Хүмүүс бидний анхаарал төвлөрөлтийн хугацаа алтан загасныхаас бага болсон!

943
0

Microsoft корпорацийн гаргасан нэгэн судалгаагаар хүний анхаарал төвлөрөлтийн хугацаа 2000 онд 12 секунд байсан бол 15 жилийн дараа буюу 2015 оны байдлаар даруй 8.25 секунд болж буурсан гэсэн судалгааны үр дүнг танилцуулж. 12 секунд байснаас 8.25 секунд болж буурсан.

За, 3.75хан секунд уу? гэж бодож байгаа бол үгүй юмаа. Алтан загасны анхаарал төвлөрөлтийн хугацаа 9 секунд байдаг. Алтан загаснаас богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг болжээ бид бүгд. Үүнийг 2000 оны эхээс эрчтэй гарч ирсэн гар утасны хэрэглээ, яваандаа компьютер, таблетны хэрэглээний үр дүн гэж дүгнэх судлаачид ч бий. Тийм болохоор л өнөөдрийн нийгэмд сууж сурсан, төвлөрч сурсан хүнийг маш том эрдэмд суралцсан хүн байна гэж үнэлдэг болсон байх нь. Мөн сүүлийн үеийн тархи судлал, когнитив сэтгэл судлалын олон олон судалгаагаар анхаарал төвлөрөлт/Attention span/ болон эмпати буюу бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцах чадвар нь харилцан хамааралтай бөгөөд анхаарал төвлөрөлт муутай хүн бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг тэр бүр ойлгож, хуваалцах чадвар багатай байдаг бөгөөд өдөр тутмын хүн хоорондын харилцаа болон хосын харилцаа нь ч асуудлаар дүүрэн байдаг гэж дурьдсан байна. Мэдээж найз тань уулзаад болохгүй байгаа асуудлаа ярьж, сэтгэлээ тайвшруулъя гээд уулзаад яриад сууж байхад найз тань байн байн утасаа барьж аваад, сошиал медианы хов живийг скроллдоод байдаг бол та түүнтэй юу ярихав дээ, тийм биз.

За тэгэхээр миний өнөөдөр бичихийг хүссэн зүйл бол, даруй сошиал медиа биднийг ямар савчсан, зохион байгуулалтгүй, төвлөрөх чадваргүй, дэв дав хийсэн сармагчин шиг болгож байгаа талаар юм.

Хэдэн хоногийн өмнө би нэг танилдаа 5 минут гаруйн муурны бичлэг илгээтэл, түүний хариу үйлдэл “Whole 5 mins” байсан юм. Тэр хүний хувьд сонирхоогүй, хэрэггүй, хайран цаг гэж бодсондоо тэгэж хэлсэн байж болох ч түүнтэй шууд хамааралгүйгээр тэрхэн үедээ би “өнөөдөр хүмүүс бидэнд 5 минутын бичлэг үзнэ гэдэг ч залхуутай, урт санагддаг болсон юм байна ш дээ, OMG” гэж бодогдсон юм. Арга ч гүй шүү дээ, instagram, tiktok-ийн 1 минут хүрэхтэй үгүйтэй богино хэрнээ сонирхолтой бичлэгнүүдийг үзэж, хөгжилдөж инээх нь бидний тархинд допамин ялгаралтыг нэмэгдүүлэх юм чинь.

