Энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэл судлаач Орсоогийн Туяа уригдан оролцлоо.
Боловсрол
- 1975-1981 Киев Улсын Их Сургууль-Олон улсын эрх зүйч
- 2004-2007 ОХУ-Нью их сургууль-Сэтгэл зүйн сурган хүмүүжүүлэх судалгаа
- 2007-2008 ОХУ-Москвагийн Улсын Их Сургууль-Сурган сэтгэл судлал
- 2009-2015 ОХУ-Ард Түмний Найрамдлын Их Сургууль-Сэтгэл судлалын ухааны доктор
Ажлын туршлага
- 1981-1983 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний хороо-Хуулийн мэргэжилтэн
- 2000-2002 онд Гадаадын сурвалжлагчдын холбоо-Москва (Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам)-Оффис менежер
- 2017 оноос Хувийн psychotherapeutic практик
Сэтгэл зүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүний нийгэмд эзлэх байр суурь, манай улсад тус шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байгаа талаар асуултаа эхэлье. Энэ талаар та манай цахим хуудасны уншигчидтай санал бодлоо хуваалцана уу?
Юуны өмнө Монголын Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн цахим хуудсаар дамжуулан уншигчдынхаа энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилж байна.
ХХ зуунд дэлхийд техник технологи, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарууд асар хурдацтай, үсрэнгүй хөгжсөнийг бид бүхэн сайн мэдэх билээ. Харин ХХ зууны дунд үеэс хүний сэтгэл зүй гэгч хамгийн учир битүүлэг, хэн ч тааварлашгүй, хамгийн нарийн, хамгийн сонирхолтой шинжлэх ухаан болохыг хүлээн зөвшөөрч, энэ үеэс хүнийг сэтгэл зүйн талаас судлахад онцгой анхаарал хандуулж, хүний сэтгэл зүйг судлах талаар суурь судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж эхэлсэн байна.
Хэдэн арван жилийн өмнө манай улсын хувьд сэтгэл зүйн шинжлэх ухааныг төдийлөн ойшоодоггүй, сэтгэл судлаач хүний мэргэжлийг үнэлдэггүй, сэтгэцийн гажигтай иргэдтэй сэтгэл судлаач ажиллана, сэтгэл мэдрэлийн гажигтай хүмүүст л сэтгэл судлаачид хэрэгтэй гэсэн хандлага давамгалдаг байсныг хэн хүнгүй санаж байж магадгүй юм. Харин одоогийн хандлага эрс өөрчлөгдөж, сэтгэл судлаачийн мэргэжил нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай болох нь нотлогдож байна.
Тухайн хүнд тохиолдсон түр зуурын бэрхшээлийг сэтгэл зүйн хувьд даван туулахад хүмүүст сэтгэлийн тэнхээ, урам зориг төрүүлэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн итгэл найдварыг сэргээн бадрааж, амьдралд нь сэтгэл харамгүй туслалцаа үзүүлдэг хүмүүс бол сэтгэл судлаач нар юм гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Энэ ч утгаараа сэтгэл судлаач хүнийг хүндлэхгүй байхын аргагүй, сэтгэл зүйн мэргэжил нийгэмд хүндтэй байр суурийг эзэлдэг гэсэн бодолтой байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан дэлхийн тэргүүлэх орнуудын жишгээр манай улсад амжилттай сайн хөгжиж, үр өгөөжөө олон нийтэд хүртээж байгааг харж, бахархалтай байгаагаа сэтгэл судлаач хүний хувьд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Үүний нэг илрэл болманай улсын олон жилийн түүхтэй, нэр хүндтэй их, дээд сургуулиудад Сэтгэл судлалын танхим нээгдэж, Сэтгэл Судлалын Үндэсний Төв зэрэг байгууллагууд энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг чухал ач холбогдолтойд тооцож байна.
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Сэтгэл судлаач нь сурган хүмүүжүүлэгчийн адил хамгийн энэрэнгүй мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн нэг, тодруулбал бид хүүхдүүд болон хүний дотоод сэтгэл гэсэн тийм нарийн материтай ажилладаг.
Хүүхэд багачуудыг өв тэгш хувь хүн болгон хүмүүжүүлж, сэтгэлийн нийц зохицлыг олж авахад нь насанд хүрэгчдэд туслахыг би өөрийн мэргэжлийн онцлог, давуу тал хэмээн үздэг. Амьдрал, практик дээр сэтгэл судлаачийн мэргэжил амаргүй бөгөөд бид сэтгэл зүйн янз бүрийн асуудал бүхий хүнтэй харилцах явдал олонтаа гардаг. Өөрийн үйлчлүүлэгчдийн хувь хүний онцлогоос шалтгаалахгүйгээр тэдэнд сайхан сэтгэлээр байнга хандаж, чадах чинээгээрээ тусалж байх нь бидний хувьд нэн чухал. Юм бүхэнд уураа барсан, сөрөг санаа бодолтой, уулзаж байгаа сэтгэл судлаачид руугаа хамаг л муу муухайгаа нялзаахыг санаархдаг хүмүүс ч тааралддаг.
Гэтэл харилцаж ярилцаад саад, бэрхшээлтэй асуудлаас ангижрахад сэтгэл зүйн дэм өгөнгүүт сэтгэл санаа нь гийгээд түргэн тайвширдаг хүмүүс ч бий. Гэхдээ ямар ч нөхцөлд өөрийн үүрэгт ажлыг чин сэтгэлээсээ хийхийг би мөрдлөг болгон ажилладаг. Үйлчлүүлэгч маань амьдралын элдэв бэрхшээлийн ачаалал, дарамтаасаа салж, жинхэнэ гэгээрсэн сэтгэлтэйгээр манай ажлын өрөөнөөс гарч явах үе л миний хувьд хамгийн сэтгэлийн таашаалтай, аз жаргалтай мөч байдаг юм. Хүнд тус хүргэх шиг сайхан зүйл гэж хаана байхав дээ.
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага, баримталдаг зарчим?
Сэтгэл судлаачийн гол зарчмын нэг бол хүнд яаж амьдрах, хаашаа явах, юу хийх гэх мэтийг зааж зөвлөдөггүй онцлогтой. Ямар нэгэн хүн амьдралын бэрхшээлтэй тулгарч болно, зарим нь түүнийгээ даван туулж чадахгүйгээр улам стресс, депрессид ордог. Энэ үед л тухайн хүн сэтгэл судлаачид хандах нь зүйтэй. Сэтгэл судлаач тухайн үед зовлонд шаналсан нөхрийн дотоод нөөц, боломжийг илрүүлж, түүнийгээ ашиглаж бэрхшээлээс гарах аргыг ойлгуулах үүрэгтэй. Хүн бүрт тэрхүү нөөц боломж байдаг юм. Энд яригдаад байгаа нөөцүүдийн нэг бол бусдаас тусламж хүсч гуйж чаддаг байхыг хэлнэ.
Монгол хүний гэрийн хүмүүжлийн онцлог бол хүүхдүүдээ бие даасан, тэвчээртэй, хатуужилтай болгох, өөрийн асуудлыг өөрөө шийд гэсэн зарчмыг багаас нь зааж сургадаг. Энэ бол маш сайхан зарчмууд, би ч мөн адил ээжийгээ дуурайж хүүхдүүдээ энэ зарчмаар өсгөн хүмүүжүүлсэн хүний нэг. Гэтэл хүндрэл бэрхшээл тохиолдсон үед зарим хүн ганцаараа «гүрийгээд» (ялангуяа, монгол эмэгтэйчүүдийн онцлог юм шиг санагддаг) эцэс сүүлд нь ядраад, стрессдээд, сэтгэл санааны хямралд орж, нөгөө л дааж давшгүй дарамттайгаа үлдэж хоцордог. Ингэхийн оронд бусдын тусламж авсан нь хавьгүй дээр биз дээ? Тусламж хүсч гуйхад шившигтэй зүйл огт байхгүй гэдгийг ойлгуулах нь сэтгэл судлаачийн бас нэг үүрэг гэж үздэг. Энэ зарчмыг би амьдралын сайхнаас ухаарч ойлгон, амьдралдаа хэрэгжүүлж яваа нэгэн.
Хүмүүсийн эерэг, сөрөг хандлагын тухайд
Хүн ойр хавийнхаа хүмүүст хэрхэн хандаж байна, өөртөө тийм хандлагыг л төрүүлдэг. Хүнээс илэрч байгаа эерэг эсхүл сөрөг ааш араншин нь мөн тийм үр дагаврыг түүнд авчирдаг. Энэ ч бас манай мэргэжил нэгт нөхдийн хувьд онцгой тулгамдсан асуудлын нэг гэж үзнэ. Хүний амьдралын хамгийн үнэ, цэнэтэй зүйл бол хүмүүс хоорондоо ямагт найрсаг харилцаатай, харилцан бие биеэ ойлгосон эерэг хандлага, уур амьсгалыг бүрэлдүүлж, хүн чанараа алдахгүй байх нь чухал гэсэн бодлыг өөртөө тээж явдаг юм.
Ажлын төлөвлөгөө, яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Би олон төслийн ажил хэрэгжүүлж байгаа учраасбодож төлөвлөсөн, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлээр дүүрэн явна. Санасан бүхнээ хэрэгжүүлж амжих эрч хүч, эрүүл мэнд, урт насыг надад хайрлаарай хэмээн би Хөх тэнгэртээ залбирч явдаг.
- Улс, орныхоо хэмжээнд гэвэл, өнөөгийн монголчуудын хувь хүний мөн чанарыг Монголын их, дээд сургуулийн сэтгэл судлаачидтай хамтран судлах ажлыг хиймээр байна. Энэ бол асар их хугацаа, хүн хүч, хөрөнгө, зардал шаардагдах төсөл гэдгийг сайн ойлгож байгаа хэдий ч үүнийг хэрэгжүүлнэ гэсэн бодлоо дотроо хадгалсаар явдаг. Энэ бол миний хамгийн том хүсэл мөрөөдөл.
- Монгол, Оросын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны түвшинд авч үзвэл (Оросын улс түмний найрамдлын их сургууль болон Монгол улсын их сургууль хооронд), Монгол оюутнуудын сэтгэл хөдлөлийн (эмоциональный интеллект) байдлыг хамтран судлах төслүүд боловсруулж, заримыг нь зах зухаас нь хэрэгжүүлж эхлээд байгаа.
- Өөрийн мэргэжил дээшлүүлэх хүрээнд гэвэл, сэтгэл судлаачийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Үүний хажуугаар бие хүний болон гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө (Psychological counseling) хөтөлж эхэлсэн. Иймд сэтгэл судлаачийн диплом, эрдмийн зэрэг цолтой байх нь хангалттай биш гэж үзэж, өөрийнхөө мэргэшлээ дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цол хамгаалсаныхаа дараа Positive and Transcultural Psychoterapy-гийн суурь дамжаа дүүргэж, World Association for Positive and Trascultural Phychoterapy, Wiesbaden (Germany) Academy of Phsychoterapy-ын шалгалтыг амжилттай давж, Basic Consultant of Positive Physchoterapist сертификатыг хүртсэн. Энэ чиглэлээр цаашид Мастер-курст үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа.
- Хувь хүний түвшинд гэвэл, манай эртний өвөг дээдэс дэлхийн олон улс гүрнүүдийг байлдан дагуулж ноёрхолоо тогтоож байсан түүхэн үнэнийг өгүүлсэн гайхамшигтай бүтээлүүдийг Монгол, Орос, Арабын зохиолчид өөр өөрсдийн хэл дээр туурвисан байдаг. Эдгээрийн зарим нэгийг орчуулж олон түмний хүртээл болгох юмсан гэж боддог. Жишээлбэл, дундад зууны үеийн Монголчууд Араб тивийн орон нутгийн (Египет, Сири) засаг төр, аж ахуй, соёлд гарцаагүй түүхт нөлөө үзүүлсэн талаар нэгэн Монгол дипломатчийн бичсэн номыг Орос хэлнээс Араб хэл рүү орчуулах маш сонирхолтой ажил хийж байгаа.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг, амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг, цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Миний хувьд амралт бол үйл ажиллагааны нэр төрөл өөрчлөгдөхийг хэлнэ. Сэтгэл судлалын салбарын хүмүүс ажил, хичээл сургалт ихтэй байдаг хэдий ч ар тал, гэр орны өдөр тутмын ажил, нөхөр, хүүхдүүддээ анхаарал халамж тавих ажилд хэн ч намайг орлож чадахгүй. Аливаа ажлыг зохион байгуулалттайгаар зохицуулж явахгүй бол юуг ч амжуулж чадахгүй биздээ.
