Playtime хөгжмийн наадамд сэтгэл зүйгээ бэлдэцгээе!

476
0

Let’s mentally & emotionally prepare for Playtime 2023

Баяр наадмын улирал ийнхүү хаяанд иржээ. Бид баяр наадмын өдрүүдээр юу өмсөх, биеийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар сайн мэддэг ч, сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарах талаар юу мэддэг билээ? гэсэн бодлоос энэхүү нийтлэлийг бичихээр шийдлээ.

Та аль хэдийн хийж байгаа ажлаасаа гадна фестиваль дээр юу өмсөх, юу уух, хэнтэй уулзах, хэзээ яаж очих, яаж харих, хэнтэй хонох гээд л наадмаас өмнө хийж амжуулах зүйлсийнхээ жагсаалтыг толгойдоо үүсгэчихсэн байгаа байх. Зарим нь аль хэдийн энэ олон зүйлсээс халширч, догдолсон мэдрэмж нь гутранги болоод өөрчлөгдчихсөн ч байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс асар богино хугацаанд маш их зүйлийг амжуулах хэрэгтэй гэсэн ‘дарагдсан’ мэдрэмжүүд анзаарагдаад байвал ‘Hey it’s okay.’ Хээе, зүгээр дээ, чи ганцаараа биш шүү.

Гурван хоног үргэлжлэх фестиваль гэдэг бол мэдээж тоглоом биш. Задгай талбайд, хүний хөл хөдөлгөөн ихтэй газар байна гэдэг өөрөө түгшүүрийг автоматаар үүсгэж байж болох юм. Гэхдээ та өөрийгөө эртнээс зохих ёсоор нь бэлдэж чадвал ачаалалтай сэтгэл ханамжгүй үлдэх бус жилийн турш хүлээсэн наадмаа тааламжтай дурсамж бүтээж болох юм.

Ингээд наадамд өөрийгөө сэтгэл зүй, оюун санааны хувьд бэлтгэх аргуудыг хуваалцъя.

1. Хангалттай нойр аваарай.

Сайн унтаж амрах нь бэлтгэлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд наадам болохын өмнөх долоо хоногт нь сайтар унтаж амрах нь бие махбод болоод сэтгэл зүйн бэлтгэлийн суурь болж өгөх юм. Нойр дутуу байхад түгшүүр, цочмог болж, өөрийн талаарх сөрөг бодлууд ихсэж, тэр бүү хэл сэтгэл тань амархан хямарч болзошгүй. Эдгээр сэтгэл зүйн байдал нь зөвхөн танд төдийгүй таны эргэн тойронд байгаа хүмүүст нөлөөлж болох юм.  

Харин та хэн нэгнээс эдгээр мэдрэмжүүдийг авч байгаа бол “Чи урьд шөнө сайн унтаж амарсан уу” гэж асуугаад хэсэгхэн хугацаанд ч болов нойр авахыг санал болгоорой.

2. Тогтмол ус ууж, хөнгөн хоол идээрэй.

Олон зүйлд сатаараад хангалттай сайн ус уух, хөнгөн хоол идэхээ мартаж болохгүй шүү. Халуун, урт өдрүүд, согтууруулах ундааны хэрэглээ зэрэг нь таныг шингэний дутагдалд маш амархан оруулах ба энэ нь эргээд таны толгой өвдөхөд хүргэж, ядарсан мэдрэмжийг өгөхөөс гадна анхаарал төвлөрүүлж зөв шийдвэр гаргах магадлалыг эрчимтэй бууруулна гэдгийг санаарай.

3. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.

Очоод юу хийх, хаашаа явахаа мэдэхгүй, тодорхойгүй байх нь таныг богино хугацаанд хүнд байдалд оруулж болохоос гадна олон хүний дунд орхигдсон, гээгдсэн мэдрэмжийг төрүүлж магадгүй юм. Тиймээс та өөрийн төсөөлөл, хүлээлтийг аль болох эрт тодорхой болгож сэтгэл ханамжгүй үлдэх эрсдэлээс сэргийлээрэй. Түүнээс гадна бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу байх боломжгүй гэдгийг санаж гэнэтийн байдалд юу хийх вэ гэдэг нөөц төлөвлөгөө, төсөөллөө бас бодчихвол хүнд нөхцөл тулгарсан ч илүү тайван бөгөөд аюулгүйгээр, аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөх боломжтой. Аа гэхдээ, та заавал бичиж тэмдэглээд түүнийгээ ягштал дага гэсэн үг мэдээж биш. Та зүгээр л ямарч хүлээлтгүйгээр тухайн үеийн агаар мандалд хөөрч, урсгалыг даган хөвөх ч боломжтой гэдгийг санаарай.

4. Амьсгалахаа мартуузай.

Хэт их хүний дунд амьсгалах агааргүй мэт санагдаж магадгүй. Энэ үедээ та олон хүн цугласан цэгээсээ жаахан холдож байгаад суух боломжтой бол суугаад, эсвэл удаан хэмнэлээр алхаж байхдаа хэд хэдэн удаа гүнзгий амьсгал аваарай. Эсвэл магадгүй маш их зүйл нэг зэрэг болоод байгаа мэт ‘хэтийдсэн’ мэдрэмжийг түргэн тайвшруулах хамгийн үр дүнтэй арга юм. Наадам дээр байхдаа танд мэдрэгдэж буй ойлгомжгүй олон, замбараагүй мэдрэмж, эсвэл хоосон мэдрэмжүүдээ шийдвэрлэх гэж оролдохын оронд гүнзгий амьсгалтайгаа хамт зүгээр л анзаарахад л хангалттай шүү.

Та дараах амьсгалын дасгалын техникийг туршаад үзээрэй. https://www.instagram.com/p/CrVdBT0BMWd/

5. Халуун дотно яриа өрнүүлээрэй.

Хэзээ ч мартагдахааргүй хамгийн том дурсамжуудыг халуун дулаан, ойлголцлоор дүүрэн харилцан яриа бий болгодог гэдгийг та мэдэх үү?

Шүүмжлэлгүй, хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй мэдрэмжийг авч чадсан харилцан яриаг хүн хэзээ ч мартдаггүй бөгөөд энэ нь тухайн харилцан яриаг өрнүүлж буй хүмүүсийн хооронд хүчтэй сэтгэл зүйн холбоосыг бий болгодог. Тиймээс хэрвээ та ойлгогдсон, сонсогдсон, дотроо хадгалаад гаргаж чадахгүй байгаа зүйлсээ уудлах орон зайг хайж байвал манай багийнхан таныг сонсоход бэлэн байгааг баяртайгаар дуулгаж байна.

Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *