Яагаад хүүхэд бусдыг хаздаг вэ?

361
0

Таны хүүхэд эд зүйлс эсвэл хэн нэгнийг хазаад байна уу? 0-3 насны хүүхэд хэн нэгнийг, эд зүйлийг хазах нь түгээмэл илэрдэг зан үйл юм.

Шалтгаан

0-1 настнуудын хувьд

Эд юмсыг ялгах, танин мэдэх хэрэгцээгээ хангах, шүдлэх үйл явцтай.

1-3 хүртэлх нас

Хүчтэй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг үгээр илэрхийлэх чадвар СУЛ байдаг учир уурласан, дургүйцсэн, гомдсон, бухимдсан, таагүй байдлаа илэрхийлэх арга нь болдог.

Чанга дуу чимээ, эмх замбараагүй орчин түүнийг хазахад хүргэж болзошгүй.

Аав ээжийн анхаарал, халамж дутагдах, гэр бүл дэх томоохон өөрчлөлтүүдийн (шинэ орчин, дүүтэй болох, салалт г.м) үед хазах нь элбэг.

Хазах зуршлын эсрэг юу хийх вэ?

1. Ямар үед хазаж байгааг ажиглах

Тоглоомоо булаацалдах, уурлах, эсэргүүцлээ илэрхийлэх, зөрчилдөх үедээ хазаж байна yy?

Ямар нөхцөлд хүүхэд ийм зан үйл гаргаж байгааг мэддэг байх нь нөхцөл байдлыг өөрчлөх, өөр арга зам эрж олоход тусална.

Цэцэрлэгийн эхний сард хүүхдүүдийн дунд хазах зуршил түгээмэл ажиглагддаг. Учир нь шинэ, өөр орчинд дасах, бусадтай хуваалцаж, хамтран тоглох, зөрчилдөөн үүсэх зэрэг шинэ сорилтуудад дасах хэрэгтэй болдог.

2. Богино, тодорхой хэлэх

1-3 насны хүүхдүүдэд хэлж буй шаардлагаа товч бөгөөд тодорхой хэлэх нь үр дүнтэй байдаг. “Миний хүү хазах нь буруу, муу зүйл, найзыгаа өвтгөчихлөө” гэж хэлэх нь энэ насны хүүхдүүдэд хэтэрхий урт анхааруулга болно.

3. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгийн санг баяжуулах

Хүүхэд уур бухимдал, айдас, урам хугарах, дургүй байгаагаа илэрхийлэх үгийн сан бага байгаатай хазах зуршил шууд холбоотой. Тиймээс өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлэх үгийг зааж өгөх хэрэгтэй.

Хүүхэд сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх үед дэмжээрэй. Учир нь хүүхэд сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлсэн ч аав ээж нь тоолгүй өнгөрвөл “үгээр биш үйлдлээр
илэрхийлэхээс өөр аргагүй” болно.

Хүүхдийн хазах зуршил 4-с дээш насанд хэвээр байвал сэтгэл судлаач, хүүхдийн эмчээс зөвлөгөө аваарай.

Мөн хазах зуршлыг бэхжүүлдэг нэг гол хүчин зүйл нь “санасандаа хүрэх” явдал юм. Хэн нэгний хазаж тоглоомыг өөрийн болгох, өөрийн хүслийг гүйцэлдүүлэхийг зөвшөөрч болохгүй. Хазах нь санасандаа хүрэх арга нь байж болохгүй гэдгийг ойлгуулаарай.

Цэцэрлэгт анх удаа явж байгаа бяцхануудад дасан зохицох хугацаа өгч, хамтран тоглох, бусадтай хуваалцах талаар зааж өгөөрэй. Учир нь хүүхдүүд цэцэрлэг дээрээ нэгнээ хазах нь маш түгээмэл байдаг юм шүү.


Батцэцэг
WRITTEN BY

Батцэцэг

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *