Хүүхдэдээ мэдрэмжээ ойлгож, удирдахад нь хэрхэн туслах вэ?

615
0

Нярай хүүхдүүд уйлж, балчир хүүхдүүд таагүй сэтгэл хөдлөлөө уурлаж илэрхийлдэг. Эцэг эхчүүдийн хувьд  хүүхдийнх нь энэ их уйлах, огцом уурлах нь хэзээнээс багасаж мэдрэмжээ удирдаж сурах бол гэсээр зарим эцэг эхчүүд тэвчээртэйгээр хүлээдэг бол зарим нь хариу уурлаж, тэвчээр алдарч хүч хэрэглэж, цохих, шийтгэх зэргээр асуудлыг шийдэх нь бий.

Хүүхдүүдийн хувьд сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах нь нарийн төвөгтэй үйл явц юм. Пенн Стейтийн их сургуулийн сэтгэл судлаач, доктор Памела Коул “Сэтгэл хөдлөлийг зохицуулахад анхаарал төвлөрөлт, танин мэдэхүйн хөгжил , хэл ярианы хөгжил зэрэг олон ур чадварууд шаарддаг” гэж хэлжээ. Харин хүүхдүүдийн хувьд эдгээр ур чадвараа өөр өөр цаг үед хөгжүүлдэг гэж судлаачид үздэг.

Тэдний сөрөг мэдрэмжийг удирдах чадвар нь удамшил, төрөлхийн зан чанар, өсөж торниж буй орчин, ядарсан, өлссөн байгаа гэх мэт гаднын хүчин зүйлүүдээс хамаардаг. Гэхдээ эцэг эх, багш, асран хамгаалагч нар бүгд хүүхдэд мэдрэмжээ удирдаж сурахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг гол хүмүүс гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаг хүүхдүүд хичээлдээ сайн байж, бусадтай харилцаа холбоо тогтоох чадвар өндөр байдаг. Эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүддээ мэдрэмжээ ойлгох, удирдах, бусдад илэрхийлэх ур чадварыг эзэмшихэд нь туслах шинжлэх ухаанаар туршигдсан доорх шилэгдмэл аргуудыг  танд хүргэж байна.

1. Эрт эхлээрэй

Хүүхэд тан бага байх тусмаа илүү хурдан суралцах болно. Алабамагийн их сургуулийн сэтгэл зүйч доктор Жон Лочман хэлэхдээ “Хурдан хариу үйлдэл үзүүлж, тайвшруулахад хэцүү нярай хүүхдүүд томрох тусам сэтгэл хөдлөлөө удирдахад бэршээлтэй тулгардаг” гэж хэлээд эцэг эхчүүд бага наснаас нь эхлээд мэдрэмжийн талаар ярилцах, ном эсвэл үзэж буй хүүхэлдэйн киноны дүрүүд нь хэзээ баярлаж, гуниглаж, санаа зовж байгаа сэтгэлийн хөдөлгөөнүүдийг нь онцлон ярилцаж байгаарай.

2. Хүүхэдтэйгээ холбогд

Судалгаанаас харахад эцэг эх, асран хамгаалагчтайгаа найдвартай, аюулгүй, итгэдэг харилцаатай байдаг хүүхдүүд , хэрэгцээг нь хангадаггүй хүүхдүүдтэй харьцуулахад сэтгэл хөдлөлөө илүү сайн зохицуулдаг байна. Хүүхдийн итгэдэг хүн нь байж аюулгүй харилцааг бий болгохын тулд тэдэнд асуудал тулгарч, сэтгэл хөдлөл нь тогтворгүй байх үед тайтгаруулагч нь болсноор хүүхэдтэйгээ найдвартай холбоо тогтооход тусална.

3. Ярилцаж, зааж сурга

Хүүхдэдээ сэтгэл хөдлөлийн таниулж сургахын тулд эхлээд нэрлүүлж сургах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө хооронд нь ялгаж нэрлэж хэлснээр тэдгээр сэтгэл хөдлөлүүдээ таньж мэдэх эхлэлийг тавих болно. Гэхдээ хүүхдээ бухимдаж байхад нь ярилцах гэж бүү оролдоорой. Бүх зүйл тайван байх үед нь гаргасан мэдрэмжийнх нь талаар ярилцаж түүнийг яагаад гаргах болсон яаж зөвөөр илэрхийлж болох байсан талаар нь ярилцаж чиглүүлж өгөөрэй.  Нэг харилцан ярианы дараа асуудал бүрэн шийдэгдэхгүй ч та суурийг нь тавьж байгаагаа мартаж болохгүй.

4. Сайн зан үйлийг үлгэрлэ

Иелийн их сургуулийн сэтгэл зүйч Алан Каздиний хэлснээр “Хүүхдүүд таны хэлснээр бус, хийснээр тан хийдэг” өөрөөр хэлбэл хүүхдүүд эцэг эхийнхээ хэлсэн  зүйлээс  илүү юу хийж байгааг нь харж загварчилж суралцдаг.

5. Тайван бай

Сайн зан үйлийг загварчлах нь 1000 хэлснээс илүү хялбар байх болно. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд бусад насны хүмүүсийг бодвол хамгийн их ууртай байдаг. Тэдний хувьд хүссэн чихрээ авч чадахгүй байх, тоглоомын талбайгаас явахгүй зөрүүдлэх зэргээр уйлж, уурлаж таагүй сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлдэг. Энэ нөхцөлд хамгийн чухал нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нар өөрсдөө тайван байдлаа алдаж болохгүй. Хүүхэд тан тэсвэрлэхийн аргагүйгээр зөрүүдэлж аашилж байсан ч та тайван байдлаа алдалгүй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн өмнө гүнзгий амьсгалж тайвшраарай. Өөр өрөөнд орж хэсэг тайвширсныхаа дараа буцаж ирээд асуудлыг шийдвэрлэсэн ч болох юм. “Та нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй ч, гэнэтийн таагүй хариу үйлдэл хийхээс зайлсхийж чадна”.

6. Өөр сонголтуудыг санал болго

Таны хүүхэд тоглохыг хүссэн тоглоомынхоо төлөө ангийнхаа хүүхдийг түлхэх, цохих, тоглоомын булаах зэрэг үйлдлийг гаргасан байж болно. Дээрх гаргасан үйлдлийг нь шууд буруутгаж загнахыг урьтал болголгүй бүх зүйл тайван байх үед нь тухайн нөхцөлд хийж болох байсан өөр сонголтуудын талаар хамтдаа ярилцаарай. Миний хүү, охин тэр тоглоомыг үнэхээр их хүсэж тогломоор байсан ч  найзаасаа булааж ширүүн үйлдэл хийлгүйгээр түүнээс ээлжлэн тоглохыг хүсэх, эсвэл өөр тоглох зүйл олж болох байсан зэргээр олон сонголтуудыг санал болгоорой. Энэ үйл явц нь таны хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд туслах болно.

7. Хэрэгжүүлж эхэл

Хүүхэдтэйгээ хамтдаа боломжит хувилбаруудын талаар ярилцсаны дараагаар тэдгээрийг хэрэгжүүлэх дасгалыг хамтдаа хийх хэрэгтэй. Дүрд тоглож бэлтгэж болох ба та ангийнх нь хүүхдийн дүрд орж ээлжлэн жүжиглээрэй. “Би энэ тоглоомоор түр тоглож болох уу ?”, “Хамтдаа тоглож болох уу?” зэрэг асуултуудыг хүүхэдтэйгээ хамт давтах дасгал хийснээр хүүхдүүд эдгээр шинэ ур чадвараа бодит ертөнцөд хэрэгжүүлж эхэлнэ.

8. Бага шийтгэж, илүү их магт

Хэмжээнээс нь хэтэрсэн эсвэл буруу магтаал хүүхдийг муу зан үйлийн үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг. Гэхдээ хатуу шийтгэл нь зан авирыг сайжруулах бус улам дордуулдаг. Хатуу, ширүүн зан авиртай, сэтгэл хөдлөлөө удирдахад ихээхэн бэрхшээлтэй байдаг хүүхдүүдийн хувьд гаргасан сэтгэл хөдлөлийнхөө төлөө шийтгүүлэх нь хүүхдийн зан үйлийг улам түрэмгий болгож, сөрөг хариу үйлдлийг өдөөх хандлагатай байдаг. Судалгаануудаас үзэхэд нэг сөрөг зэмлэл болгонд  дөрөв эсвэл таван эерэг харилцан үйлчлэл байх ёстой. Өөрөө хэлбэл эцэг эх, асран хүмүүжүүлэгч нар эерэг анхаарал, магтаал, сайн зан үйлийг нь урамшуулах тал дээр маш их цаг зарцуулах ёстой. Та хүүхдийнхээ засаж залруулахыг хүсэж буй зан үйлийнх нь нөгөө тал болох эерэг талаар нь магтаж байгаарай. Хэрэв таны хүүхэд тоглоомын талбайг орхих цаг болоход үргэлж хашхирч, уурладаг бол түүнийг уур хилэнгийнх нь төлөө бүү шийтгээрэй. Түүний оронд тэднийг уурлахгүйгээр явахад нь тусалж маш их магтаал, бага зэрэг шагнал өгөөрэй. Хүүхдийг хүсээгүй зан үйлийнх нь төлөө шийтгэхийн оронд, өөрийнхөө харахыг хүсэж буй зан авираар нь магтаарай.

9. Хүүхэдтэйгээ нэг баг болоорой

Хүүхдэдээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгож, илэрхийлж, өөрөө түүнийг удирдаж сурах хүртэл эцэг эх нар тууштай байж нэг баг болон хамтран ажиллах чадварт суралцах нь чухал.

Хүүхдийнхээ зан үйлийг зохицуулж зөв үлгэрлэж тэднийг ойлгохын тулд эцэг эх, асран хамгаалагч, багш нар хүүхдийг хүрээлж буй гэр бүлийн гишүүд бүгд нэг үзэл бодолтой,нэгдмэл арга барилтай байх хэрэгтэй.

10. Өөрийн хүлээлтийг шалгаарай

Хүүхэд тан үнэхээр айж, стресст орсон бол төгс биеэ авч явах болно гэж бүү найдаарай. Хүүхдүүд айж, санаа зовсон үедээ /вакцин хийлгэх, анх сургуульд орох/ сэтгэл хөдлөлөө хэвийн зохицуулахад хүндрэлтэй байдаг. Стресст ихтэй нөхцөл байдалд хүүхдүүдэд насанд хүрэгчдийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг тул энэ үед нь өндөр хүлээлт тавилгүй тусалж дэмжээрэй.

11. Урт хугацаагаар харах нь

Ихэнх хүүхдүүд томоохон сэтгэл хөдлөлүүдийг бага сургуульд байхдаа удирдаж сурдаг. Гэхдээ энэ нь тэдний сэтгэл хөдлөлийн хөгжил дууссан гэсэн үг биш юм. Сэтгэл хөдлөлөө удирдах, зөв илэрхийлэх, төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах зэрэг чадварууд нь насанд хүртэл хөгжсөөр байдаг. Хүүхдийнхээ зан авираас болж сэтгэл дундуур байгаа бол сэтгэл хөдлөлөө зохицуулахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэрвээ таны хүүхэд сэтгэл хөдлөлөө зохицуулахад бэрхшээлтэй байгаа бол сэтгэл зүйч болон мэргэжлийн хүмүүст хандаж тусламж, зөвлөгөө аваарай. Хүүхэд тан живх өмссөн хэвээр байгаа эсвэл, сургуульд ороход бэлдэж байгаагаас үл хамааран харилцаа холбоогоо бэхжүүлэхэд хэзээ ч эрт эсвэл орой байдаггүй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хүчтэй эерэг харилцаа тогтоох нь чухал бөгөөд хүүхдүүд итгэдэг хүмүүсээсээ суралцдаг билээ.

Эх сурвалж:

  1. https://alankazdin.com/
  2. https://www.apa.org/
Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *