Энэ удаагийн дугаарт маань Хөөрхөн зүрхнүүдийн аян Төрийн Бус Байгууллагын удирдах зөвлөл, сэтгэл зүйч Пүрэвээгийн Энхчимэг уригдан оролцлоо.
Боловсрол
- 2000-2004 онд Монгол Улсын Их Сургууль- Сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш
- 2010-2012 онд Монгол Улсын Их Сургууль- сэтгэл судлаач, магистр
Ажлын туршлага
- 2008-2010 онд “Сэтгэл зүйн гарц” сэтгэл зүйн төвд удирдах зөвлөлийн гишүүн, сэтгэл зүйч,
- 2010-2012 онд “Монгол өрх”сэтгэл зүйн хүрээлэнд сэтгэл зүйч, насанд хүрэгчдийн зан үйлийн сөрөг дадал зуршлын өөрчлөх хөтөлбөрийн зохицуулагч,
- 2012 оноос Precident Asthetic Dental clinic-ийн сэтгэл зүйч,
- 2012 оноос “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч,
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Зарим хүмүүс ярилцаад ойлголцож байгааг сэтгэл зүйч болох боломжтой юм байна гэж харах хандлага бий. Энэ бол тийм биш юм, сэтгэл зүйч хүн ямар ур чадвартай байх ёстой вэ? хүмүүжил, боловсрол, чадвар, ааш зангийн хувьд хүн бүрт өөр өөрийн онцлог байдаг. Түүнд нь тохирсон аргачлалаар бид ярилцаж, сэтгэл заслын арга техникүүдээр харилцааг бий болгодог. Мэргэжлийн олон талын мэдлэгтэй байхыг, цаг үетэйгээ хөл нийлүүлээд зогсохгүй байнга хөгжихийг шаарддаг. Маш нарийн мэдрэмж шаардсан мэргэжил учраас онцлог давуу тал болно байх, нэг сурсан зүйлээ бүх хүнд хэрэглэнэ гэх боломж байхгүй.
Ажлын төлөвлөгөө
Манай “Хөөрхөн зүрхнүүдийн аян” Төрийн Бус Байгууллагын гол чиглэл бол жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, даван туулагчдад нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж ажилладаг юм. Манай орны нөхцөлд гэр бүлийн /бэлгийн хүчирхийллийн даван туулагч нарт хэрэгжиж байгаа хууль батлагдсан ч даван туулагчийн сэтгэл зүйн хохирлыг үнэлэх, үйлчилгээ үзүүлэх чадвартай мэргэшсэн мэргэжилтнүүд дутмаг байна. Тийм учраас бид хэрхэн яаж гэр бүлийн/бэлгийн хүчирхийллийн даван туулагч нарыг дахин цочролд оруулахгүйгээр “trauma-informed care” үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн ажилдаа илүү анхаарч төвлөрөн ажиллаж байна.
Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Гэр бүлийн/Бэлгийн хүчирхийллийн даван туулагчийг хэрхэн яаж үр дүнтэйгээр илааршуулах, өөрөөр хэлвэл сэтгэцийн цочрол гэмтлийг илүү нарийвчлан судлах. Энэ нь маш том сэдэв, маш том салбар, тйимээс бид илүү мэргэшин чадавхижих, суралцахад төвлөрөн ажиллаж байна.
Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
Өглөө 09-өөс орой 18 цаг хүртэл ажиллана, гэхдээ шаардлагатай тохиолдолд цаг сунгаж ажилладаг.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг
Цагаар хэмжихэд учир дутагдалтай. Ерөнхийдөө явж байгаа сургалт, зөвлөгөө өгч байгаа цагууддаа, тухайн асуудалд анхаарал төвлөрсөн байдаг учир идэвхитэй болсон байдаг. Цаг минуттай уралдаад оюун санаа, зүрх сэтгэл одоо цаг дээр байлгах шаардлагатай байдаг.
Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?
Ихэвчлэн гэр бүлтэйгээ хамтдаа, хувийн цагаа гаргахыг эрмэлздэг. Аль болох ажлыг амралтын өдөр төлөвлөхгүй байхыг эрмэлздэг.
Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Цагийг зөв зарцуулна гэдэг нь өөрөө маш том шинжлэх ухаан. Нийгмээс шалтгаалсан асуудлууд илүү байдаг. Ялангуяа манай орны онцлог нь цаг төлөвлөхөд гардаг бэрхшээл, цагаа төлөвлөдөг хэрэв товлосон цагтаа ирэх боломжгүй болвол цагийн өмнө хамтрагч, харилцагчдаа мэдэгдэх зэргээс эхлээд наад захын цаг төлөвлөлтийн соёлын асуудал бий. Нарийн төлөвлөгөө гаргахад хэцүү, хувь хүнийхээ хувьд ажлын төлөвлөгөөгөө чухал, яаралтайгаас нь эхлээд жагсаалт гарган төлөвлөдөг. Цагийг хэрхэн зөв төлөвлөх талаар суралцах зүйл их бий.
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Олон нийтэд сэтгэл судлаачийг хувь хүнээр нь төлөөлүүлэхийг оролддог. Гэтэл энэ бол мэргэжил, энэ мэргэжил хувь хүн 2-н дунд хил хязгаар зааг бий. Түүнийг олж харахгүй хандах нь их л дээ. Сэтгэл зүйч хувийн амьдрал дээрээ өөгүй өндөг шиг байх ёстой юм шиг, гэтэл бид нар чинь бас хүн шүү дээ. Хүмүүс алдаа гаргана, алдаан дээрээ суралцана. Сэтгэл зүйч хүний хувьд хүмүүсийг байгаагаар нь хүлээн авах, сонголтыг хүндэтгэх, ямар нэгэн хувь хүнд төвлөрсөн шүүмж гаргахгүй байдаг. Гэхдээ амьдрал дээрээ байнга мэргэжилтэн мэт байна гэдэг өрөөсгөл ойлголт.
Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд
Төлөвлөлт маш чухал, хүмүүс ихэнхидээ том, том төлөвлөгөө гаргачихаад түүндээ хүрч чадахгүй сэтгэлээр унах, шантрах тохиолдол байдаг. Том төлөвлөгөө гаргаад түүнд хүрэх жижиг шаталсан төлөвлөгөө гаргах нь илүү үр дүнтэй юм. Төлөвлөсөн өөрчлөлтүүд хэмжигдэхүйц байх, мөн өөрийгөө ядаж жилд нэг удаа үнэлэж байх хэрэгтэй.
Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Нэг зөвлөгөөг бүх хүний сэтгэл зүйн онцлогт тааруулна гэдэг хэцүү. Хувь хүн бүр хийх дуртай зүйл буюу хоббитой байх нь ач холбогдолтой гэж хэлмээр байна. Дуртай зүйлээ мэддэг байх, хийх дуртай зүйлтэй байна гэдэг нь стрессийн түвшинг тодорхой хэмжээгээр бууруулж байдаг. Энэ нь хүнд аливаа сөрөг мэдрэмжийг зохицуулах, тархийг амраахад нөлөөлж байдаг. Бид хүүхдүүдээс юу хийх дуртайг нь асуувал бүгд мэддэг, хариулдаг. Насанд хүрэгчдээс асуухад талаас илүү хувь нь мэддэггүй. Хүүхэд байхдаа л хоббитой байснаа санадаг, энэ нь бидэнд юуг харуулж байна вэ? өөрийнхөө зүрх сэтгэлрүү хэзээ өнгийж харсан, түүнийг хэрхэн арчилж тордолгүй орхигдуулж буйг анзаар гэсэн дохио юм. Бид өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө юунд дуртайг таниагүй үед бусдыг, гэр бүлийнхнээ, үр хүүхдээ хэрхэн мэдэрч ойлгох вэ? Тиймээс юунд дуртайгаа мэдэх, хөгжүүлэх нь хүн бүрийн амьдралын чанарт чухал гэж бодож байна.
Баримталдаг зарчим
Алсын хараа болгодог зарчим бол ёс зүйтэй, итгэл үнэмшилтэй байх. Хувь хүний амьдрал, ажил мэргэжлийн хувьд ч ялгаагүй. Өөрийн ёс зүй дээрээ дөрөөлөөд гаргасан алдаанаасаа суралцах, үнэт зүйлээсээ зөрчилгүй явах нь амьдралын үндсэн чиг баримжаа, зарчим болдог.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл
Сэтгэл хангалуун байна гэдэг нь миний бодлоор мэдрэмжтэй уялдаад байгаа. Сайхан мэдрэмж авсан үед сэтгэл хангалуун байна гэдэг нь тийм үү? үгүй юу? Өөртөө төрж байгаа мэдрэмжийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд ойлгоно гэдэг нь надад сэтгэл ханамжийг үүсгэж байгаа юм. Тэр мэдрэмж заавал эерэг байх албагүй, мэдрэмж байгалаасаа бидэнд бий. Бухимдаж байгаа мэдрэмж төрөхөөр ингэж болохгүй гээд үгүйсгэх юмуу эсвэл яг ийм үйл явдал үүссэн учраас би уурлаж байна үүнийг хэрхэн яаж эрүүлээр илрүүлэх вэ? гэдэг аргачлалаа мэдээд бусдыг болон өөрийгөө гомдоохгүй даван туулж байна гэдэг нь бас нэг сэтгэл ханамж үүсэх нөхцөл. Сэтгэл хангалуун байх гэдэг нь өөрөө өөрийнхөө бодол санаа, мэдрэмжийг таньж ойлгох харах өнцөгтэй холбоотой.
Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Сайхан мэдрэмжийг бид юунаас ч авч болно. Энэ бидний харах өнцөг, мэдрэмж түүнийг хэрхэн хүлээн авч байгаа зэргээс шалтгаална.
Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл
Бас л 2 талтай юм. Мэргэжлийн хувьд ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, нарийн мэргэшсэн үйлчилгээ бий болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулах. Хийж үзэх гэдэг нь бидний тэмүүлж байгаа зорилго учраас хийж үзэхтэйгээ холбож бодоод байх шиг байна. Хувь хүний талаас хийж үзэхийг хүсч байгаа зүйл олон бий. Суралцаагүй, хараагүй, мэдээгүй шинэ зүйл бүрт туршилт хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байдаг.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл
Өөрийнхөө хувьд бодохоор хэрвээ яг тухайн зүйлд зүрх сэтгэлээ зориулсан бол тэр зүйлд тууштай байдаг. Түүнээс гарч байгаа үр дүн бүр миний хувьд хамгийн сайн чаддаг зүйл юмуу даа.
Бусдад байнга хэлдэг үг
“Та юу гэж бодож байна” гэдэг асуулт юм уу даа.
Одоо уншиж буй ном
Nanalee Clayton Young Living
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Миний бодлоор хандлагыг бүтээж байгаа гол хүчин зүйл хүмүүсийн бодол, харах өнцөгтэй холбогдоно. Юуг үзэж, туулж, хүмүүжсэн тэр бүр нь хандлагад нөлөөлнө. Харах өнцөг гэж яг юуг хэлэх вэ? зарим зүйлс бидний хяналтаас гадуур байдаг. Жишээ нь: замын түгжрэл, бид тэр дунд яаж ч бухимдаад түүнийг өөрчлөх боломжгүй. Энэ тухайн хүнээс шалтгаалахгүй, түүний оронд нэгэнт түгжирдэг тул цагаа тооцох, тэр хугацаанд хэрхэн стрессдэхгүй байх вэ? гэдгээ бодох, жишээ нь утсан дээрээ өөрийнхөө сонсох дуртай дуугаа бэлдээд түүнийгээ сонсох зэргээр, тэр цагийг даван туулчих юм бол энэ замын хөдөлгөөний түгжээг арай эерэгээр харах боломжтой мэт. Яг түүнтэй адил хүмүүс юу таны хяналтанд буюу таниас хамаарч өөрчлөх боломж байна? юу боломжгүй вэ? гэдгийг ялган хүлээн зөвшөөрөх юм бол эерэг хандлагыг бага зүйлээс бий болгоход дөхөм. Эерэг хандлагатай байх тухай их ярьдаг хэрнээ үйлдэл болгоход хэцүү байдаг. Нэг ном уншаад, нэг афворизм үзээд яг ийм байх ёстой мэтээр автоматаар нэг хоёр өдөр хэрэгжүүлдэг 3-дах өдрөөс нь буцаад л хэвэндээ ордог. Тиймээс бид өөрийн мэдрэмж зүрх сэтгэлээ илүү анзаарах хэрэгтэй.
Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?
Сэтгэл судлалын шинжлэх ухаан маш том салбар. Сэтгэл заслын салбар хөгжиж эхэлж байна. Бусад олон салбарууд бий одоогоор чимээгүй л байна, олон нийтийн хувьд. Ялангуяа эрэгтэйчүүд өөрийнхөө асуудалд бусдаас дэмжлэг авах нь сул доройн шинж гэдэг ташаа үзэл харьцангуй суларч байгаа, магадгүй энэ нь хөгжлийн процесс байх. Хүмүүс харьцангуй хэрэглээ болгохыг эрмэлздэг, ойлгодог, сэтгэл зүйчид ханддаг зэргээр, нийгэмд хэрэгцээ нь гараад ирчихсэн.
Улсын ирээдүй таны нүдээр
Мэдээж гэрэл гэгээтэй, хөгжиж байна. Цаг хугацаа, хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Зөвхөн өөрөө өөрийнхөө урдах асуудлаа зохицуулаад явах биш, хамгийн наад зах нь гэр бүлийн хүчирхийллийг харахад энэ нь хүн бүрийн асуудал. Өнөөдөр та гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй байж болно, таны үр хүүхдийг ямар ирээдүй хүлээж байгааг бид таахгүй, ээлтэй, эрүүл нийгэм бий болгохын тулд бид хөдөлмөрлөж байгаа. Нийгмийн хөгжил гэдэг маань заавал тодорхой хүмүүс, албан тушаал, эрх мэдэлтнүүдийн шийдэх ёстой асуудал биш. Та юу хийж чадах вэ? гэдгээ эхлээд харж чадах, хүн болгоны оролцоо бүрдээд эхлэх юм бол Монгол улс хөгжинө гэж хардаг.
Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.