Сэтгэл судлаач Батсүхийн Жавзан

325
0

Энэ удаагийн дугаарт маань Монголын Үндэсний Их Сургуулийн Боловсролын сургуулийн захирал Батсүхийн Жавзан уригдан оролцлоо.

  • 1992-1996 он МУБИС, Сэтгэл судлаач
  • 1997-1999 он МУБИС, Шинжлэх ухааны магистр, Сэтгэл судлаач
  • 2010-2012 он Оксфордын Их Сургууль Хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй-Боловсрол Шинжлэх ухааны магистр

Ажлын туршлага

  • 2002-2010 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгэл судлал, боловсрол судлалын багш
  • 2007-2010 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль-Бихеврист сэтгэл судлалын бакалаврын ангийг ХИС-д үндэслэгч, сургалтын хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч
  • 2013-2014 он Психометрик XXК Судалгаа-Сургалт-Зөвлөгөөний захирал, судлаач
  • 2016-оос МҮИС-ийн Боловсролын Сургуулийн захирал

Таны мэргэжлийн онцлог давуу тал

Сэтгэл судлаач мэргэжлийн онцлог нь хүмүүсийн сэтгэл зүйн ертөнцийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг салбар. Давуу тал нь өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлж мэдэх гэж оролддог.

Ажлын төлөвлөгөө

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Бичиж байгаа номнууд байгаа, ажлын ачааллаас болоод хэвлэж амжаагүй нөхцөл үүсээд байна. Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний ажил хэвлүүлэх зорилготой ажиллаж, сэтгэл судлалын чиглэлээр нийгэм олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулахсан гэж зорьж яваа.

Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил

Одоогийн байдлаар сэтгэл зүйн тест статистик анализ дээр ажиллаж байна. Дээр дурьдсан сэтгэл судлалын хоёр номон дээрээ сууж байна. Ном гаргахад мэдээг нь цуглуулах, бичих, бичсэнээ редакторлах гээд ажил их байна. Ном гэдэг бол нэг өдөр, нэг сар, нэг жил хийгээд гаргачихдаггүй. Үүрэгт ажлаасаа болоод судалгааны ажлаасаа хөндийрөх тохиолдол олон бий.

Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Худлаа хэлсэн хүнд өглөө сэрээд орой унтах хүртлээ л ажилладаг. Ажлаа тараад гэртээ очоод байнга л уншиж, илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Мэргэжлийн чиглэлээр гадаадын судалгааны өгүүлэл  уншдаг.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг

Би өглөөний хүн, өглөө бичих бүх л ажлуудаа орой унших ажлаа хийдэг.

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Манайх хагас сайн өдөр ажилладаг, ачаалал ихтэй. Ганц амардаг бүтэн сайн өдөр боломж олдвол ууланд алхах дуртай.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Хувь хүний ажил мэргэжлийн онцлогоос шалтгаална. Оюутан хүн цагаа тухайн хичээлдээ л зарцуулах ёстой. Харж байхад оюутнууд цагийг дэмий үрж байгаа нь анзаарагддаг. Насанд хүрсэн, ажилтай бидний хувьд цаг бол алт шиг үнэтэй. Хааяа амсхийгээд гэртээ тайван суух юмсан гэсэн бодол төрдөг. Бодолд байнга ажил явж байдаг. Сүүлийн үед “Hard Working” гэж ярихаасаа илүүтэйгээр “Smart working”  буюу нэг юм хийх гээд хамаг хүч, цагаа үрээд махарч суухаас богино хугацаанд аль болох их зүйлийг ухаалгаар шийдэх нь чухал болохыг ажил мэргэжлийн бүх салбар, хувь хүний хөгжил дээр хүртэл ярих болсон. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэг их чухал. Цагийг маш ухаалгаар зөв ашиглах хэрэгтэй.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага

Хүмүүсийн дунд маш өрөөсгөл ойлголт байдаг. Сэтгэл судлаач гэхээр төгс, хүнийг хараад шууд мэддэг, өөрсдийнхөө асуудлыг төвөггүй зохицуулдаг гэж ойлгодог. Сэтгэл судлаач гэдэг чинь хүн. Сэтгэл судлал гэдэг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг, тархины үйл ажиллагаа яаж явагддаг юм, хүмүүсийн зан төлөвийн ямар онцлогууд байдаг? ямар бие хүний шинжүүд байдаг? гэдгийг л шинжлэх ухааны үндэстэй судлаад тайлж өгдөг мэргэжлийн цаана хувь хүн л байгаа. Хувь хүн байгаа учраас сэтгэлийн хөдөлгөөнтэй, заримдаа хянаж чадахгүй, зарим нөхцөлд би сэтгэл зүйч гээд илэрхийлэхгүй байж байгаад дипресст орж болохгүй. Сэтгэлийн хөдөлгөөндөө баригдаад уйлна, уурлана, заримдаа хянаж чадахгүй байх тохиолдол гарна. Супер хүн гэж хаана ч байхгүй. Сэтгэл судлаач хүний амьдралдаа хандах хандлага тэр хүний хувийн онцлог, тухайн хүний амьдралын зорилгоос шалтгаална. Тухайн сэтгэл судлаач маань яг ямар зорилготой байна.  Жишээ нь: судалгааны ажил хийх гэж байгаа юмуу, ном бичих гээд байгаа юмуу? сэтгэл зүйн төвд ажиллаад хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх гэж байгаа юм уу? зорилгоосоо шалтгаалаад амьдралынхаа чиг хандлагыг тэр хүн судалгааны ажилд зарцуулах уу? практик зөвлөгөөнд зарцуулах уу? гэр бүлдээ зарцуулах уу? олон нийтэд сайн дурын сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд, хүүхэдтэй холбоотой төслүүдтэй ажиллах уу? гэдгийг тэр хүний зорилгоос шалтгаалаад амьдралдаа зориулах хандлагууд нь ямар ч байж болно. Гол нь ирээдүйд төгсөх гэж байгаа залуучууд маань сэтгэл судлаач гэхээр ажлын байргүй юм шиг бодоод байдаг. Үгүй юм, та өөрийнхөө мэргэжлийг өөрөө олоод амьдралын туршлага дундаас өөрийгөө нээн хайж олдог мэргэжил, төгсөөд гарахаар нягтлан бодогч гэдэг ажлын байр бэлэн байдагтай адилхан мэргэжил бишээрээ онцлогтой. Сэтгэл судлаач төгсөөд гарлаа, судлаач, багш, практик сэтгэл зүйч, олон нийтийн байгууллагад ажилладаг, сэтгэл зүйн суурь мэдлэгтэй учраас хүний нөөцийн салбарт хүний нөөцөөр мэргэшээд судалж болдог, өөрөө өөрийнхөө мэргэжилд ямар чиглэлээр ажиллаж болох ёстой вэ? гэдгээ хайж олдог л мэргэжил гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд

Амьдралд маань гарах хүссэн өөрчлөлтүүд байгаа.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

Би нийтлэг зөвлөгөө өгдөг Positive Psychology буюу Эерэг сэтгэл судлалын “Өөдрөг бай, сайхан бай” салбарын судлаач биш. Мэдээж амьдралаа өөдрөгөөр харж, бага стресстээсэй гэж олон түмэнд хандаж хэлмээр байна. Гэхдээ хувь хүн болгон өөр өөрсдийн асуудалтай бүгд нийтлэг биш. Иргэд хувь хүмүүс гэр бүлийн, бие хүний хөгжлийн асуудалтай, ажил мэргэжлийн асуудал, сэтгэцийн янз бүрийн асуудал гарч байдаг. Хүндрээд эмгэг болчихсон тохиолдол ч байдаг. Хувь хүн болгонд өгөх зөвлөгөө өөр, би позитив сэтгэл судлаач биш, салбарууд нь дотроо өөр өөр байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Би сэтгэл судлаач, зөвлөгөөний тал дээр, бие хүний хөгжил, сэтгэл зүйн тестийн адаптачлал, статистик анализаас илүүтэй мэргэшсэн судлаач хүн. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөгөөр мэргэшээгүй болно.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Тодхон жишээ авъя. Нэгэн бүсгүй “би мөнгөтэй л байвал аз жаргалтай” гэж хэлсэн. Би гайхан хараад “мөнгөгүй ч гэсэн долоон буудалд хашаандаа байгаа хүмүүс аз жаргалгүй гэж үү?” гэж асуусан. Мөнгөөр амьдралд шийдэгдэхгүй. Хөдөө гэртээ таван хошуу малаа маллаад, төлөө аваад сууж байгаа айл аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа. Аз жаргал гэдгийг хэтэрхий эдийн засгийн үүднээс харах гээд байна. Гэр бүл нь сайн сайхан, үр хүүхэд нь асуудалгүй байх юм бол тэр гэр бүлийн амьдрал хангалуун байгаа. Монгол улсын нийгэм материаллаг нөхцөл рүү хэт хавтгайрдаг, чухалчилдаг болчихсон. Телевиз, мэдээллийн хэрэгсэл их нөлөөлж байна. Хангалуун байна гэдэг бол эдийн засагтаа байгаа юм бишээ, хангалуун байна гэдэг бол амьдралынхаа аз жаргалтай мөчийг мэдрээд явахыг хэлнэ. Хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэх юм бол хэн ч, аль ч нийгмийн давхаргынхан хангалуун байж чадахгүй л гэж би хардаг.

Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж

Ажлын ачааллын дараа гэртээ очоод тайван суух нь, байгальд алхаад амьсгаагаа уужуу авах нь хамгийн сайхан мэдрэмж.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Шүхрээр бууж үзэхийг хүсдэг.

Хамгийн сайн хийж чаддаг зүйл

Ажиллах нь л миний хамгийн сайн хийж чаддаг зүйл байх даа.

Бусдад байнга хэлдэг үг

Миний эргэн тойрныхон хамт ажилладаг хүмүүс маань намайг “тэгэх үү” гэдэг үгээ бага хэлж болох уу гэж хааяа хэлдэг. Тэгэхээр энэ үгийг их хэлдэг байх.

Одоо уншиж буй ном

Миний төрсөн өдрөөр захирлуудын зөвлөлөөс бэлэглэсэн “Ногоон нүдэн лам” номыг уншиж байна. Англи номноос Чарлыз Бронтегийн “Шейрли” номыг уншиж байна. Нэг номоо бариад суудаггүй  судалгаа, шинжлэх ухааны уран зохиолын  номуудыг зэрэгцүүлэн уншдаг даа.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд

Хүмүүс маш их мэдрэмтгий, хүн бүр сэтгэл судлаач байдаг. Харцнаас нь, хэлж байгаа ярианаас нь, үйлдлээс нь хүмүүсийн эерэг сөрөг хандлага шууд ажиглагддаг. Өөрийнх нь талаар эерэг сөрөг хандлагатай байна гэдгийг бусдаас нуухыг хичээсэн ч өөрсдийнхөө хэл ярианы бус биеийнхээ хэлээр илэрхийлж байдаг. Харилцааны 70 хувь нь хэл ярианы бус өгүүлэмжээр, үлдсэн 30 хувь нь хэл яриагаар илэрхийлэгддэг гэж үздэг. Эерэг сөрөг хандлага бол хүмүүсийн харилцаанд илт харагдаж байдаг. Манай Монголчууд сайн явж байгаа нэгнээ муулдаг, атаархдаг, хийж байгаа ажлыг нь шүүмжлэх талруу их хандаж, хов болгон эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ярьдаг. Бие биенийхээ хийсэн сайн сайхныг олж хардаггүй байдал ажиглагддаг учраас сөрөг энергүүд олон дунд тархдаг. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь болоод байгаа процессийг мэдэрдэг энергийн урсгал. Тэр энергийн урсгал нэг хүнээс нөгөөд халдварлан нөлөөлөөд байдаг. Сөрөг нөлөөллүүд нөлөөлсөөр яриад байгаа хүн ч тэр харилцаанд ороод байгаа хүмүүс ч өөрсдөө сэтгэл зүйн дарамтанд ордог. Сөрөг зүйл мэдрэх тусам эерэг хандлагыг олж чаддаггүй тал байдаг.

Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Сэтгэл судлаачид байр сууриа өөрсдийгөө сэтгэл судлаач гэж өргөмжилсөн олон мэргэжлийн хүмүүст алдсаар байна. Манай мэргэжлийн сэтгэл судлаачдын дундаас олон нийтийн өмнө, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа хүмүүс их цөөхөн байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Сэтгэл судлал гэдэг хувь хүнтэй ажилладаг салбар. Нийгмийн сэтгэл судлал бол массын сэтгэл зүйг судалдаг ч судалгааны үр дүн дээр тулгуурлаад “судалгааны үр дүн дээр тулгуурласан дүгнэлтийг ийм байна” гэдгийг хэлж өгч массад анхааруулдаг болохоос биш нийгмийн сэтгэл судлаачид олон нийтэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд явж байсан түүхэн туршлага байхгүй. Олон нийтийн  телевизээр ярьж байгаа хүмүүсээр сэтгэл зүйч мэргэжлийг дүгнээд байна, сэтгэл судлаач гэдэг бол чамайг буруу харуулж телевизийн дэлгэцээр суулгаж байгаад хувийн нууцыг чинь дэлгэдэг мэргэжил биш. Сэтгэл судлаач гэдэг хүний хувийн нууцыг дээд зэргээр чандлан хадгалдаг, хувь хүн байгаа асуудлыг нь нууцалж чаддаг, ил болгож болдоггүй нарийн мэргэжил. “Шоу” хийгээд байр сууриа алдаад байгаа тал бий. Сэтгэл судлаач нар “шоу” хийдэг хүмүүс биш шүү, таны асуудлыг тантай хамт хуваалцдаг хүн. Танай гэр бүлийн асуудлыг дотор нь л хуваалцдаг мэргэжил шүү гэдэг онцлогоо сайн таниулж өгөхгүй байна. Өнөөдөр сэтгэл судлаачтай уулзаад асуудлаа 100 хувь шийдэх юм шиг боддог, үгүй юмаа сэтгэл зүйн асуудлаа ярьснаараа та тэр хүнд стрессээ тайлаад байгаа юм, стрессээ тайлсаныхаа төлөө мөнгөө төлөөд байгаа юм. Гэтэл та өөрийнхөө найз нөхдөд очоод сэтгэл зүйн асуудлаа 100 хувь ярьж дэлгэж чаддаггүй. Нөгөө хүн чинь өөрийнхөө стресстэй байгаа асуудлаа танд яриад байдаг. Тэгэхээр та 100 хувь стрессээ тайлж чадахгүй гэдгээ ойлгодоггүй, найздаа очоод ярина гэж ойлгоод байдаг. Тэр хүнд ч гэсэн асуудал байгаа учраас харилцан сонсоод сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэсэн ч юм байхгүй найзынхаа стрессийг сонсоод буцаад стресстдэг. Манай сэтгэл судлаачид маш олон хүний стрессийг ойлгож харилцдаг учраас өөрсдөө ч сэтгэц физилогиийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг гэдгийг сэтгэл зүйчээр бэлтгэгдэж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

Улсын ирээдүй таны нүдээр

Ойрын хугацаанд харахад бүрхэг харагддаг, нийлээд тэмцье гэхээр тэмцэж чаддаггүй. Улс орон маань ерөнхийдөө болохгүй байгаа, бодлого маань ганхаад байгааг мэдсээр байж бид дуугүй өнгөрдөг. Оффшорчид нь төрдөө байгаад л байдаг, тодорхой хэмжээгээр цэвэрлэж чаддаггүй. Гэтэл Солонгос улс ерөнхийлөгчөө хүртэл татан буулгаж чадаж байна. Зөв бодлоготой хүмүүсээ дэмжиж ажиллахгүй бол ирээдүй их л бүрхэгээр харагддаг. Хүүхдүүд маань өртэй болсон нь ойлгомжтой, бид нар өр төлж байна. Монгол улс өрөнд орчихоод байна, энэ өрийг хэн төлөх вэ? бид насаараа төлнө. Стресстэй асуудлууд байгаа ч амьдрал урсаж байгаа болохоор хувь хүний амьдралд сайн сайхан ирээдүй байгаа. Одоохондоо бүрхэг байгаа байдал яваандаа арилж энэ бэрхшээлийг даваад, их бөөн хар үүлийг салхи хөөж тэнгэр цэлмэх шиг өдөр ирэх болов уу гэж найдаж байна. Хар бараан үүлийг хөөх салхи болсон үеийнхэн гарч ирнэ гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *