олон асуулт асуудаггүй тул та яриаг эхлүүлэх хэрэгтэй болж магадгүй юм. Юуны талаах ярилцах, ямар санааг хүүхдэдээ хүргэх гэж байгаагаа урьдчилан бодож, дараа нь ярилцах цагийг сонгох нь зүйтэй.
Жишээлбэл:
Хэн нэгэн зурагтаар жирэмслэлтийн талаар ярьж байгаа бол энэ зүйлийн талаар чи хэр мэдэх вэ? юу гэж бодож байна зэргээр яриаг эхлүүлэх нь зохимжтой. Зарим хүүхдүүдийн хувьд нүд нүдээ харалгүй ярих нь илүү хялбар байдаг тул машинд явж байхдаа ч ярилцахаар төлөвлөж болох юм.
Өөрийгөө бэлд
Зөвхөн өсвөр насанд хүрсэн үед нь энэ талаар ярилцах болно гэж бодох хэрэггүй. Нэг л өдөр сониуч 6 настан таниас хүүхэд хаанаас гардаг, хэрхэн бий болдог талаар асууж эхлэх болно. Энэ үед та “Хүүхэд хайраас бий болдог”, “Ээжийнхээ гэдсэнд ургадаг”, “Бурхан бий болгодог” зэрэг хариултуудаас илүү хүүхдийнхээ ойлгох хэмжээнд эрүүл мэндийн боловсролын дэмжсэн хариултыг өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхэд өсөж томрох тусам энэ сэдвийг ичмээр хаалттай зүйл мэт хүлээн авахгүй байхад чухал үүрэгтэй. Хүүхэд эхийнхээ гэдсэнд ургадаггүй харин умай гэж нэрлэгддэг биеийн доторх тусгай газар өсөж томордог зэргээр тайлбарлахыг хичээгээрэй.
Хэрэв та юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бол хүүхдэдээ асуусанд нь баярлаж байгаагаа хэлээд, хариултыг нь мэдэхгүй байгаагаа, зөв хариултыг нь мэдээд эргээд ярилцъя гэх зэргээр харилцааг түр зогсоож болох бөгөөд эргээд заавал тэр талаар ярилцах эсвэл хариултыг нь хамтдаа хайж болох юм. “Би мэдэхгүй байна”, “Хүүхэд байж ийм юм асуулаа”, “Энэ бол томчуудын яриа” зэргээр тухайн асуултыг шууд хаах нь хүүхэд тань дараа нь энэ талаар тантай ярилцах итгэлцэл бий болохгүйн дээр таниас үнэн зөв мэдээллийг авах боломжийг хаах болно.
0-2 нас
Энэ насанд хүүхэд өөрийнхөө биеийн хөдөлгөөнийг бага багаар удирдаж сурдаг ба өөрийнхөө биетэй танилцаж эхэлдэг үе юм. Усанд орох эсвэл хүүхдээ хувцаслахад үедээ биеийн хэсгүүдийнх нь нэрийг танилцуулахад тохиромжтой.
2-3 нас
Дээрх насны хүүхдүүд өөрийнхөө болон бусдын хүүхдийн биеийг маш их сонирхож танилцаж байдаг үе нь юм. Тэд өөрсдийнхөө биеийг өөр өөр хэсгүүдтэй болохыг анзаарч эхэлдэг. Таны хүүхэд биеийнхээ хэсгүүдийг энэ юу вэ гэж асуух эсвэл хамт усанд орох үедээ аав болон ээжийнхээ бэлэг эрхтнийг анзаарч сонирхож ч магадгүй юм. Таны хүүхэд асуусан ч асуугаагүй ч та хүүхдэдээ биеийн хэсэг бүр өөр өөрийн гэсэн нэртэй, хийх ёстой ажилтай гэдгийг зааж өгөх хэрэгтэй.
Жишээлбэл:
Энэ бол гадна бэлэг эрхтэн бидний гарч ирдэг газар гэх мэтээр. Яг л хамар бол хүний үнэрлэх эрхтэн бид хамраараа амьсгалж, олон янзын үнэрийг ялган таньдаг гэдэгтэй утга нэг юм. Эхний удаад танд эвгүй санагдаж болох ч хүүхэдтэйгээ нээллтэй ярилцаснаар удалгүй та ч мөн дасах болно.
4-5 нас
Энэ насанд хүүхдүүд ихэвчлэн “Хүүхэд хаанаас төрдөг вэ?” гэж асуудаг. Хүүхэд ээжийнхээ умайд өсдөг ба хүүхэд бий болоход эр билгийн эс /жижиг үр шиг/, өндгөн эс /жижиг өндөг шиг/ хэрэгтэй болдог гэдгийг тайлбарлахад тэд ойлгож чадна. Хэрвээ таны хүүхэд би хаанаас ирсэн бэ гэж асуувал та “Чи юу гэж бодож байна?” гэж асууж болно. Энэ нь таны хүүхэд энэ талаар хэр ойлгож байгааг мэдэхэд тань туслах болно. Хэрэв та жирэмсэн бол хүүхэд тань “Хүүхэд хаанаас гарч ирдэг вэ?” гэж асууж магадгүй энэ үед та “Дүү нь ээжийнх нь умайд томорч, өсөж дуусмагцаа үтрээ гэж нэрлэгддэг төрөх сувгаар гарч ирэх болно” гэх зэргээр энгийн боловч үнэн зөв хариулт өгөөрэй. Эсвэл миний гэдсэнд эмч нар зүссэн зүсэлт гарч ирж магадгүй гэж хариулсан ч болно.
6-8 нас
Хэрэв таны хүүхэд “Хүүхэд таны умайд яаж орсон бэ?” гэж асуувал та түүнээс юу гэж бодож байгааг нь ч мөн асуугаарай. Хүүхдийнхээ бодлыг сонссоны дараа та өөрт нь тохирсон мэдээллээр хялбархан ойлгуулж болно. Хүүхэд бий болохын тулд эр бэлгийн эс, эм өндгөн эс хоорондоо нийлэх хэрэгтэй бөгөөд 2 хүн бэлгийн харьцаанд орсноор эсүүд нийлэх боломжтойг тайлбарлаарай. Бэлгийн харилцаа бол насанд хүрэгчид хоёулаа хүссэн үедээ хийдэг зүйл бөгөөд энэ нь хүүхдэд зориулагдаагүй гэдгийг ч мөн тайлбарлах нь зүйтэй.
Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан хүүхдийн зурагт номнууд ч байдаг тул номоо үзэнгээ ярилцах боломжтой. Энэ бүгд танд хэтэрхий эрт эсвэл тайлбарлахад хэцүү санагдаж болох юм. Учир нь эцэг эх болгон хүүхэд байх үедээ дээрх шиг мэдээллийг авч өсөөгүй учраас дасал биш санагдаж, хүүхэдтэй энэ талаар тайлбарлаж ярилцах нь ичмээр зүйл мэт байгааг үгүйсгэхгүй юм.
Хүүхдийнхээ өсвөр нас бэлгийн бойжилтыг хүлээлтгүйгээр өмнө нь бэлгийн бойжилтын тухай болон бие махбодь нь хэрхэн өөрчлөгддөг талаар насанд нь тохируулж ярилцаж эхлэх нь зүйтэй.
Эх сурвалж:
- https://raisingchildren.net.au/
- “Raising boys” Steve Biddulph