Та өөрийгөө “Би өөрөө өөрийнхөө амьдралыг удирдаж залж яваа бие даасан оюун ухаант, ухамсарт хүн, юу үзэх үгүйгээ өөрөө л шийддэг” “хэн ч надад юу үзэхийг, яахыг зааж чадахгүй” гэж боддог уу? Үгүй шүү дээ. Та интернет орчинд нэг ч удаа орж үзээгүй, телевиз, радио огт сонсдоггүй, ууланд даяанч хийж явдаг хүн л биш юм бол шүү дээ.
“Сүүлийн үед гэмт хэрэг маш их гарах боллоо, энэ улсад хүүхдээ өсгөж амьдарна гэдэг улам хэцүү болж байна”… гэх мэт харилцан яриаг бишгүй сонсож байна уу? Гэмт хэрэг гэнэт их гарах болоод, аймшигт хэрэг үйлдэгсэд гэнэт ихсээд байгаа юм биш, гэмт хэрэг, аллага зэрэг нь нийгэмд хэзээнээс л байсан л зүйл, байх ч болно.
Харин та фэйсбүүкт хэтэрхий идэвхитэй байх болж, тэр төрлийн мэдээллийг чухалчилж анхаарч уншиж, үзэж, тэр ч бүү хэл найзууддаа шэйрлэж тэр мэдээг илүү вайрал болгоод байгаа учир фэйсбүүкээс танд энэ төрлийн мэдээллийг их харуулж байгаад л учир нь байгаа юм.
Нөгөө талаасаа нийгэмд болж буй сайн үйлсийн ажил, сайн сайхан мэдээнүүдийг нь та нэг их онцолж уншдаггүй, үздэггүй учир танд харагдахгүй байгаа юм. Үүнийг Filter bubble, эсвэл ideological frame буюу шууд орчуулбал “шүүлтүүрт бөмбөлөг”, “Үзэл суртлын хүрээ” гэдэг бөгөөд Filter bubble гэдэг нь тухайн хүний интернетэд ихэвчлэн хайж үзсэн мэдээлэл, бусад мэдээллээс арай илүү цаг зарцуулж үзсэн мэдээ, бичлэг зэрэгтэй ижил төстэй мэдээ мэдээлэл, бичлэг, сайт зэргийг л танд санал болгодог, бусад төрлийн мэдээ мэдээлэл, сайт зэргийг хязгаарладаг, мөн таны байршлыг хаана байгаагаас хамаарч тантай ойр байгаа хоолны газар, аяллын маршрут зэргийг ч санал болгодог, нэг үгээр хэлбэл таныг нэгэн том бөмбөлөг дотор оруулж хийчихээд тэрхүү бөмбөлөгний гаднах давхаргыг цаг явах тусам улам зузааруулж хучсаар таныг тэр бөмбөлөгнөөс гарч чадахгүй болтол гацаадаг алгоритмын чиглүүлэгч (algorithmic bias) гэж ойлгож болох юм. Энэхүү нэр томъёог анх 2011 онд интернетийн активист Eli Pariser “Filter bubble” нэртэй номондоо дурьдсанаас хойш энэ талаар нийгэмд хүмүүс мэддэг болж, ихэд сонирхож ярилцах болсон.

Filter bubble-ийг ихэнхдээ сөрөг утгатайгаар хүлээж авах нь элбэг ч гэлээ бас нөгөө талаасаа та “хэрэгтэй мэдээ мэдээлэл”хайж үзсээр байвал түүнтэй тань адилхан л мэдээ мэдээлэл контентыг танд санал болгох учир та нэг их стресстэх шаардлагагүй болно шүү дээ. Жишээ нь та өөрийн сонирхдог шинжлэх ухааны мэдлэг олж авах боломжтой контентуудыг л ганц хоёр удаа хайгаад үзчихвэл түүнээс цааш танд дандаа түүнтэй холбоотой мэдээ мэдээлэл, контент, сайтууд л харагдах болно. Мөн нохой, муур амьтдын талаарх контентыг ч бас ганц нэгийг үзчихлээ гэхэд танд тэр талын контент нь таны үзэл бодлыг хүчтэй өөрчлөх агуулга байхгүй, мөн хэдэн цагаар үзүүлэх ч агуулга байхгүй учир нэг их асуудал болохгүй байх гэж бодож байна. Мөн сүүлийн үед ном уншихын тулд 300 400 хуудастай зузаан номыг цүнхэлж явах ч шаардлагагүй болсон бөгөөд Kindle-ээр номоо уншдаг болсон нь сайхан ч бидний Good reads-ийнхээ wishlist-д оруулсан номнуудыг Amazon-оос хянаад л байж байдаг бөгөөд ном худалдан авахаар хайж байхад wishlistэндэхтэй маань төстэй төрлийн номнуудыг санал болгож байдаг. Тэгэхээр бид унших номоо сонгохдоо ч гадны нөлөөтэйгөөр сонгох магадлалтай гэсэн үг юм.
Эцэст нь дүгнээд хэлэхэд бид өөрсдөө ч мэдэж амжилгүй, ухамсарлаж амжаагүй байхдаа компьютер, гар утасныхаа удирдлагаар үз гэснийг нь үзээд, амьдралын цагаа дэмий үрж, оюун санааны тусгаарлалтанд орчихсон явж ч байж мэдэх айхтар цаг үед амьдарч байгаа гэдгээ ухамсарлацгаая өө. Аль аль талын л мэдээллийг хайж үзэж, шүүмжлэлт сэтгэлгээгээр аливаад ханддаг байгаарай.
