Өмнөх нийтлэл дээрээ сэтгэл хөдлөл/мэдрэмж бидэнд яагаад байдаг талаар тайлбарлаж байхад бүх сэтгэл хөдлөлүүд бидэнд танигдах, илэрхийлэгдэх гэсэн зорилготой байдаг талаар дурдаад өнгөрсөн. Тэгвэл, хэрэв мэдрэмжийн энэ зорилго биелэгдэхгүй тохиолдолд юу болох бол? Илэрхийлэгдээгүй мэдрэмжүүд хаана очдог вэ? гэсэн асуултууд танд урган гарч ирсэн байж магадгүй юм. Тэгвэл өнөөдөр энэ сэдвийн хүрээнд хамтдаа ярилцацгаая.
Илэрхийлэгдээгүй үлдсэн мэдрэмж гэж юуг хэлэх вэ?
Сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг хэмээн нэрлэгддэг Зигмунд Фрейд хэлэхдээ “Илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл хэзээ ч алга болдоггүй. Тэд амьдаараа булшлагдаж, дараа нь илүү муухай төрхтэйгөөр эргэн гарч ирдэг” гэж хэлсэн байдаг.
Сэтгэл хөдлөлийн удиртгалын тухай буюу сэтгэл хөдлөл/мэдрэмжээ илэрхийлэх талаар ярихад заавал давхцаж гарч ирдэг нэг сэдэв нь сэтэл хөдлөлийн буруу удиртгал байдаг. Өөрөөр хэлбэл бидний тархины хөгжил явагдаж дуусах тусам мэдэрч буй бүхий л сэтгэл хөдлөлөө чөлөөтэйгөөр, шүүлтүүргүйгээр илэрхийлэх боломж маань багасаж, улмаар сэтгэл хөдлөлийнхөө энэхүү суурь хэрэгцээг хангахын тулд буруу арга барилд суралцсан байдаг. Ингэхдээ, зарим хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь өөрт маань л хортой учраас энэ нээх чухал биш, үүнийг хэн нэгэнд битгий хэл, өөртөө ч харуулж болохгүй гэсээр байнгын мэдрэмжээ дарж, үл тоож, үгүйсгэсээр байгаад нэг л мэдэхэд өөрийн мэдрэмжээсээ холдсон байдаг. Хэд хоногийн өмнө манай платформ дээр бичигдсэн нэгэн бичвэр миний анхаарлыг ихэд татсан юм. ‘Би юу ч мэдрэхээ болиод удаж байна, найз охин маань надаас хамт үзсэн киноноос юу мэдэрч байгааг асуухад би үнэндээ юу ч мэдрээгүй. Ингэж асуухад нь би хэр удаан юу ч мэдрэхгүй явснаа өөрөөсөө асуухад хариултыг нь ч олж чадаагүй. Мэдрэмж маань хаанаас буцаж ирэх бол гэдгийг дахин дахин өөрөөсөө асуусаар л…’ гэсэн бичвэр байсан юм. Эндээс харвал бидэнд ийм нөхцөл байдал тулгарах хэд хэдэн замууд байдаг нь дээр дурдсан сэтгэл хөдлөлийн буруу удиртгал буюу илэрхийлэгдээгүй үлдсэн мэдрэмжүүд юм. Бид ихэвчлэн дараах байдлуудаар сэтгэл хөдлөлөө буруу удирддаг байна:
- Сэтгэл хөдлөл/мэдрэмжээ үл тоох – Заримдаа бидний хайртай дотны хүмүүсийн хэлсэн үйлдэл хэр зэрэг гомдоож, хэлсэн үг нь хэр их өвтгөж, шархлуулсныг ил гаргахаас эмээдэг, ичдэг. Ихэвчлэн хүмүүст эмзэг харагдахаас айж, санаа зовдог. Тиймээс дотроо бид өөртөө хандан “Би энэ дээр хэт их реакцалж сүр болох ёсгүй, тоохгүй байгаа л юм шиг өнгөрчихье” гэж хэлдэг.
- Сэтгэл хөдлөл/мэдрэмжээ үгүйсгэх – Таны ажлын хамтрагч нэг удаа олныг хамарсан хурал дээр таныг эвгүй байдалд оруулах үгийг бусдад хэллээ гэж төсөөлье. Энэ үед та маш их гомдож, тэр үг таныг өвтгөсөн ч та, за манай найз их сайн хүн надад лав муу санаж хэлэхгүй, санамсаргүй л хэлчихсэн байх, би уурлаж, гомдохгүй, харин ч нөхцөл байдлыг хөнгөхөн авч гарсанд нь баярлах ёстой хэмээн мэдрэмжээ үгүйсгэх.
- Сэтгэл хөдлөл/мэдрэмжээ дарах – хайртай хүндээ уурлаж байгаагаа мэдсэн ч, уурламаар байсан ч дуугүй байх, найрсаг загнаж гомдсон ч инээмсэглэж өөрийгөө хүчээр дарах.
Гэх мэт байдлаар бид өөрт төрж буй таагүй тухгүй, мэдрэмжийг хурдан арилгахын тулд дээрх буруу арга замаар мэдрэмжүүдээ удирддаг. Гэхдээ дахиад л хэлэхэд таны “зугтаасан” эдгээр мэдрэмжүүд таныг биеийг орхин одолгүй улам томорсоор таны биед хадгалагдсаар байдаг ба үүнийг илэрхийлэгдээгүй үлдсэн мэдрэмж гэж нэрлэж болно. Ингэж илэрхийлэгдээгүй үлдсэн сэтгэл хөдлөл маань бидний үл ухамсарлагдахуйд хаашаа ч хөдлөхгүй царцсаар бидэнд сэтгэл зүйн тогтворгүй байдал болоод бие махбодын өвчлөл авчрах суурь шалтгаан болж байдаг. Заримдаа бидний бие өвдөөд эмнэлэгт үзүүлсэн ч бүх шинжилгээний хариу эрүүл, хэвийн гэж гарах тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч таны бие маш зовуурьтайгаар өвдсөөр байгаа шалтгаан нь эдгээр таны биед “царцаж” үлдсэн сэтгэл хөдлөл, шийдвэрлэгдээгүй мэдрэмжүүдээс болж байгааг та олж мэдэх болно. Ингэж бид энэхүү бие махбод болоод, сэтгэл санааны өвдөлтийг арилгахын тулд өөрсөд рүүгээ өнгийж гарах арга замыг хайсаар сэтгэл зүйч, сэтгэл судлаачдын эрэлд гардаг.
Тэгвэл бид сэтгэл хөдлөл/мэдрэмжээ бүх цаг үед илэрхийлэх хэрэгтэй гэж үү?
Мэдээж энэ нь боломжгүй зүйл. Хамтдаа төсөөлөөд үзвэл та огт танихгүй хүнтэй дэлгүүрт зөрөхдөө хөл дээрээ гишгүүллээ гэж бодъё. Энэ үед таны уур хүрч, үл хүндлүүлж буй мэт санагдаж цухалдана. Энэ үедээ та “Надад таны энэ үйлдэл ингэж мэдрэгдлээ” гэж мэдрэмжээ илэрхийлэхгүйгээр зүгээр л процесс хийгээд өнгөрөхөд хангалттай юм. Өөрөөр хэлбэл бид сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээсээ өмнө таних гэдэг дамжлагаар тухайн сэтгэл хөдлөлийг боловсруулж /процесс хийж/ байдаг. Тухайн сэтгэл хөдлөл ямар үед танд хүчтэй мэдрэгдэж байна, ямар үг, эсвэл үйлдэл, ямар үнэр, ямар дуу хоолой, ямар материал, эсвэл ямар цаг агаар энэ мэдрэмж/сэтгэл хөдлөлийг өдөөгдөж байгааг сайтар анзаарах хэрэгтэй. Үүний дараа энэ ямар мэдрэмж вэ гэдгийг зөв нэрлэж чадвал таны сэтгэл хөдлөл илэрхийлэгдээгүй ч танд танигдчихлаа гэсэн үг. Энэ үед танд мэдрэгдэж байгаа тэрхүү мэдрэмжийн эрч суларч, танигдсан сэтгэл хөдлөл/мэдрэмж бага багаар таны биеийг орхин оддог байна. Харин ямар үед зайлшгүй илэрхийлэх хэрэгтэйг асуувал хамгийн дотны хүмүүстээ буюу байнга хамтдаа цагийг өнгөрөөдөг хэн нэгэндээ /ж.нь: гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамтрагч нартаа, эхнэр,нөхөр, ах дүүс/, өөрөөр хэлбэл байнгын харилцаатай байдаг хүмүүстээ заавал илэрхийлж, юу мэдэрснээ хуваалцаж байхыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Энэ таныг урт удаан хугацаанд сэтгэл зүйн хувьд тогтвортой, тайван байдлыг хангахад туслах гол эм юм.
Ингээд харвал таны анзаараагүй эсвэл жижигхэн гэж бодож байгаа эдгээр сэтгэл хөдлөл мэдрэмжүүд бидний сэтгэл санааны тогтворгүй байдал, бие махбодын эрүүл мэнд цаашлаад амьдралын чанарт маань ямар том нөлөө үзүүлдгийг ойлгосон гэж найдаж байна. Тэгвэл таны бодлоор мэдрэмж хэр зэрэг хүчтэй вэ?
![](https://blindcare.mn/psycinfo/wp-content/uploads/2023/05/proposal.png)