Сэтгэл зүйн зөвлөгөө VS Найзын зөвлөгөө

570
0

Таныг сонсоод суух найз байгаа учраас сэтгэл судлаачид хандах шаардлагагүй гэж хүмүүс бодох нь түгээмэл. Гэхдээ сэтгэл судлаачтай ярилцах нь хайртай дотын хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилцахаас өөр гэдгийг энэхүү нийтлэлээрээ тодруулах гэж зорилоо. 

Дотнын хүмүүстэйгээ ярилцах нь магадгүй үнэгүй бас тухайн үедээ тайвшраад өнгөрдөг байж болох юм. Гэхдээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцах нь танд цаашид бие даан амьдралын чанараа сайжруулахад хэрэглэгдэх танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн чадваруудыг өгдөг. 

Сэтгэл зүйн зөвлөгөө гэх үйлчилгээнд ямар хүлээлт тавихаа мэдэхгүй байх үед сэтгэл зүйчид хандах нь найзтайгаа ярилцахаас нэг их ялгаагүй гэж таамаглах амархан. Гаднаас нь харахад аль аль нь л хоёр хүн хоорондоо ярилцаж, сонсож, зөвлөж байгаа харагддаг нь үнэн.

Хүмүүс яагаад сэтгэл зүйн зөвлөгөө авах, найзтайгаа ярилцах хоёр ялгаагүй гэж боддог вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө нь ярихаас цаашгүй

Зөвхөн харилцан ярилцах гэж хэн нэгэнд төлбөр төлнө гэдэг бол мөнгөний гарз. Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний зөвхөн ил харагдах хэсэг, мөсөн уулын орой нь л харилцан яриа юм.

Сэтгэл зүйн зөвлөгөөний урт хугацааны үнэ цэнээс дурдвал:
• Мэдрэмжээ ойлгох, мэдрэх, илэрхийлэх чадварт суралцах
• Амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг сөрөг бодол, итгэл үнэмшлээ сорих
• Нөхцөл байдал болон хүмүүсийг харах, ойлгох шинэ өнцөг,
• Харилцааг сайжруулах
• Өөрийн эерэг сөрөг бодол, бодлын зам, үйлдлийг таньж мэдэх
• Таны өнгөрсөн амьдрал одоод хэрхэн нөлөөлж байгааг ойлгох
• Өөрийн мэдрэмж, бодлоо удирдах, ойлгох арга техникт суралцах
• Өөрийгөө ойлгох, таньж мэдэх
• Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь цаашид улам даамжирч, сэтгэцэд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ
• Blindspot-г сэтгэл зүйч нөхөж өгдөг

Сэтгэл зүйч таныг сорихгүй гэж боддог

Хүмүүс сэтгэл зүйч таны найзын өгдөг шиг зөвлөгөө өгч, таны сонсохыг хүссэн зүйлийг хэлж, санал нийлсэн өнгө аясаар ярилцана гэж төсөөлнө. Гэхдээ сэтгэл зүйч нар таны бодлыг сорьж байдаг. Ингэснээр та өөрийн амьдралын чанарыг сайжруулах шинэ арга замыг эрэлхийлж, туршиж эхлэх нөхцөл бүрдэнэ. Зарим үед сэтгэл зүйн зөвлөгөө танд тухгүй ч санагдаж магадгүй. Гэхдээ сөрөг бодол, зуршлаа таньж харах зам тийм ч дардан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Мэргэжлийн хүнээс дөлөх зарим нэг шалтгаан нь өөрчлөлтөөс зугтах хандлага байх нь ч түгээмэл. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн таны амьдралыг харах өнцгөөс өөр хувилбаруудыг санал болгож, таны итгэл үнэмшлийг сорих бол найз нөхөд таны талд бат зогсож тантай ижил үзэл бодолтой байх нь элбэг.

Тэгвэл яг ямар ялгаатай вэ?

Сэтгэл зүйч таны хувийн мэдээлэл болон нууцыг чандлан хадгалах үүрэгтэй

Таны мэдээлэл, түүхийг сэтгэл зүйч өндөр нууцлалаар хадгалах ёс зүйн дүрэмтэй байдаг тул та дотын хүмүүстээ хэлэх боломжгүй, дотроо хадгалдаг бодол мэдрэмжээ санаа зовохгүйгээр сэтгэл зүйчтэйгээ хуваалцах боломжтой.

Найздаа хэлсэн яриа, бодол мэдрэмж чинь цаашаа таны мэддэг өөр хүмүүст хүрэх эрсдэл үргэлж байдаг.

Сэтгэл зүйч таныг шүүмжлэхгүй

Олон жил суралцахдаа сэтгэл зүйч нар үйлчлүүлэгчийнхээ асуудал, бодол мэдрэмжийг өөрийн хувийн бодол мэдрэмжээс тусгаарлаж, шүүмжлэлгүйгээр сонсож таны асуудал, мэдрэмж дээр төвлөрөх чадварт суралцдаг.

Ийм учраас үйлчлүүлэгч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөнд илүү нээлттэй, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Сэтгэл зүйчийн ажил таныг шүүмжилж, юу зөв юу буруу болохыг заах биш гэдгийг ч үйлчлүүлэгч нар сайн мэддэг.

Сэтгэл зүйч нар обьектив ба ямар нэг талыг хэт баримтлахгүй/unbiased/

Найз нөхөд таны амьдралд найз нөхрийн дүрээр байдаг учир заримдаа юу ч болж байсан таны талд зогсохыг хүсэж болно. Сэтгэл зүйчтэй үүсэх харилцаа нь илүү мэргэжлийн байх ба мэргэжилтэн тантай сэтгэл хөдлөлөөрөө гүн холбогдохгүй байснаар сэтгэл зүйн зөвлөгөөний чанарт сөргөөр нөлөөлөхгүй.

Найзынхаа цаг завыг өөрийн асуудлын талаар ярьж үрсэндээ гэмшихгүй

Найзууд нэг нэгнээ харилцан дэмжиж тусалдаг. Хэрвээ зөвхөн та л нэг талдаа хэт их болохгүй бүтэхгүй зүйлсээ ярих нь найзыг чинь ядрааж, найзын тань амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тодорхой гарц шийдэл дээр төвлөрөн үр дүнтэй харилцан яриа өрнүүлэхээс илүүтэй нэг л зүйлээ давтан хил хязгааргүй ярилцах нь таныг ч найзыг чинь ч ядраах болно.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд та мэргэжилтний үйлчилгээг авч байгаа тул тухайн цаг бол таных бөгөөд та хэн нэгэнд хэт их дараа боллоо гэж гэмших мэдрэмж төрөхгүй.

Сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээгээ найздаа хандаж хангах нь тухайн нөхөрлөлийг гэмтээх эрсдэлтэй.

Нөхөрлөл гэдэг нь өгөх-авах зарчмаар ажилладаг. Хэрвээ та өгөхөөсөө илүү авах нь их байдаг бол эсвэл авахаасаа илүү өгөх нь их байдаг бол тухайн харилцаа эрүүл биш болж байгаагийн илрэл. Энэ тохиолдолд тухайн харилцаанаас хангалттай үнэ цэн мэдэрч чадахгүй байгаа тал нь нөхөрлөлөө дуусгах шийдвэр гаргах эрсдэлтэй.

Санамж

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний чанар 100% сэтгэл судлаачаас хамаардаггүй. Ямарваа харилцаа 2 талаас ижил хэмжээний хариуцлагатайгаар үүсдэг ба үйлчлүүлэгч сэтгэл судлаач хооронд итгэлцэл үүсэж, хамтран ажилласнаар тухайн сэтгэл зүйн зөвлөгөөний чанар тодорхойлогдоно.

Сэтгэл зүйч тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн шалтгаан, болон сэтгэл зүйн зөвлөгөөнөөс хүлээх хүлээлтийг тодорхойлж ойлголтоо нэгтгэснээр сэтгэл зүйн зөвлөгөөний зорилгоо тодорхойлж, ямар арга барилаар ажиллахаа төлөвлөдөг.

Бүх сэтгэл зүйч нарын арга барил ижилхэн биш тул та сэтгэл зүйч нарыг ерөнхийлөн дүгнэх гэж яарахгүйгээр өөрт хамгийн сайн тохирох арга барилтай сэтгэл зүйчээ олох дээр төвлөрөхийг зөвлөж байна.

Хэрвээ таны найз чинь сэтгэл зүйч бол та найзаасаа сэтгэл зүйч дүрийг нь хүлээх хэрэггүй л болов уу. Таны найз найзын дүрээр л тантай харилцан яриа өрнүүлж, таныг сонсож, танд зөвлөж байдаг. Дээр дурдсанчлан таны найз тантай сэтгэл хөдлөлөөрөө холбогдсон байдаг учир танд мэргэжлийн үр дүнтэй зөвлөгөө өгөх боломжгүй ба сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэмд хувийн харилцаатай хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй байхыг тодотгосон байдаг.

Эцэст нь хэлэхэд хүн сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээг сайн дурын үндэс дээр сонгосноор үйлчилгээ илүү үр дүнтэй болдог. Энэхүү нийтлэл таныг өөрөө сонголтоо хийхэд бага ч болтугай тусалсан гэж итгэж байна.

Цолмон
WRITTEN BY

Цолмон

Co-founder & Psychologist

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *