Донтолт ганцаардал хоёр холбоотой юу?

513
0

Өнөөдөр нэгэн сонирхолтой сэтгэл судлалын туршилтын талаар мэдээлэл бэлтгэлээ. Сэтгэл судлалын туршилтууд маш сонирхолтой байдаг тийм ээ.

Яагаад хүмүүс аливаа зүйл (бодис, тоглоом, гар утас г.м)-д донтдог юм бол гэж бодож байсан уу? Хэрвээ тийм бол энэ туршилтаас донтолтын нэг шалтгааныг уншаарай.

Өсвөр насны хүүхдүүд мөн бага насны хүүхдүүдийн хувьд донтолтод нөлөөлөх, нөхцөлдүүлэх хүчин зүйлсийн нэг нь (өөр олон хүчин зүйл давхар нөлөөлдөг) ганцаардал яалтчгүй мөн юм. Үүнийг Rat park туршилтаар баталсан билээ.

RAT PARK ТУРШИЛТ (Донтолт ганцаардал хоёр холбоотой юу?)

Донтолтын шалтгаан нь юу байж болох вэ?

Канадын сэтгэл судлаач Bruce K.Alexander 1978-1989-иад онд хийсэн донтолтын туршилт нь донтолтой хүнд хандах хүмүүсийн хандлага, харах өнцөг, эмчилгээний аргад өөрчлөлт хийсэн юм.

Rat Park туршилт

Туршилт 1

Эхний бүлэг хулганыг бөөнд нь энгийн болон мансууруулах бодистой хийсэн устай өрөөнд хорьж аль усыг сонгож уухыг нь ажиглажээ. Гэтэл тэд энгийн усыг огт уулгуй морфинтой усыг ууж, зарим нь хэтрүүлж уусаар үхэж байв.

Амьд үлдсэн хулгануудыг Rat park-д оруулав. Rat park нь гүйх зам, тоглоом олон
хулгана хамт байдаг хүрээлэн бөгөөд тэнд энгийн ус, морфинтой ус бий. Тэднийг аль
усыг сонгож уухыг мөн л ажиглав.

Гэтэл тэд морфинтой усыг хааяа амсах төдий ууж, ихэвчлэн энгийн ус ууж байв.

Туршилт 2

Энэ бүлгийн хулгануудыг ганцаар нь торонд хорьсон ба 57 өдрийн турш морфин уулгасан байна. Энгийн ус уух сонголт байхгүй.

57 өдрийн дараа тэднийг Rat park-д оруулжээ. Тэнд энгийн ус, морфинтой ус уух боломж бий. Тэднийг аль усыг сонгохыг ажиглав. Гэтэл дийлэнх нь энгийн усыг сонгож ууж байв.

Rat Park туршилт бидэнд юуг заасан бэ?

Ганцаардал нь донтолтыг нөхцөлдүүлэгч, түүнд хүргэх хүчин зүйлсийн нэг мөн юм. Энэ туршилт нь мансууруулах бодисын донтолт дээр хийсэн боловч бусад бүх донтолтод /дэлгэцийн донтолт г.м/ хамаатай гэдгийг судлаач онцлов.

Тиймээс донтолттой хүнийг эмчлэхдээ ганцаарчлан тусгаарлах биш гэр бүл, нийгмийн орчинд нь эмчлэх нь илүү үр дүнтэйг энэ туршилтаар баталсан юм шүү. Хэрэв хүүхэд, танил, ойр дотны хүн тань ямар нэгэн зүйлийн хамааралтай болсон бол эсвэл болох эрсдэлтэй байгаа бол хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, хайр халамжаа мэдрүүлээрэй.

Нэмж хэлэхэд ихэнх хүмүүс донтолт бол тухайн хүний сонголт гэж үздэг. Гэхдээ донтолт сонголт биш харин өвчин юм. Ямар нэгэн зүйлийн донтолттой байх нь зүрхний өвчинтэй л адил. Түүнийг эмчилж, эдгээж болно гэдгийг санаарай.

Нийгмийн харилцаа, ойр дотны хүмүүсийн хайр халамж нь чухал зүйл юм.


Батцэцэг
WRITTEN BY

Батцэцэг

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *