Youtube-руу ороод латинаар “bolson yvdal” гээд бичихэд ойролцоогоор 13 орчим өөр сувгийн хэдэн зуун гэмт хэрэг, болсон явдлуудын бичлэгнүүд гарч ирж байна. Зөвхөн монгол хэл дээрх нь шүү.
Эдгээрийг сонсохоор эхлүүлээд л 10 минутын дараагаас дотор зарсхийж, цааш үргэлжлүүлж сонсож чадамгүй аймшигтай гэмт хэргүүд. Доор нь байгаа комментуудыг нь гүйлгээд үзэхэд өсвөр насныхан бололтой, удаан хүлээлээ, ойр ойрхон бичлэг оруулаад өгөөч гэх хүсэлтүүд.
2010 онд хийгдсэн Amanda M.Vicary нарын судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хүчирхийлэл гэмт хэрэг, аллагатай холбоотой ном, сэтгүүл, бичлэг контентод татагддаг гэсэн үр дүн гарсан байдаг бол мөн АНУ-ын гэмт хэргийн подкаст болох Wine and Crime подкастын хөтлөн явуулагч Amanda Jacobson хэлэхдээ тэдний подкастын сонсогчдын 85% нь эмэгтэйчүүд байдаг гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад цуутай гэмт хэрэг, цуврал аллагын үйлдэгч нь ихэнхдээ эрэгтэй хүмүүс байдаг ч энэ төрлийн контентын сонсогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг сайн талаас нь харахад эмэгтэйчүүд ямар нэгэн аюултай нөхцөлд тэрхүү байдлаас хэрхэн гарах арга замаа бодож олж, урьдчилан сэргийлэхэд туслах ч эсрэгээрээ сөрөг талаас нь харахад удаан хугацаандаа энэ төрлийн контентод дурлагсдын сэтгэцийн эрүүл мэндэд аюул учруулах юм.
Болсон явдал, гэмт хэргийн подкаст, видео бичлэг үзэх нь ганц 2 өдрийн үр дүнгээр харахад “яахав зүгээр л нэг гэмт хэрэг сонслоо, яав л гэж” хэмээн бодож болох ч удаан хугацаандаа симпатик мэдрэлийн системийн “Fight or flight response” буюу тулалд эсвэл зугт хэмээх байнгын түгшүүртэй, бэлэн байдалд байх дохиог идэвхтэй байлгах учир та байнгын ямар нэгэн зүйлд яарсан, шөнө оройн цагаар гадуур явахдаа хэн нэгэн дагаж байхвий дээ хэмээн төсөөлж, айж, хэн нэгэн шинээр танилцсан хүнээ алуурчин байхвий дээ, манай найз, найз залуу надад ямар нэгэн муу зүйл хийчихгүй байгаа гэх мэтээр төсөөлөн бодож, бусдыг хардаж сэрдэх нь илт ихсэж, энэ түгшүүр нь энгийн өдөр тутмын амьдралд тань нөлөөлж эхлэвэл энэ нь асуудал болж байна гэж үзэн энэ төрлийн бичлэг, подкаст сонсохоо зогсоох хэрэгтэйн дохио юм.
Иймэрхүү төрлийн контентыг удаан хугацааны турш үзсэн хүмүүс нь түгшүүрийн зэрэг өндөртэй, яваандаа паранойа, сэтгэл гутрал болох эрсдэл өндөр бөгөөд бие физиологи талаасаа зүрх судасны өвчлөл, нойргүйдлээс үүдэн биеийн дархлаа муудаж өвчлөмтгий болох гэх мэт эрсдэлтэй.

Хэрэв гэмт хэрэг, аллагын талаарх подкаст, контентонд дурлан сонсогч танд доорх шинж тэмдгүүдээс илэрч байвал энэ төрлийн контент үзэхээ түр болиод амралт аваарай.
1. Гэрээсээ гармааргүй санагдах, гадаа гарах л юм бол гэмт хэрэгт өртчих мэт санагдах
2. Биеийн хөлрөлт нэмэгдэх, гар хөл салганах, хөлөө савчих
3. Ойр тойрны хүмүүс, гудамжинд таарсан хүмүүс бүгд алуурчин, гэмт хэрэгтэн мэт сэжигтэй санагдах
4. Байнга хэн нэгэн таныг дагаад буй мэт санагдах
5. Гэртээ тайван сууж чадахгүй болох, хаалга, цонхоо байнга цоожтой эсэхийг шалгах
6. Айснаасаа болж унтаж чадахгүй болох
7. Танд өнөө маргаашгүй ямар нэгэн муу зүйл болох гэж буй мэт түгших гэх мэт.
Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг, аллагын талаарх подкаст үзэх нь огт буруу юм, үзэхээ боль гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээний зааг, хэмжээ хязгаарыг давж байгаа мэт санагдвал даруй үзэхээ зогсоогоорой. Мөн таны ойр дотны бага насны болон өсвөр насны өөрийгөө бүрэн удирдах чадваргүй хүүхдүүд энэ төрлийн контентыг маш obsessed болж үзэж байвал энэ талаар тайлбарлаж хэлж өгч, үзэх контентод нь хяналт тавиарай. Тэдний хувьд биеэ барих, өөрийгөө контролдох чадвар сул тул хаа нэгэн газар хэн нэгэнтэй муудалцах, эсвэл сэтгэл санаагаар унасан үед тэдгээр гэмт хэргийн болж бүтэхгүй санаанууд тархинд нь орж ирэхийг үгүйсгэхгүй юм шүү.