Нөхөр, хүүхдүүдийн зуны амралтаар тэдний хамт янз бүрийн орноор аялж, тэнд амьдардаг ард түмний ёс заншил, байгаль, түүхийн сонирхолтой газруудтай танилцаж, судалгаа, шинжилгээний ажилтай холбоотой зүйл олж мэдэхийг хичээдэг.
Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд, баримталдаг зарчим
Миний анхны мэргэжил бол олон улсын хуульч. Хоёр дахь дээд боловсролоор Сэтгэл судлаач-сурган хүмүүжүүлэгчийн мэргэшилтэй болж, дараа нь эрдмийн цол хамгаалсан юм. Гэсэн хэдий ч “Хүрсэн амжилтандаа хэзээ ч бүү тайвшир» гэдэг зарчимтай учир энэ түвшинд хүрээд зогсохгүй, цаашид мэргэжлээ байнга дээшлүүлж явна. Цаашид өөрийн үр хүүхдүүддээ өмнө дурдсан зарчим болон дараах ардын цэцэн сургааль үгсийг амьдралын зарчим болгож, насан туршдаа мөрдөж яваарай гэж байнга захиж сургаж ойлгуулж байдаг юм. Тэр нь: «Хэн хөгжилтэй байна-тэр инээдэг, хэн хүснэв- тэр чаддаг, хэн эрнэв- тэр үргэлж олдог», мөн « Сэтгэлээ амар амгалан байлгаж чадвал бүх юм бүтнэ, ууртай хүн алдаа ихтэй»; «Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал» гэсэн зарчмуудыг хэлж сануулдаг.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл, амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Амттай нарийн хоол хийж нөхөр хүүхдүүд, найз нараа баярлуулах, гоё чамин загварын хувцас урлаж оёх, өөрөө түүж хатаасан цэцэг навчаар жаазтай зураг хийж хүмүүст бэлэглэн сэтгэлийн таашаал хүртэх дуртай. Ер нь сэтгэл судлаачдын дүгнэлтээр бол ямар нэгэн хоббитой хүн стрессэд орох нь бага гэж үздэг. Үнэхээр дуртай юмаа хийж, сэтгэлийн эмоцидоо хөтлөгдөн байхдаа амьдралын эрээн бараан асуудлыг мартаж, урлан бүтээж байгаа зүйлээ яаж аль болохоор гоё, үзэмжтэй хийх вэ гэж боддог. Дараа нь өөрийн гараар хийсэн уран бүтээлээ бэлэглэж, хүлээн авч байгаа хүнээ хэрхэн баярлаж байхыг харахад сэтгэл маш хангалуун байдаг.
Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхээ халуун дулаан хүрээлэлд байхдаа би жаргалтай, амьдралаас авдаг сайхан мэдрэмж гэж үүнийг л хэлнэ.
Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл
Энэ сайхан мөчид хайртай аав, ээжийгээ дурсан санахгүй байхын аргагүй. Миний аавыг Б.Орсоо гэдэг, Монгол Улсын Гадаад харилцааны яаманд насаараа ажилласан, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цолтой хүн байсныг эргэн дурсахад туйлын баяртай байна.Э эж Түмэндэмбэрэл маань өндөр насныхаа тэтгэвэрт Улаанбаатар хотдоо энх тунх амьдарч байгаа. Мөн Гадаад харилцааны яаманд ажилласан анхны дипломат эмэгтэйчүүдийн нэг. Үр хүүхдүүд бидний сайн сайхан амьдарч яваа нь аав, ээжийн минь буян заяа түшсэнийх. Тэд маань бидэндээ амьд бурхад учраас аав, ээжийгээ хайрлаж хамгаалж шүтэж байх нь хүүхэд бүхний үүрэг. Би мөн хоер сайхан эгчтэй, тэд нарынхаа болон миний бахархал болсон хоер хүргэн ахынхаа нөмөр нөөлөг, түшиг, дэмжлэгийг үргэлж хүртэж явдагдаа маш баяртай байдаг.
Бид одоо гэр бүлээрээ Москвад амьдарч байгаа учраас өөрийн хүүхдүүд, бэрүүд болон ач, зээ нарыгаа Монголдоо аваачиж, эцгийнхээ төрсөн нутаг Ховд аймаг, түүнчлэн Говь, Хөвсгөл нуур гээд эх оронтой нь танилцуулахыг хүсч мөрөөдөж байна. Хүүхдүүд болон ач, зээ нар маань өсч том болцгоогоод ажил хийх нь хийж, суралцах нь сурч байгаа болохоор тэднийг нэг дор цуглуулах гэдэг тийм ч амархан санасан зоргоор бүтэх ажил биш бололтой. Гэхдээ санаж явахад сайхан мөрөөдөл биелдэг шүү дээ.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл
60 наслаад, хоёр дээд боловсрол эзэмшиж, Ph.D эрдмийн зэрэг хамгаалж, энэ чиглэлээр мэргэжлээ хичнээн ч дээшлүүлж, амьдралдаа хичнээн ч их юм бүтээж хийж чадсан хэдий ч, өөрийн хамгийн өндөр амжилт, бүтээл гэж би дараах гурван зүйлийг тооцдог. Тэр нь, нөхөртэйгээ олон жил аз жаргалтай амьдарч, мөн хоёр сайхан хүү, охин төрүүлж, тэднийг Монгол улсын иргэн, ээжийнхээ Монгол эмэгтэй гэдгээр бахархдаг сайн хүмүүс, эх орныхоо хүндтэй иргэд болгон хүмүүжүүлж, үерхэлдээ үнэнч олон сайн найз нөхөдтэй болж чадсан нь. Энэ ч зөвхөн миний гавьяа биш юм, харин аав, ээжийн сайхан үлгэр дууриал, тэд маань надад зөв хүмүүжил, соёл, боловсрол, хүн чанарын үндэс суурийг тавьж өгөөгүйсэн бол энэхүү сайхан амьдралыг цогцлоон бий болгож, эрхэм хүндтэй алдрыг хүртэж чадахгүй байсаан гэдэгт итгэж явдаг.
Одоо уншиж буй ном
Уран зохиолын цаасан ном унших хорхоотой. Эрдмийн ажлаа бичиж байхдаа нилээн хэдэн жил уран зохиолын ном унших завгүй байсан. Харин одоо сонирхол татсан ном унших боломжтой боллоо. Саяхан Б.Сарантуяагийн “Сорхугтани” гэдэг романыг уншиж дууслаа, энэ номыг эгч маань надад өгсөн юм. Энэ романд манай төрт ёсны түүхэнд монгол эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, тэдний оюун санаа, цэцэн мэргэн ухаан, сэтгэлийн эрч хүчний тухай гайхамшигтай олон баримт өгүүлснийг олж мэдсэн маань бүр ч олзуурхууштай. Одоо “Чонын сүлд” гэдэг номын монгол орчуулгыг уншиж байна. Үүнийг найз бүсгүй маань бэлэглэсэн. Дөнгөж уншиж эхэлсэн, тус номонд монгол эмэгтэйн хатан зориг, тэвчээр хатуужил, хүн чанар, түүний давуу талыг дүрслэн харуулсан нь надад онцлог санагдсан сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байна.
Улсын ирээдүй таны нүдээр
Би Монгол Улсын 3 сая гаруй иргэний нэгийн хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, хүн амын элбэг чинээлэг жаргалтай амьдралын төлөө үргэлж санаа тавьж, сайн сайхныг хүсэн ерөөж явдаг. Манай улсыг хөгжлийн сайхан ирээдүй угтаж байгаа, үүнд итгэдэг. Монгол улсын маань заяа буян эгнэгт мандан бадрахын ерөөл дэвшүүлье. Та бүхний ажилд нь амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.
