Хайрын код

428
0

Бидний хэн байх нь ухамсарт сонголт, хичээл зүтгэлээс хамаардаг ч бидний бага нас өнөөдрийн БИ -тэй салшгүй холбоотой.

Ямар нөхцөлд би хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг, ямар үед хэрхэн өөрийгөө илэрхийлдэг зэрэг нь бидний ухаан орохдоо, хүрээлэн буй орчноо хэрхэн мэдэрч, дасан зохицох шаардлагатай байсантай холбоотойгоос гадна хосын харилцаанд биеэ хэрхэн авч явдаг болоход хүртэл нөлөөлдөг гэдгийг гэр бүл, хосын судлаачид болох Милан, Кэй Иэркович тодорхойлжээ.

Бага нас болгон тухтай, хайр энэрлээр дүүрэн байдаггүй. Гэлээ гээд та хайр мэдэхгүй эсвэл хайрлаж чадахгүй гэсэн үг огт биш шүү.

Германы алдарт сэтгэл судлаач Эрик Фромм-ын өгүүлснээр хайрлах гэдэг үйлдэл нь хүний амьдралын явцад суралцдаг чадвар юм.

Өөрийн болон хосынхоо хайрын загварыг тодорхойлсноор нэг нэгнээ илүү ойлгох, ойлголцох боломж нээгдэхээс гадна бидний хайрлах чадвараа сайжруулахын тулд олох хэрэгтэй эхлэлийн цэг байх болно. 

Ингээд бидний амьдралд хайрын кодчилол хэрхэн нөлөөлдөгтэй танилцъя.

1.     The Pleaser – Бялдууч 

Хэт шүүмжлэмтгий, ууртай, хатуу ширүүн эцэг эх, асран хамгаалагчтай гэрт тэд өсдөг. Хүүхэд л болсон хойно хамт байгаа том хүнээ уурлуулчихгүйн тулд өөрийн байж чадах хамгийн сайнаараа байна. Дуулгавартай, томоотой, үгэнд ордог. Энэ хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа халамж тайтгарал авдаггүй, харин эсрэгээрээ өөрийн цаг зав, эрч хүчээ томчуудыг тайтгаруулахад зарцуулна. 

Энэ төрлийн хүмүүс маргаан, үл ойлголцолд хэт тухгүй мэдрэмж авдаг болохоор маргаанаас зугтах, хурдан бууж өгөх, уучлалт гуйх хандлагатай байдаг. Тэд зөрчил, маргаанд дургүй учир бусдад үгүй гэж бараг л хэлэхгүй, санал зөрөлдөхгүйн тулд өөрийн жинхэнэ бодол мэдрэмжийг нууна, худал үг ч хэлнэ. Насанд хүрэх явцдаа тэд ойр орчмын хүмүүсийнхээ сэтгэл санаа, зан аашийг хэнээс ч сайн уншиж, бүгдийг аз жаргалтай, хэрүүл маргаангүй байлгахын тулд өөрийн хэрэгцээ шаардлагыг хүртэл мартана. Хэрвээ тэд хэн нэгний итгэлийг алдсан эсвэл хангалтгүй байгаа мэт санагдвал тэд сэтгэлээр унаж, магадгүй харилцаагаа дуусгавар болгох хандлагатай. 

Жишээ нь Бат. Бат сургуулийнхаа шилдэг сурагч, нэр хүндтэй их сургуульд суралцан төгссөн. Түүн шиг хүн амьдралынхаа утга учрыг олчихсон байхдаа л гэмээр харагдана. Гаднаасаа бусдад их таатай харагдах ч дотроо тийм ч тухтай биш. Асуудал тулгарахад хаана асуудал үүсээд байгааг ил тод ярилцахгүй, гарц гаргалгаа ярихгүй, тайвширтлаа таг алга болно. Найз нөхөд, гэр бүлийнхний бодол түүнд маш чухал.. Магадгүй нэг сэдэв дээр Батаа-гийн хувийн бодлыг нь асуувал түүнд хэлэх үг олдохгүй байх. 

Бусдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан өөрийгөө өөрчилж, хичээнэ. Хэрвээ та Бат-аас өөрийгөө олж харсан бол тогтвортой, эрүүл харилцааг үүсгэхийн тулд бусдын хүлээлтэд өөрийгөө тааруулах гэж хичээхээс илүү өөрийн бодол мэдрэмжээ сонсож, түүнийгээ хайртай дотнын хүмүүстэйгээ нээлттэй ярилцахыг хичээгээрэй.

2.     The Victim – Хохирогч

Дуулиан шуугиантай гэрт хохирогч нар хүмүүжих нь элбэг. Өөр дээрээ аль болох бага анхаарал авах нь аминд өлзийтэй тул хохирогч нар их уян хатан байж нөхцөл байдалдаа дасан зохицно. Ууртай, гар хүрдэг эцэг эх, асран хамгаалагчтайгаа зохицохын тулд тэд дуугаа хурааж, нуугдаж сурна. Бодит байдал хэтэрхий хатуу тул тэд өөрийн төсөөллийн ертөнцөө үүсгэдэг. 

Хохирогч нар өөртөө итгэлгүй, сэтгэл гутрал эсвэл түгшүүртэй байх нь түгээмэл. Амьдралын ханиа сонгохдоо бага насандаа өөрийн дассан, тухтай биш ч дотно мэдрэмжийг өгөх зан ааштай хүнийг сонгох нь элбэг. Урсгалаараа урсаж, уян хатан байх нь тэдний хувьд амьд үлдэх ганц арга зам. Тэдний хувьд маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдал тухгүй биш, харин ч болох зүйл болж буй мэдрэмжийг авна. Харин зөрчилдөөн хооронд үүсэх хэсэг зуурын тайван байдал тэднийг тавгүй туулна  

Энэ төрлийн хүмүүс тогтвортой, урт хугацааны эрүүл харилцаанд орохын тулд эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хэн хүссэн хүнд өөрийгөө гишгүүлэлгүй, шаардлагатай нөхцөл байдалд өөрийн бодол мэдрэмжийг чухалчилж, өөрийнхөө төлөө дуугарах нь өөрийгөө хайрлах хайрын нэг хэлбэр юм шүү. 

3.     The Controller – Хянагч

Өсөж хүмүүжиж буй орчин, гэр бүлийн хүмүүсээсээ тогтвортой, аюулгүй мэдрэмжийг авч чадаагүй хүүхэд өөрөө өөрийгөө хатуужуулж, өөрийгөө асарч сурдаг. Бага насандаа мэдэрсэн сул дорой, хүчгүй мэдрэмжийг ахиж хэзээ ч мэдрэхгүй гэх бодолдоо тэд бүх зүйлийг өөрийн хяналт дор байлгахыг хүснэ. Бүх зүйл хяналтад байгаа цагт тэд хэзээ ч айхгүй, сул дорой мэдрэмж авахгүй, ичихгүй. 

Уур нь түүний хувьд бүх зүйлийг хяналтдаа байлгах арга хэрэгсэл болно. Өөрийн тав тухтай орчноос цааш гарахыг хүсэхгүй. Хянагчид асуудлыг гартаа авч, өөрийн аргаар шийдвэрлэнэ. Нөхцөл байдал хяналтаас гарахад тэд хяналтыг эргүүлэн гартаа авахын тулд уурлана. 

Энэ төрлийн хүмүүс урт хугацааны эрүүл бас тогтвортой харилцаа үүсгэхийн тулд тэд бусдад итгэж сурах хэрэгтэй. Зарим нэг зүйлийг тоолгүй өнгөрөөж сурахаас гадна ямар нөхцөлд өөрийн уурлаад байгааг анзаарах, үнэхээр уурлах асуудал мөн үү эсвэл хяналтаа алдаад сул дорой болох гээд байгаа юм шиг санагдсан болохоор уурлаж байна уу гэдгээ ялгаж салгаарай. 

4.     The Vacillator – Эргэлзэгч 

Ямар үед хүн эргэлздэг вэ? 

Яг тийм.. Тодорхойгүй нөхцөл байдал хүнийг эргэлзүүлдэг. Эцэг эх, асран хамгаалагч нар нь нэг бол хайраар булаад, нэг бол ердөөсөө тоохгүй, тогтворгүй барьцгүй, тодорхойгүй байсан бол хүн эргэлзэгч болох нь түгээмэл байх нь.

Ээж аав, асран хамгаалагчийнх нь хувьд тэдний хэрэгцээ хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй зүйл биш гэдгийг хүүхэд насандаа ойлгоно. Эцэг эх, халамжлагчаасаа авах анхаарал, халамж нь тийм ч тогтвортой биш байх нь энэ төрлийн хүмүүсийг хайртай дотнын хүмүүстээ хаягдахаас айх хүчтэй айдсыг үүсгэдэг. 

Тэд нас биед хүрэхдээ бага насандаа авч чадаагүй тогтвортой, найдвартай хайрыг олохыг хүсдэг. Шинэ харилцаанд орохдоо тэд туйлын сайхныг төсөөлнө. Хүлээлтээ хэт өндөр тавьж, үүлэн дунд нисэж байгаад бага зэргийн сэтгэлд хүрэхгүй, хүлээлтээс доогуур зүйл тохиолдоход тэдний харилцаандаа итгэх итгэл нь тэр чигтээ ганхана.

Эргэлзэгч нар өөрчлөлтөд хэврэг бас эмзэг. Хос нь түүнтэй харилцах харилцаанд гарсан ялихгүй өөрчлөлтийг ч анзаарна. Энэ төрлийн хүмүүс урт хугацааны тогтвортой,  эрүүл харилцааг үүсгэхийн тулд бусдыг таньж мэдэхдээ хугацаа зарцуулж сурах хэрэгтэй. Танилцаад удаагүй байж хамгийн сайн сайхныг төсөөлж хүлээлт үүсгэчхээд, тэр хүлээлтээрээ өөрийгөө шаналгахгүй байхыг хичээх хэрэгтэй. 

5.     The Avoider – Зугтагч

Хайр халамж багатай, биеэ даасан байдлыг эрхэмлэдэг гэрт зугтагч нар хүмүүжих нь элбэг. Бага наснаасаа өөрийн мэдрэмж хүслийг хойш нь тавин байж биеэ даан, өөрөө өөрийгөө арчилж сурдаг. Тэд өөрийн хувийн орон зайдаа хамгийн тухтай. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ сонсож, зүрхээ чухалчилчхаас илүүтэй логик гаргалгаа, тархиндаа найддаг. Тэд сэтгэл хөдлөл ихтэй хүний хажууд байхдаа нэг л тухгүй. Энэ төрлийн хүмүүс эрүүл, тогтвортой, урт хугацааны харилцаа үүсгэхийн тулд өөрийн мэдрэмжээ ойлгож, түүнийгээ нээлттэй илэрхийлж сурах хэрэгтэй. 

Энэхүү нийтлэлээрээ хүмүүсийг ямар нэг ангилалд хамаатуулан хайрцаглах гэсэнгүй. Харин бага нас хүний романтик харилцаанд хэрхэн нөлөөлөх боломжтой гэдгийг, бас өөрийгөө хэрхэн хайрладаг, хайрлагддаг гэдгээ ойлгоход бага ч гэсэн чиглүүлэг болно байх гэдэг үүднээс бичлээ. Хайр, хосын харилцаа нь яг л хүн шигээ хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Бага нас болгон тухтай, хайр энэрлээр дүүрэн байдаггүй. Гэлээ гээд та хайр мэдэхгүй эсвэл хайрлаж чадахгүй гэсэн үг огт биш шүү. Германы алдарт Эрик Фромм сэтгэл судлаачын өгүүлснээр хайрлах гэдэг үйлдэл нь хүний амьдралын явцад суралцдаг чадвар. Өөрийн болон хосынхоо хайрын загварыг тодорхойлсноор нэг нэгнээ илүү ойлгох, ойлголцох боломж нээгдэхээс гадна бидний хайрлах чадвараа сайжруулахын тулд олох хэрэгтэй эхлэлийн цэг байх болно гэж ахин давтаад нийтлэлээ дуусгая. 

Та өөрийн мэдрэмжээ хэнээс ч санаа зоволтгүйгээр нэр, мэдээллээ нууцлаад хуваалцахыг хүсвэл BLINDCARE аппликэйшнээ татаж аваад ашиглаарай.

Танд мөн сэтгэл зүйн анхан шатны тусламж чиглүүлэг хэрэгтэй найз байгаа бол BLINDCARE аппликэйшныг дуулгаарай.

Хэрэв хүсвэл та сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст ХАНДИВ ӨГЧ туслаарай.

Цолмон
WRITTEN BY

Цолмон

Co-founder & Psychologist

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *