Бидэнд яагаад сэтгэл хөдлөл байдаг вэ?

1751
0

Ихэнх хүмүүс мэдрэмж, сэтгэл хөдлөл хоёр нь ижил утгатай гэж боддог. Гэвч бие биенээсээ хамааралтай боловч сэтгэл хөдлөл, мэдрэмж хоёр нь өөр хоорондоо ялгаатай юм. Мэдрэмжийн талаар бид дараа тусад нь ярилцах тул энэ удаад зөвхөн сэтгэл хөдлөл дээр төвлөрье. 

Сэтгэл хөдлөл нь физиологийн төлөв байдлыг тодорхойлдог бөгөөд далд ухамсарт үүсдэг. Өөрөөр хэлбэл таны бие махбодь гадаад болон дотоод үйл явдлуудад хариу үзүүлж буй автомат хариу үйлдэл юм. Энэ нь соёл иргэншлээс үл хамааран бүх хүмүүст байгалиасаа байдаг гэсэн үг. Тархи судлалын үүднээс авч үзвэл хүний өдөөлтөд үзүүлэх хариу үйлдлийг тодорхойлдог тархины бор гадаргын нэг болох амигдала лимбийн системээс бидний сэтгэл хөдлөлүүд гаралтай гэж үздэг. Тархины энэхүү үйл ажиллагаа нь бидний зан байдал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлд нөлөөлж, юу чухал эсвэл аюултай болохыг тодорхойлж байдаг. Харин үүний эсэргээр мэдрэмж нь сэтгэл хөдлөлийн субъектив туршлага бөгөөд ухамсартай бодол, эргэцүүллээр удирдагддаг. Энгийнээр тайлбарлавал мэдрэмж нь сэтгэл хөдлөлгүйгээр оршин тогтнох боломжгүй, харин сэтгэл хөдлөл нь бие даан оршдог юм.

Жишээлбэл, хэрэв бид зэрлэг байгальд арслантай таарлаа гэвэл зөвхөн нэг сэтгэл хөдлөл идэвхижих нь айдас юм. Энэ бол анхдагч, генетикийн сэтгэл хөдлөл бөгөөд айдас нь бидний зүрхний цохилтыг нэмэгдүүлж, нөхцөл байдал аюултай байгаа гэсэн дохиог өгч, ямар нэгэн үйлдэл хийхийг шаарддаг. Энэ үед бид арслангаас зугтах эсвэл, сөргүүлж дайрахыг сонгож болох ч ямар ч тохиолдолд айдас нь биднийг үйлдэл хийхэд хүргэж байна гэдэг нь бидний ойлгох хэрэгтэй хамгийн чухал санаа юм.

Ингээд харвал баяр баясал, уйтгар гуниг, гайхшрал, уур бухимдал, айдас, жигшил, болгоомжлол зэрэг бидэнд байдаг суурь сэтгэл хөдлөлүүд маань гадаад орчноос нөхцөл байдал, юмсыг хүртэн хүлээж авч, тэдгээрт хариу үйлдэл үзүүлсээр байдаг. Хэдийгээр бид эдгээр бүх сэтгэл хөдлөлүүдээ байнга анзаардаггүй ч эдгээр сэтгэл хөдлөлүүдийн оршин байгаа ганц зорилго бол бидэнд танигдах явдал бөгөөд хэрэв бид сэтгэл хөдлөлүүдээ анзаарч, тэднийг зөв таниж чадвал бид тэднээс хэрэгтэй мэдээллээ олж аван сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хангаж, цаашлаад шийдвэр гаргах чадвар, амьдралын чанар зэрэг хүний амьдралын хамгийн чухал хэсгүүдийг төгөвггүй сайжруулах боломжтой гэсэн үг юм.

Харин эсэргээрээ бид сэтгэл хөдлөлүүдээ зөв таниж чадахгүй, анзаарахгүй, эсвэл анзаарсан ч тэднийг үл тоох юмуу, дарах гэж оролдох нь урт хугацаандаа сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг үүсгэж, өөрийгөө ойлгох, бусадтай харилцах харилцаа, ажлын бүтээмж зэрэгт, бүр цаашлаад таны сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх боломжтой юм.

Тиймээс та бүхэн сэтгэл хөдлөлийг дэлхийн бүх хүнд байдаг энгийн хариу үйлдэл гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрч, тэдгээрийгээ байнга анзаарахыг хичээгээрэй.


Анужин
WRITTEN BY

Анужин

Psych 101 цуврал нийтлэлээр та бүхэнд сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *