10-аад хоногийн өмнө Сөүл хот доторх ууланд алхаж явсан 30-аад насны нэгэн эмэгтэйг 30 настай эрэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдэж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Нэгэн танилтайгаа /эр/ энэ хэргийн талаар ярьж байтал “Тэр эмэгтэй нь задгай хувцаслачихсан байсан юм байх даа?” гэж хэлэхэд нь чих, сэтгэл хоёр зэрэг зэрэг сэрдхийгээд явчих нь тэр. Нээрээ энэ дэлхий дээр байгаа эр эмгүй дийлэнх хүмүүс нь хохирогчийг буруутгах violent-blaming хийхдээ сайн хүмүүс шүү дээ гэж бодонгоо нээрэн л хувцаслалт нь гэмт хэргийн хохирогч болох эрсдлийг нэмэгдүүлдэг юм болов уу гээд судалгааны ажлуудыг судалж үзлээ. Миний сонирхож судалсан сэдэв нь гэмт хэрэг үйлдэгчийн ТАРХИ нь секшуалли өдөөсөн хувцасласан байгаа эмэгтэйг хэрхэн хүлээж авч, боловсруулаад байгаа болохоор гэмт хэрэг үйлдэх сэдлийг өгөөд байна вэ гэдэг байсан юм.
Тархины хэсгүүд болон ажиллах процессийг бичихийн өмнө ярих ёстой зүйл бий. Тэр нь Dehumanization буюу хүнийг хүн биш мэт хүлээн авч, харьцах. Мөн objectification, sexual objectification буюу хүнийг эд зүйл, бэлгийн хүсэл хангагч эд зүйл мэт хүлээн авч харьцах.
Дийлэнх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйчүүд нь эмэгтэй хүнийг хүн биш, эд зүйл мэт хүлээн авч, тэдэнд хүндлэлгүй хандаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байдаг.
2007 онд Peter & Valkenburg нарын хийсэн судалгаагаар 1983–2003 оны хооронд хийгдсэн нийт медиа контентод орох сексуал агуулга нь нэмэгдсэн бөгөөд үүн дээр эмэгтэй хүмүүсийг сексуалайз хийх нь нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан байна. Хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, рекламд эмэгтэй хүний уран галбирлаг бие, хөөрхөн царайг их гаргахыг эрмэлзэх болсон нь нийгэмд байдаг л зүйл болж. Үүнээс үүдэлтэйгээр мөн эмэгтэй хүмүүсийг сексуалайз хийсэн контент, нэвтрүүлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөө нь эмэгтэй хүмүүс өөрсдийгөө objectify хийх буюу эд зүйл /хэрэглэгдэхүүн/ мэт хүлээн авах, цаашлаад гадаад төрхөндөө сэтгэл ханамжгүй болж сэтгэлээр унах, айдас түгшүүртэй болох, идэх эмгэгтэй болох, body-shaming хийх буюу эмэгтэйчүүд хоорондоо тарган туранхайгаараа ялгарах гэж оролдох гэх мэт сөрөг үр дагаварууд гарсан гэдгийг судалгааны үр дүнгүүд харуулсан аж (Ward and Friedman, 2006; Peter and Valkenburg, 2007). Мөн Loughnan (2015) нарын судлаачдын Австрали, Энэтхэг, Итали, Япон, Пакистан, Англи, болон АНУ гэсэн 7 оронд Self-objectification буюу “өөрийгөө эд зүйл мэт хүлээн авах” талаар судалж үзэхэд Австрали, Итали, Пакистан, Англи болон АНУ-ын судалгаанд хамрагдагсад Япон болон Энэтхэгийн судлагаанд оролцогчидтой харьцуулахад өөрийгөө эд зүйл мэт хүлээн авах нь маш ноцтой хэмжээнд өндөр байсан байна. Энэ нь магадгүй тухайн улсын соёл уламжлалын нөлөө байсан ч байж болох юм.

Тэгвэл, хүний тархи нь бусдын задгай хувцаслалт, эмэгтэй хүний биеийг хэрхэн хүлээн авдаг юм бол гэдгийг хэд хэдэн туршилт судалгааны ажлын үр дүнгээс харцгаая.
1. Австри улсын Виенийн их сургуулийн тархи судлаач Giorgia Silani-ын багийн хийсэн “Эмпати болон Self-objectification”-ий MRI туршилт бөгөөд энэ нь нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломж олдож байгаа болон түүнд оролцож чадахгүй гадуурхагдах нөхцөл байдалд тэр хүнийг өрөвдөж хайрлах эмпати төрж байгаа эсэхийг судалсан байна. Туршилт нь 36 туршигдагчдад хүмүүс хамт зогсож байгаад нэгэнрүүгээ бөмбөг шиддэг тоглоом тоглож буй бичлэгийг задгай хувцаслаж нүүрээ ихээр будсан эмэгтэй болон консерватив хувцасласан нүүрээ бараг будаагүй гэх 2 өөр төрлийн эмэгтэйг тоглоомонд оролцсон, оролцоогүйгээр үзүүлэнгээ тархинд эмпатиг зохицуулдаг хэсэгт очих цусны эргэлтийг хэмжсэн байна. Тэгэхэд задгай хувцасласан эмэгтэйг тоглоомонд оролцож чадахгүй байхад туршилтанд оролцогсдын тархин дах эмпатиг зохицуулдаг хэсгийн идэвхижил маш бага байсан байна. Харин эсрэгээрээ энгийн өмд цамц өмссөн консерватив хувцаслалттай эмэгтэйг тоглоомонд оролцож чадахгүй байгаа бичлэгийг үзээд туршигдагчдын тархины бичлэгэнд эмпатиг зохицуулах хэсгийн идэвхижил ихсэж байсан байна. Энэ үр дүн нь эрэгтэй эмэгтэй оролцогчдын ялгаа байхгүй бүгд адилхан байсан байна.
2. University of Trento-ийн когнитив сэтгэл судлалын тэнхимийн Jeroen Vaes-аар ахлуулсан баг нь туршилтанд оролцогчдыг EEG /electroencephalogram/ туршилтанд оруулсан бөгөөд тус багийнхан нь яагаад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү sexual objectification-д өртдөг болон эмэгтэйчүүдийг эд зүйл мэт хүлээн авах үед хүний тархинд тархинд яг ямар үйл явц болдгийг олж мэдэхээр зорьсон байна. Тус туршилт нь туршигдагчдад 1. биеийн хэсгүүд ил гарсан хувцас /бикини, дотуур хувцас/ өмсүүлсэн болон 2. биеийн бүх хэсгийг битүү халхалсан хувцас өмссөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зураг, тэднийг яг дуурайлгаж хийсэн амьд бус биет манекейны зургуудийг харуулсан ба зургуудийг харуулахдаа туршилтанд оролцогчдын тархины үйл ажиллагааны идэвхжлийг хэмжиж үзсэн байна. Судалгааны үр дүнд дотуур хувцас болон бикини өмссөн эмэгтэй хүмүүсийн зургийг харуулахад эрэгтэй хүмүүсийн мөн адил задгай хувцаслалттай зургийг харуулсантай харьцуулахад маш бага хэмжээний humanity буюу хүнлэг, энэрэнгүйг мэдэрч байсан ба мөн эмэгтэйчүүдийн задгай хувцастай зураг нь өөртэй нь адил хувцасласан манекейнтэй яг адил буюу эд зүйл мэт хүртэгдэж байгаа цахилгаан долгион ажиглагдсан байна. Туршилтанд оролцогчдын эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаа байхгүй бүгд задгай хувцасласан эмэгтэйг харахдаа манекейнтай адил харж байсан байна.
Дээрх 2 судалгааны ажлаас дүгнэхэд эрэгтэй эмэгтэй хүйс хамаарахгүйгээр бүх хүмүүс задгай хувцасласан эмэгтэй хүнийг харахдаа мөн адил задгай хувцасласан эрэгтэй хүнтэй харьцуулахад маш бага эмпати мэдэрч, хүнлэг энэрэх мэдрэмжийг бага мэдэрч, задгай хувцасласан эмэгтэйг илүү Objectification буюу эд зүйл мэт хүлээн авдаг байх нь.
Хүний бие, гадаад төрхийг харж хүртэн хүлээн аван боловсруулахад тархины олон хэсгүүд шууд болон шууд бусаар оролцдог бөгөөд тэдгээрээс Orbitofrontal cortex-ын талаар дурьдъя. Orbitofrontal cortex ni зан үйлийн хариу үйлдэл, шийдвэр гаргалт, нийгмийн харицлаанд оролцох болон үнэ цэнэд суурилсан шийдвэр гаргалт /юу чухал, юу чухал биш үү, тэгвэл үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ/ гэх мэт процессийг гүйцэтгэдэг. Alumit Ishai (2007) судалгааны ажлаар Orbitofrontal cortex нь секси, хөөрхөн эсрэг хүйстэнээ харах үед тархины тус хэсгийн үйл ажиллагаа илүү идэвхижиж, түүнд илүү үнэ цэнэ өгдөг гэдгийг баталсан байдаг.
Тэгэхээр үүнийг жишээгээр тайлбарлавал Orbitofrontal cortex нь бэлгийн зан үйл, хариу үйлдэл үзүүлэх, секшуал зан үйл хийх сэдлийг нухчин дарах юмуу хүлээн зөвшөөрөх профессийг явуулах бөгөөд жишээ нь ямар нэгэн хөөрхөн, гуалиг биетэй эмэгтэйг хараад бэлгийн дур хүсэл хөдлөх үед тархины orbitofrontal cortex хэсэг нь мэдээллийг боловсруулаад удаан хугацаандаа үр өгөөжгүй, үргэлжлүүлэхэд дэмий нөхцөл байдал гэж дүгнэх юм бол “Битгий, энэ үйлдлийг хийж болохгүй” гэх мэдээллийг бий болгох бөгөөд тэрхүү мэдээллийг амигдала хүлээн авсанаар “аан за секси эмэгтэйг хараад татагдсан юм байна, гэхдээ ямар ч секшуал зан үйл хийж болохгүй” гэх дүгнэлтийг гаргаснаар хүн үг хэлэх, бие махбодиороо үйлдэл хийдэг. Харин алкохол мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний тархины orbitofrontal cortex хэсгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргах чавараа алддаг, үүнийгээ дагаад амигдала нь хүлээн авах ёстой мэдээллээ авч чадахгүй байгаа учир болно, болохгүй гэх шийдвэрээ гаргаж чадахгүйгээс болоод хүн согтуудаа ямар ч удирдлагагүйгээр үйлдэл хийдэг.
Дээрхийг товч дүгнэвэл:
– Бидний тархи задгай хувцасласан эмэгтэйг харахдаа эмпати болон хүнлэг энэрэх чадварууд маань багасдаг буюу задгай хувцасласан л байх юм бол тэднийг үнэлэх үнэлэмж буурдаг;
– Мөн нэгэн туршилтаар задгай хувцасласан (бикини, дотуур хувцас) эмэгтэйг, яг адилхан хувцасласан манекейнтэй адилхан харж хүртэж байсан ба энэ нь эр, эм хүйсийн ялгаа байхгүй бүгд эмэгтэйчүүдийг sexual objectification буюу секшуал хэрэглэгдэхүүн гэж хүлээн авдаг;
– Секси, хөөрхөн эсрэг хүйстнээ харахад бидний тархины хэсэгт тусгай идэвхижил явагдаж, бэлгийн дур хүсэл төрдөг гэдэг нь хэзээний батлагдсан бөгөөд үүнийг алкохол, мансууруулах бодис хэрэглээгүй эрүүл ухаантай үедээ зохицуулаад, нөхцөл байдалд таарсан зөв шийдвэр гаргах боломж хэн хүнд бүгдэд нь байдаг.
Энэ бүх судалгааны ажлуудын үр дүнгүүд дээрээс дүгнэж хэлэхийг хүссэн зүйл маань эмэгтэйчүүдийг богино, задгай, биеийн хэсгүүдээ ил гаргасан хувцас битгий өмс гэж хэлэх гэсэнгүй, бидний тархи задгай, секси хувцасласан эмэгтэйг харахдаа эд зүйл мэт хүлээн авч, түүнд хандах хандлага нь ч эмпати, хүнлэг чанаргүй болдог гэх мэт үр дүнгүүд байгаа ч бид үүнийг тархиндаа боловсруулагдаж буй мэдээллийн дагуу хэмжээ хязгаар тогтоож болох болохгүйгээ шүүж чаддаг байх боломж нь байдаг учир гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг буруутгадаг үзэл хандлагаа больж, маш ухаалгаар ажилладаг тархиныхаа чадварыг үгүйсгэж, ухамсаргүйгээр шийдвэр гаргасан гэмт хэрэгтэн рүү бүх анхаарлаа хандуулж, буруутгах нь зүйтэй юм.
Мэдээж энэ бичвэрээрээ дэлхий дээрх бүх судалгааны ажлуудыг уншиж, дүгнэж бичсэн биш учир ямар нэгэн талаараа эргэлзээ төрүүлэхүйц, санал нийлэхгүй хэсгүүд гарвал та түүнийгээ бүр дэлгэрэнгүй судлаад үзээрэй.