Допамин гэдэг нь бидний тархинд сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлдэг гормон бөгөөд тархи биднийг ямар нэгэн даалгаварыг гүйцэлдүүлсэний дараа шагнал болгож ялгаруулах бөгөөд энэ үед бид аз жаргал мэдэрдэг. Жаахан хүүхдэд гэрийн ажилд тусалсных нь төлөө урамшуулж зайрмаг өгөхөд хүүхэд түүнээс хойш өдөр бүр гэрийн ажилд, ээждээ туслангаа зайрмаг авч идэхийг хүсэхтэй адил, хүн ямарваа нэгэн зүйлийг хийж гүйцэлдүүлсэнийхээ төлөө аз жаргалыг мэдрэхийг хүсэн тухайн үйлдлээ байн байн хийх гэж хичээх болно. 5 минутын муурны бичлэг үзэх үү? 30 секундын инстаграмын богино бичлэг үзэх үү? Цагаа хэмнээд, мөн дээрээс нь олон төрлийн бичлэгийг алгоритм нь автоматаар үзүүлэх учир хайж цаг алдахгүй, reels-ээ л үзнэ шүү дээ. Ингэж богино бичлэг үзэж, хөгжилдөж, инээж, аз жаргалын гормоноо ялгаруулах нь танд сайхан санагдаж эхэлсэнээр та утаснаасаа салж чадахгүй, бүтэн өдөржин утасаа үзэж хэвтэж ч чадахаар хэмжээний донтох ч эрсдэлтэй. Бусад донтолтууд ч бас энэ л зарчмаар явдаг шүү дээ, компьютер тоглоомын донтолт нь өнөөдөр 1 цаг тоглосон бол маргааш 2 цаг, 30 өдрийн дараа гэхэд гэрээсээ гарахгүй тоглодог болох гэх мэт. Фитнессээр хичээллэдэг бодибилдерүүд ч бас ялгаагүй. Аливаа зүйл хэт ихэдвэл буруудаж буйн шинж гэдэг дээ.

За нэг утасаа 30 минут харчихъя, тикток, фэйсбүүк инстаграмаар сонин сайхан юу байна? гэж утасаа нээгээд харлаа, 3 цагийн дараа гэнэт ухаан орж, өөрийгөө хянах чадваргүйгээ гайхаж, хийх ёстой ажлаа хийгээгүйдээ өөртөө уурлана, эсвэл ямар ч буруугүй утасандаа бурууг өгнө. Сүүлийн үеийн дэлхий нийтээрээ хөгшин залуу, хүүхэд багачуудгүй бүгдийнх нь асуудал энэ болсон.

Богино бичлэг/Tiktok, instagram, facebook…/-ний хэт хамааралтай холбоотойгоор интернет, маркетинг, сошиал медиа салбарт ажилладаг зарим нэг хүмүүсийн хийж байгаа тайлбар нь хүүхэд, залуусын анхаарал төвлөрөлт, сэтгэл зүйн эрүүл мэнд, бүр цаашлаад сэтгэл гутрал амиа хорлолтын талаар санаа зовнисон шинжгүйгээр, цаг үеэ дагаад хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд мэдээллээс хоцрохгүй богино хугацаанд их мэдээлэл авах хэрэгтэй гэх мэт тайлбар хийж байгааг олж уншаад үнэхээр харамсалтай санагдаж байлаа. Тэдний хувьд энэ нь орлого, цалингаа олж буй ажил нь учир тэдэнд BENEFIT, өөрийгөө хянаж чадахгүй өдөржин утасны дэлгэцээ скроллдож суугаа хүүхэд залуучуудын хувьд COST юм даа.

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 150 удаа утасаа барьж авдаг ба өдөрт дунджаар утасаа харахын тулд 3 хүртэл цагийг зарцуулдаг бөгөөд энэ нь жилд та утсандаа 1095 цагийг ямар нэгэн зүйл хийхээр, утасаар ярихаар, эсвэл цаг нөхцөөхөөр зарцуулдаг байх нь. 2017 онд хэвлэгдсэн, АНУ-ын сэтгэл судлаач Jean Twenge-ийн багийнхны хийсэн өсвөр насны хүүхдүүдийн утас дэлгэцийн хэрэглээ болон сэтгэл гутрал, амиа хорлолтын талаар судалгаа байсан бөгөөд судалгааны үр дүн нь өдөрт 5 болон түүнээс дээш цагаар утасаа үздэг хүүхдүүд нь үздэггүй хүүхдүүдээс 71% илүү амиа хорлох эрсдэлтэй байдаг байна гэсэн судалгааны үр дүн гарч. Мөн судалгаанд хамрагдагч хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ их байх тусам амьдралдаа итгэл төгс биш, амиа хорлох бодол үе үе төрдөг гэх мэт үр дүн гарсан бөгөөд үүнийг судалгааны багийн ахлагч тайлбарлахдаа 2012 оны дэлхийн амиа хорлолтын статистикаас харахад өсвөр насныхны амиа хорлолт тасралтгүй нэмэгдсээр байгаа нь гар утасны хэрэглээ элбэг болж эхэлснийх юм гэж дурьдсан байна /https://www.npr.org/2017/12/17/571443683/the-call-in-teens-and-depression/.

Тэгэхээр та утаснаасаа хэт хамааралтай болсон мэт санагдаж байвал, өдөрт утасаа оролддог цагаа багасгах аргуудыг хэрэгжүүлж үзэхийг зөвлөе. АНУ-ын сэтгэл засалч Dr. Cameron Sepah нь Cognitive behavioral therapy дээр үндэслэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй DOPAMINE FAST буюу өөрийгөө хянах чадваргүйгээр хийгээд буй үйлдлүүдээ хорих хэдэн долоо хоногоос эхлэн хэдэн сар ч үргэлжилж болох, маш үр дүнтэй арга бөгөөд үүнийг хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна.

Мөн үзэж, сонсохоосоо илүү УНШаарай. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар интернет орчинд хүмүүс бичгэн хэлбэрийн мэдээллийн ердөө 27%-ийг л уншдаг ба мөн бичгэн хэлбэрийн мэдээ мэдээллийн сайтуудруу орох дундаж хугацаа нь 10–20 секунд л болсон байна. Хүн төрөлхтөн УНШДАГ болоод хэдхэн зууныг л үдсэн бол ярих, харилцах нь хүн үүссэн цагаасаа л эхлэн хэдэн сая живаа жилийг ардаа орхисон. Тиймээс уншина, төвлөрч сууна гэдэг санасныг бодоход хэцүү байна, харин сатаарахгүй тэвчээд сууж уншаад сурчихвал танд ирэх допамины ялгаларалт нь илүү үнэ цэнэтэйгээр мэдрэгддэг болж ч болох юм. Аан мөн сүүлийн үед audible болон бусад сонсдог номны аппликешнүүдийг их хэрэглэдэг болсон нь ном сонсож байна гэдгээрээ сайшаалтай ч тэдгээр хүмүүсийн ихэнх нь өөр ямар нэгэн зүйл хийнгээ сонсдог учир хүний тархи түүнд бүрэн төвлөрч чадахгүй, ой тогтоолтондоо бүрэн тогтоож, анализ хийж чадахгүй гэсэн үг юм. Хүний тархи нэг үйлдлийг хийхдээ түүндээ л төвлөрч ажиллахаар загварчлагдсан байдаг бөгөөд нэг дор гадаад орчноос хэт их мэдээлэл орж ирэх үед хүний тархи хязгаарлагдсан багтаамжтай байдаг бөгөөд тэр олон мэдээлэл дундаас аль чухлыг нь л сонгохоор ажиллаж ачааллаж эхэлдэг бөгөөд үүнийг “Load theory” гэдэг. Multitasker-уудын гараас чанартай ажил гардаггүй гэж ч ярьдаг нь үнэний ортой. Тэглээ гээд нэг л зүйл хийх ёстой гэсэн гээд бусад зүйлсээ хая гэсэн үг ч биш л дээ, аливаа зүйлийг гоё филтерлэж хүлээж авахаа мэднэ ш дээ тэ ☺️

Эцэст нь хэлэхэд юугаар тархиа дүүргэж, хэн нэгнээр өөрийгөө удирдуулах эсэхээ шийдэж чаддаг нэгэн байгаарай.

Аззаяа
WRITTEN BY

Аззаяа

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *