Сэтгэл засалч Дашцэрэнгийн Эрдэнэбаатар

932
1

Шинэ долоо хоногийн дугаарт маань “Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн төв, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч, сэтгэл судлаач Дашцэрэнгийн Эрдэнэбаатар уригдан оролцлоо.

  • 1986-1995 он АУИС- Хүний их эмч
  • 2000-2001 он ОХУ, Москва хот, М.Зигановын сургууль, хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн курс
  • 2005-2006 он МУБИС-Сэтгэл судлалын магистр
  • 2007-2008 он ЭМШУИС, МДИ сэтгэцийн эмгэг судлаач эмчийн резидентур
  • 2008 он СЭМҮТ сэтгэл засалч эмчийн курс
  • 2010 он ЭМШУИС, ДМА докторант
  • 2011 он ОХУ, Москва хот, Эмнэл зүйн сэтгэл судлал, Сэтгэл засал эмчилгээний институтэд донтолтын сэтгэл засал эмчилгээний курс

Ажлын туршлага

  • 1995-1996 он “Өгөөж импекс” ХХК менежер
  • 2001 оноос өнөөг хүртэл “Сэтгэшгүй ухаан” ХХК захирал
  • 2008-2013 он ХСҮТ-д  сэтгэл засалч зөвлөх эмч
  • 2008 оноос өнөөг хүртэл “Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн төв, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч, ерөнхий эмч

Таны мэргэжлийн онцлог давуу тал

Би эмч хүн, сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч, сэтгэл судлалын магистр ерөнхийдөө хүний сэтгэл гэдэг хязгааргүй ертөнцтэй ургаас нь авахуулаад бурхан болтол нь ажилладаг. Тэр хязгааргүй ертөнцийн асуудлуудыг шийдэхэд маш их сонирхолтой байдаг.

Ажлын төлөвлөгөө

Сэтгэл судлал, сэтгэл засал гэдэг мэргэжлийг монголын хүн бүрт ойлгуулах, энэ чиглэлийн өндөр мэргэшилтэй боловсон хүчинг дэлхийн хэмжээнд бэлдэх, үүнтэй холбоотой сургалтууд зохион байгуулж байна. Энэ хүрээнд 3 сарын 23, 24-ний өдрөөс эхлэн сар бүр сэтгэл судлал, сэтгэл заслын аль нэг чиглэлээр онол практик хосолсон цуврал семинар зохион байгуулах гэж байна. Энэ семинарууддаа сонирхсон сэтгэл судлаач, эмч, нийгмийн ажилтнууд болон олон нийттэй ажилладаг хүмүүсийг урьж байна.

Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил

Энэ 6-р сард сэтгэцийн тэнхимийн 60 жилийн ой болох гэж байна. 2016 онд манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээний материал дээр статистик боловсруулалтыг хийнэ, хийж байгаа ажлуудын үр дүн дээр ажиллаж байна. Манайд жилд 400-аад хүн үзүүлдэг, тэдгээрийн материал дээр ажиллаж байна. Докторын ажлын хүрээнд психосоматик анагаах ухааны буюу сэтгэл зүйн шалтгаант бие мах бодын өвчнийг эмчлэх асуудлаар судалгаа хийж байгаа.

Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Багадаа 10 цаг. Дээд тал нь 13,14 цаг ажиллана шүү. Ажиллахгүй байж чаддаггүй шүү.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг

Хамгийн сонирхолтой байгаа тэр агшинд л хамгийн идэвхитэй байдаг. Магадгүй хэцүү үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэх гэж төвлөрч байхад. Шинэ сонирхолтой арга эзэмшихийн тулд байнга суралцдаг. Яг одоо Америкийн Арнольд Мендель гэдэг Америкийн экзистенциал сэтгэл засалчийн “Бөөгийн бие махбод” гэдэг номыг уншиж байгаа. Бөөгийн заслын техникүүд, жинхэнэ бөө хүний мөн чанарын тухай маш сонирхолтой ном. Дэлхийн мэргэжлийн сэтгэл заслын нийгэмлэгээс бөө заслыг орчин үед сэтгэл заслын урсгал гэж хүлээн зөвшөөрсөн.

Амралтын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Гэрийхэндээ амттай хоол хийж өгдөг. Салхинд гарна. Хүүтэйгээ хамт бассейнд сэлнэ.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Миний бүх цаг төлөвлөгөөтэй байдаг. Цаг барьдаг хүмүүс хэтэрхий цөөхөн байна гэж боддог, хүмүүсээс цаг барихыг шаарддаг.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага

Юуны түрүүнд хувийн амьдралдаа биш өөрөө өөртөө хандах хандлагаа тодруулах хэрэгтэй. Хүн өөрөө өөрийгөө мэддэггүй, өөрийгөө засах чадвар нэлээд сул байдаг. Сэтгэл судлаачид, сэтгэл засалчид маань ч тийм байдаг. Өөрөө өөртэйгээ танилцах аян гэж хүмүүсийг өөртэй нь танилцуулах психоанализ хийх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аян зохион байгуулж байсан. Өөрийгөө таниад өөртөө тулгарч байгаа ямар ч асуудлыг шийдэх чадвартай болчихсоныхоо дараа л бусдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засал хийх эрхтэй гэж боддог. Өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа, өөрийнхөө дотроо төөрчихсөн байгаа хүн бусдын асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоо явагдах гэж байгаа сургалтууд сэтгэл судлаачид, эмч нар болон хүмүүстэй ажиллах хүсэлтэй хүмүүст өөрийгөө таньж, засах чадвар эзэмшүүлнэ.

Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд

Би их өөдрөг хүн, хамгийн муу зүйлийг ч хамгийн сайн талаас нь харж чаддаг. Асар том эерэг сайхан өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд, багш нар, хамт олон маань намайг доктороо хамгаалаач ээ гэж их “дарамталж” байгаа. Хамгийн түрүүнд доктороо хамгаална.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

Асуудалгүй амьдрал гэж байхгүй. Амьдрал бол асуудлыг даван туулах буухиа уралдаан гэж би ярьдаг. Тийм болохоор ямар ч тохиолдолд, ямар ч асуудлыг даваад, үүний цаана шийдэл байдаг шүү гэдгийг харж ойлгож амьдарч яваасай гэж хүсдэг.

Баримталдаг зарчим

Нэг нь давуу, нөгөө нь сул тал. Би өөрөө перфекшнист сэтгэхүйтэй, төгс байдлын комплекстэй. Бүх зүйлийг төгс хийх гээд байдаг. Гэхдээ хүн бүр алдах эрхтэй шүү гэдгийг бас хүлээн зөвшөөрдөг.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Өөрөө, өөрийн үнэлэмж.

Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж

Амьдралаас гэвэл асар их. Сэтгэл зүйчид дээр хүмүүс ирдэг, бүгд асуудлаа ярина. Гэтэл хүн өөрөө хамгийн энгийн, хамгийн жаахан зүйлээс таашаал авч сурах юм бол тэр өөрөө аз жаргал.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Төлөвлөсөн зүйл олон бий. Амьдрал гэдэг бол үхэлд бэлдэх дамжаа. Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх тасагт зөвлөхөөр ажиллаж байсан. Хөнгөвчлөх тасаг бол нөгөө ертөнцрүү явуулдаг тасаг. Үхэлдээ маш сайн бэлдэж сайхнаар диваажинд очих зорилготой байгаа. Нөгөө талаар хүн болгоныг үхэлд нь бэлдэхэд сургах юмсан. Энэ бол насан туршид суралцах процесс. Хүн яаж амьдарч яаж үхэж байгаагаас хамаараад үр хүүхдийнх нь ирээдүйн үйлийн үр тодорхойлогддог гэж би боддог. Тийм болохоор хүн бүр үхэлдээ бэлдэнэ гэдэг бол зөв амьдарч, өөрийгөө зөв энергээр, зөв бодлоор цэнэглэж, амьдралынхаа бүхий л салбарт энэ чиг хандлагаараа хандаж, бурхан болохыг хэлж байгаа юм.

Хамгийн сайн хийж чаддаг зүйл

Хоол хийдэг, сэтгэл засал хийдэг. Уншина бичнэ, сэтгэл заслынхаа хувьд хамгийн засагддаггүй өвчнүүдийг засч сурах юмсан гэсэн бодол байдаг. Дотоод шалтгаант өвчнүүд гэж байдаг. Үүнд шизофрени, дотоод шалтгаант сэтгэл гутрал, түгших эмгэг. Эмээр, ямар нэгэн байдлаар шийдэж болох боловч түүнээсээ илүү сэтгэл засал үндсэн шалтгааны эмчилгээ болдог өвчнүүд байна. Тийм өвчинтэй хүнийг зөвхөн бие хүн гэдгээс нь гадна тэр хүний дотоод сүнслэг ертөнцрүү орж, тэр түвшинд нь эмчилж сурах юмсан гэсэн хүсэл байдаг. Үүнд төгс эмчилгээ байгаа гэдэгт итгэдэг.

Бусдад байнга хэлдэг үг

Өчүүхэн жаахан зүйлээс ч гэсэн таашаал авч амьдар.

Уншиж буй ном

Арнольд Мендель “Бөөгийн бие мах бодь”. Мэргэжлийн ном бол байнга, хэд хэдээр нь зэрэг уншдаг.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд

Олон зүйлээр тодорхойлогдоно. Хүний өөрийнх нь буруу биш байдаг. Яагаад гэвэл тэр хүн төрөхдөө ч, явахдаа ч юу ч үгүй байдаг гэдэг шиг энэ ертөнцөд ирэхдээ сэтгэл зүй нь төлөвшөөгүй ирдэг гэж үздэг боловч экзистенциалист сэтгэл судлалын хандлагаар аваад үзэхэд урд насны үйлийн үр, урд насны сүнс энэ ертөнцөд байгаа хүний 61 хувийг эзэлдэг гэсэн тоо байдаг. Урд насны үйлийн үр гэж байдаг. Үлдсэн 39 хувьд нь амьдрах ёстой, олж авах ёстой төлөвшил байдаг. Өөрөөс нь хамаарахгүйгээр архетип, аав, ээж, өвөг дээдсээс нь уламжилж ирдэг хандлагаар тодорхойлогддог. Энд амьдрахдаа сөрөг хандлагатай байсан ч гэсэн хүний өөрийнх нь буруу биш, харамсалтай нь сөрөг хандлагаасаа болоод зовлон амсаж, зовж амьдардаг. Тэр зовлонгоо засахыг хүсэх үү? үгүй юу? сөрөг хандлагатай хүн бол ганцаараа зовохгүй хажууд байгаа хүмүүсээ бүгдийг нь зовоодог. Түүгээрээ өөрөө нүгэл үйлдэж байгаагаа мэддэггүй. Түүнийгээ мэддэг хүмүүс байх юм бол, тэр хандлагаа өөрчлөхийг хичээ. Эерэг хандлагатай хүмүүс бол азтай хүмүүс. Эерэг хүчээ нэмэгдүүлэхэд анхаарч, нөгөө талаар өөртэйгээ холбоотой, харилцдаг бүх хүнийг эерэг энергээрээ цэнэглэж байгаасай л гэж хүсье.

Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Хэвлэл мэдээлэл дөрөвдэх засаглал, сошиал ертөнцийг тавдахь засаглал гэж яриад байгаа. Сэтгэл судлаач бол тэр хоёртой ижил түвшинд байгаасай гэж хүсдэг. Сэтгэл судлаачид, сэтгэл засалчид маань зангидсан гар шиг нэгдмэл, онолын өндөр, дэлхийн түвшний мэдлэг, чадвар эзэмшсэн байгаасай гэж хүсдэг. Улс орныхоо, ард түмнийхээ сэтгэл зүйн хөгжилд бодитой, дорвитой хувь нэмэр оруулаасай гэж хүсдэг. Тэдний нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг асар их. Одоохондоо хараахан тэр түвшинд хүрээгүй байна. Гэхдээ тийм түвшинд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг.

Улсын ирээдүй таны нүдээр

Ирээдүйд Щвейцарь, түүнээс илүү ч болно. Нэг, хоёр уу? 10, 20 уу? 50, 60 жил үү? Үндэстний сэтгэл зүйн хөгжил хэзээ ч нэг хоёр жилд өөрчлөгдөхгүй. Үндэстний сэтгэл зүй өөрчлөгдөн, төлөвших нь удаан хугацааны асуудал. Би социализмын үеийн хүүхэд, сурагч, оюутан. Тэр үед бидний мөрөөдөл маш тодорхой, гэхдээ явцуу байсан. Шилжилтийн үед ямар хэцүү байсныг бас биеэрээ туулсан. Дэнжийн мянгын зах, ганзагын наймаа, Солонгос улсад хараар ажилласан он жилүүд. Одоо 2 дахь мянганд амьдарч байна. Энэ бүх хугацаанд ард түмний, залуучуудын сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөн ирж байгааг мэргэжлийн хүний хувьд байнга ажиглаж, дүн шинжилгээ хийдэг. Үнэхээр Монголчуудын сэтгэл зүй хөгжиж байгаа шүү. Муу зүйл ярьж байгаа хүмүүст аль болох бага итгэ. Тэдэнд тодорхой эрх ашиг байгаа эсвэл тэд гутранги хүмүүс. Тийм хүмүүс улс эх орны ирээдүйг тодорхойлдоггүй, хувийн амьдралдаа ч аз жаргалтай байж чаддаггүй. Тийм хүмүүст сэтгэл засал хэрэгтэй.

Бидний хойч үе, үр хүүхдүүд илүү өөр, илүү аз жаргалтай амьдарна гэдэгт 1000% итгэдэг.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *

One thought on “Сэтгэл засалч Дашцэрэнгийн Эрдэнэбаатар

  1. энэ сэтгэлзүйч биш яагаад ийм хүмүүсийг оруулаад байдаг юм бээ