Хүүхэдтэй болно гэдэг мэдээж амьдралд гарч болох томоохон өөрчлөлтүүдийн нэг. Ихэнх ээжүүд гэр бүлдээ шинэ гишүүн угтаж авна гэдэг мэдээг сонсоод сэтгэлийн хөөрөл, баяр баясгалангаас эхлээд айдас, түгшүүр хүртэл янз бүрийн хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрдэг.
Төрсний дараа хэсэг хугацаанд сэтгэлээр унаж, гуниглангуй мэдрэмжтэй байх нь хэвийн үзэгдэл юм. Учир нь төрсний дараа дааврын түвшин буурдагтай холбоотой юм. Эхний өдрөөс эхлээд л та урьд өмнө нь хэзээ ч байгаагүй стрессийг мэдэрч эхлэхээс гадна, бүх зүйлд санаа зовинох, уйтгарлах, бухимдангуй болох, сэтгэл тавгүйтэх, уйлах, өөрийгөө аз жаргалгүйгээр мэдрэх, урам хугарах зэрэг таагүй сэтгэл хөдлөлөлүүд цуварсаар байж магадгүй.
Та ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай
Та эдгээр таагүй сэтгэл хөдлөлүүдийг даван туулж байгаа анхны ээж биш бөгөөд шинээр төрсөн ээжүүдийн 80 хүртэлх хувь нь ‘baby blues буюу хүүхдийн блюз’ гэж нэрлэгддэг өвчинд нэрвэгддэг бөгөөд энэ нь шинэ төрсөн хүүхэдтэй холбоотой бүх өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл санааны богино хугацааны уналт юм.
Эдгээр мэдрэмжүүд ихэвчлэн таны хүүхэд төрөөд дөнгөж 2 эсвэл 3 хоногтойгоос эхлээд 1 эсвэл 2 долоо хоногтой болоход дээрдэж сэтгэл санаа сэргэдэг.
Хэрэв танд мэдрэгдэж буй эдгээр таагүй сөрөг мэдрэмжүүд үүнээс удаан хугацаагаар танд ажиглагдаж, сайжирхаасаа илүү улам дордож байвал төрсний дараах сэтгэл гутрал байж магадгүй юм. Төрсний дараах сэтгэл гутрал нь baby blue’s-ээс илүү удаан үргэлжилдэг бөгөөд эмэгтэйчүүдийн 10 орчим хувь нь үүнийг туулдаг байна. Хэрэв та төрөхөөсөө өмнө сэтгэл гутралд орж байсан, эсвэл таны гэр бүлийн хэн нэгэн хүн сэтгэл гутралтай байсан бол төрсний дараах сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр байдаг байна.
Тэгвэл та baby blues болон төрсний дараах сэтгэл гутрал хоёрыг ялгаж хэлж чадах уу?
Хэрэв та Baby blue’s -ийн үед байгаа бол:
- Таны сэтгэл санааны байдал баяр хөөрөөс гуниг болж хувирах нь хурдан. Нэг минутын дараа шинэхэн ээж болсондоо баярлаж, өөрөөрөө бахархаж байгаа бол дараагийн минутад нь өөрийнхөө хийх ёстой үүргийг хангалттай хийж чадахгүй байна гэж бодоод уйлах.
- Маш их ядарсан тул хоол идэх, өөртөө анхаарал тавих ч дургүй болох
- Хэт их ачааллаас болж, уур уцаартай, түгшүүртэй байх
Хэрэв та төрсний дараах сэтгэл гутралтай байгаа бол:
- Танд үргэлж найдваргүй болсон мэт мэдрэгдэж, гунигтай, үнэ цэнгүй, ганцаардмал мэдрэмж төрж байнга уйлах
- Сайн ээж байж чадахгүй байгаа юм шиг санагдах
- Хүүхэдтэйгээ холбоогүй мэт санагдах
- Хэт их ядарснаас болоод хоол идэх, унтах, хүүхдээ асрах ч чадамжгүй болох
- Түгшүүр болон сандрал дайралтад /panic attack/ өртөх
Baby blue’s -ийг хэрхэн эмчлэх вэ?
Энэ үед бид өөрсдийн бодол санаа, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь зөв хэдий ч бие махбоддоо хэрэгтэй байгаа зүйлийг хийх нь илүү тусалдаг.
- Аль болох их унтахыг хичээх, хүүхдээ унтаж байхад нь амрах
- Шим тэжээлээр баялаг хоол хүнс аль болох түлхүү хэрэглэх
- Алхах, дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, нарны туяа нь гайхамшигийг бүтээхэд тусална
- Хүмүүс тусламж санал болгоход хүлээж ав
- Тайвшир, гэрийн ажилд санаа зовох хэрэггүй дээ, зөвхөн өөртөө болон хүүхэддээ анхаарлаа хандуулаарай.
Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн эмчлэх вэ?
Та хүүхдээ төрүүлсний дараа сэтгэл гутралд орсон гэдгээ хэнд ч хэлэхийг хүсэхгүй байж магадгүй. Гэхдээ төрсний дараах сэтгэл гутралын эмчилгээ нь таныг дахин өөрийгөө мэдрэхэд туслах тул та цаг алдалгүй тусламж хүсэх нь чухал юм.
Хэрэв танд төрсний дараах сэтгэл гутрал илэрвэл эсвэл 2 долоо хоногийн дараа baby blue’s арилахгүй бол сэтгэл зүйчтэй шууд холбоо бариарай.
Эх сурвалж: Fields, L. (2023, April 23). Postpartum depression: How it differs from the “Baby Blues.” WebMD. https://www.webmd.com/depression/postpartum-depression/postpartum-depression-baby-blues