Өөрийнхөө юу мэдэрч байгааг илэрхийлэх нь амьдралд тулгарах олон даваануудыг туулахад тусалдаг. Гэхдээ яг юу мэдэрч байгаагаа илэрхийлж хэлэх нь бараг хүн бүрт л тийм ч амархан санагддаггүй байх. Тиймээс би танд мэдрэмжээ хэрхэн илэрхийлж болох талаар, эсвэл мэдрэмжээ илүү сайн илэрхийлдэг болоход чинь туслах хэд хэдэн санааг хүргэж байна.
Мэдрэмж – бүгдэд байдаг зүйл.
Заримдаа тэд сайн байдаг ч, зарим үед тэднийг даван туулахад хэцүү байдаг.
Мэдрэмжүүдийг тархинд байдаг химийн бодисууд бий болгодог бөгөөд туулж мэдсэн туршлага болон бодлоор тань өдөөгдөж, таны бүх биеэр тархан мэдрэгддэг. Өмнө хэлж байсанчлан мэдрэмжүүд маань биднийг хамгаалж бас удирдаж чадна. Тэд бидэнд эерэг туршлагуудыг олж авах, мөн аюулаас зайлсхийхэд тусалдаг. Мөн мэдрэмж нь биднийг бусадтай харилцах, ойлголцох, холбогдоход тусалдаг. Гэвч заримдаа бидний мэдэрч байгаа мэдрэмжүүд тухайн нөхцөл байдалтай үл нийцэх эсвэл яг тухайн нөхцөл байдалд юу мэдрэхээ мэдэхгүй үетэй тулгардаг. Тиймээс хэрвээ бид мэдрэмжээ илүү чөлөөтэй, нээлттэйгээр ярьж илэрхийлдэг болбол бидний сэтгэцийн эрүүл мэндэд сайнаас гадна хүнд хэцүү үеүдийг даван туулахад туслах юм.
Бид мэдрэмжээ илэрхийлэхэд юу болдог вэ?
Мэдрэмжээ илэрхийлэх нь дараах зүйлсийг мэдрэхэд тусална.
- Ойлгогдсон
- Итгэл найдвар
- Хүлээн зөвшөөрөгдсөн
- Уужирсан
- Сонсогдсон
- Дэмжигдсэн
- Бүх зүйл удирдлагад байгаа мэт
- Сэтгэл хөдлөл илүү тогтвортой
Бид мэдрэмжээ илэрхийлэхгүй бол юу болох вэ?
Бид мэдрэмжээ үгүйсгэх, нуух, зайлсхийх гэж оролдоход тэд дараах зүйлсийг хийж чадна.
- Илэрхийлэгдээгүй мэдрэмжүүд овоорсоор байх
- Илүү дордох
- Таныг тусгаарлах
- Стрессийг нэмэгдүүлэх
- Илүү олон асуудал үүсгэх
- Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх
- Өөрийгөө хянаж чадахгүй мэт мэдрэх
- Нойргүйдэх, хэт ядрах
- Харилцаагаа хүндрүүлэхэд ч хүргэж болно.
Хүн болгон мэдрэмжээ тийм ч амархан илэрхийлж чаддаггүй. Заримдаа бидэнд юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд саад болох зарим нэг бэрхшээлүүд байдаг. Тухайлбал:
- Та юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байх
- Таны мэдрэмж ямар нэг асуудал үүсгэхвий гэхээс айх
- Мэдрэмжээ илэрхийлсэн ч юу ч өөрчлөгдөхгүй гэдэгт та итгэдэг байх
- Бусад хүмүүс таны төлөө санаа зовохыг та хүсэхгүй байх үед
- Та ийм мэдрэмж мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс айдаг
- Мэдрэмжээ илэрхийлэх нь таныг бусдад ил болсон мэт эсвэл эмзэг байдалд оруулдаг
- Бусад хүмүүс таны талаар өөрөөр бодохвий гэхээс санаа зовдог
- Та ийм мэдрэмжтэй байх ёсгүй гэж өөртөө хэлдэг бол
- Таныг сул дорой, эсвэл чадваргүй гэж харна гэж боддог болхоор
- Бусад хүмүүс таны юу мэдэрч байгааг аль хэдийн мэддэг гэж боддог учраас
- Хэрэв та мэдрэмжээ нээлттэй илэрхийлвэл бусад хүмүүс юу гэж хариулах бол гэдэгт санаа зовдог учраас
- Өөрт төрж байгаа мэдрэмжийг хэнд ч хэлээд хэрэггүй гэж боддог учраас
- Мэдрэмжээ илэрхийлэхэд хэтэрхий хэцүү, эсвэл ярихад эвгүй байдаг гэх мэт.
Тэгвэл мэдрэмжээ хэрхэн илүү сайн илэрхийлэх вэ?
Мэдрэмжээ илэрхийлэхээсээ өмнө яг юу вэ гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд та ганцаараа өөртөө ямар мэдрэмж төрж байгааг анзаарах нь их чухал.
Хэрвээ бид өөрсдийнхөө яриаг эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийн мэдрэмжээ илэрхийлж буй яриаг анхааралтай сонсоод үзвэл нэг үгний ард нэлээн олон мэдрэмжийг хамруулаад хав дарчихдаг. Жишээ нь: Би стресстэй байна, ажил ойрд стресстэй байгаа, гэр бүлийн харилцаа нэлээн стресстэй байдалд байгаа гэх мэт. Эдгээр нь таны дотор байгаа мэдрэмжүүд ил гарах биш танигдахгүй, илэрхийлэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас аль болох мэдрэмжийн тодорхой үгнүүдийг ашиглаарай. Жишээ нь, “Би ууртай, гунигтай, түгшүүртэй, тухгүй, гомдсон, шаналсан, аз жаргалтай, баяр хөөртэй, догдолсон, хайрлагдсан мэдрэмж мэдэрч байна” гэх мэт. (Дараагийн нийтлэл дээрээ аль болох олон төрлийн сэтгэл хөдлөлүүдийн нэршлийг хүргэх болно.) Хэрэв танд мэдрэмжээ нэг үгээр илэрхийлэхэд хэцүү байгаа бол та өөрийн бодлоо оролцуулан мэдрэмжээ гадагшлуулах боломжтой гэдгийг санаарай. Жишээ нь, “Тэр надад дургүй юм шиг санагдаж байна, түүний харц их ширүүн байсан учраас хэлэх гэж байсан үгээ тодорхой хэлж чадсангүй” гэх мэт.
Магадгүй та өөрийнхөө юу мэдэрч байгааг илүү сайн ойлгохыг хүсвэл дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Энэ мэдрэмж хэр хүчтэй мэдрэгдэж байна вэ?
- Энэ мэдрэмж миний биеийн аль хэсэгт мэдрэгдэж байна вэ ?
- Энэ зөвхөн нэг мэдрэмж үү хэд хэдэн мэдрэмж үү?
- Энэ мэдрэмж намайг юу хиймээр санагдуулж байна вэ?
- Миний бие энэ мэдрэмжинд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ?
- Энэ мэдрэмж нь миний бие болон сэтгэл дотор яаж мэдрэгдэж байна вэ? Эдгээр асуултууд нь танд таны юу мэдэрч байгаагаа илүү сайн ойлгоход тусална гэж найдаж байна. Дараагийн удаа хамтдаа “Би мессеж”-ийн аргыг сурцгаая.
