Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, мэргэжилтнээс тусламж авах шаардлага тулгарсан үед сэтгэл зүйч, сэтгэл засалч хоёрын хэн нь надад тусалж чадах бол гэдэг дээр гацалт үүсэж байж магадгүй юм. Тэгвэл сэтгэл зүйч, сэтгэл засалч хоёр хоорондоо ялгаатай юу? хэрвээ байгаа бол ямар ялгаатай вэ гэдгийг ярилцъя.
Энэ ялгааг тайлбарлахаас өмнө сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжлийн ойлголт, мэргэжилтнүүдийг бэлтгэж буй системээрээ манай улс сэтгэл судлал хөгжсөн барууны орныхонтой харьцуулахад харьцангуй өөр систем арга барилтай гэдгийн сануулах нь зүйтэй байх.
Клиник болон зөвлөгөөний сэтгэл зүйч /clinical and counseling psychologists/ нь докторын зэрэгтэй байх ёстой бол сэтгэл засалч /psychotherapist/ нь дор хаяж магистрын зэрэгтэй байхыг шаарддаг. Ингэж шаардаж байгаагийн шалтгаан нь эдгээр мэргэжилтнүүд нь хүмүүстэй харилцан ярилцах байдлаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд, сэтгэл засал хийхэд тусгайлан мэргэшсэн байдаг ба зөвлөгөө заслын дундуур үйлчлүүлэгчээ шүүмжлэлгүйгээр сонсох, тулгараад буй асуудлыг өөр өнцгөөс нь харуулах асуултуудыг тавих, тухайн хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй нь тулж ажиллах зэрэг зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө заслын үед шаардагдах чухал, нарийн чадваруудыг эзэмшсэн, үүнд бэлтгэгдсэн байдаг.
Харин сэтгэл судлаачид /psychologist/ нь бакалаврын зэрэгтэй байж болох бөгөөд эдгээр мэргэжилтнүүд нь эрдэм шинжилгээний судалгаа хийж, лабораторид сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээ хийх, сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдлэг түгээх сургалт орох, судалгаа шинжилгээний үр дүнг практикт хэрэгжүүлэхэд чиглэн ажилладаг. Үүнээс харахад бүх сэтгэл судлаачид сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийх чадвартай биш бөгөөд бусад олон салбарын хүрээнд ажиллах боломжтой байдаг байна.
Эх сурвалж:
- Gallagher, M. (2023, June 7). Psychotherapist vs. psychologist: Similarities and differences. Forbes.
- University, D. (n.d.). What’s the difference between psychology and counselling? Deakin University Australia.
- Kendra Cherry, Mse. (2022, August 22). Psychologist overview and career information. Verywell Mind.
