Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг аппликейшнээр дамжуулан нэмэгдүүлж буй туршлага, үр дүнгийн талаар Blindcare платформын хамтран үүсгэн байгуулагч Б.Батжаргалтай цөөн хором ярилцаж тодрууллаа.
Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг зайнаас буюу аппликейшнээр дамжуулан хүргэх боломжтой болсон талаар та хуваалцаач?
Сэтгэл зүйн салбар нь мэргэжлийн хүмүүсийн туслалцаа үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн томоохон салбар шинжлэх ухааны нэг. Гэтэл цахим орчинд энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, байгууллагууд үнэхээр мэргэжлийн туслалцаа үзүүлж чадаж байна уу, хэн нь мэргэжлийн дипломтой, лиценз, зөвшөөрөлтэй болох нь төдийлөн тодорхой байдаггүй. Үүнээс шалтгаалж иргэд мэргэжлийн бус хүнд хандаж туслалцаа авах, асуудал нь шийдэгдэх бус улам хүндрэх, цаг, мөнгөөрөө хохирох эрсдэл үүсч байгаа тохиолдол олон.
Бидний зүгээс энэ дутагдалтай байдлыг хэрхэн залруулж мэргэжлийн чанартай тусламж үйлчилгээг хялбар арга замаар хүргэх боломжтой вэ гэдэг дээр суурилж, удаан хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр технологи, сэтгэл зүйн салбарын мэргэжилтнүүд хамтран “Blindcare” аппликейшнийг бий болгосон. Уг аппликейшн нь баталгаатай, мэргэжлийн хүмүүсийг нэг платформд нэгтгэж, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, чиглэлийх нь талаар мэдээллийг нээлттэй байршуулж, иргэд үйлчлүүлэгч хүссэн мэргэжилтнээсээ тусламж үйлчилгээ авах сонголтыг бий болгосноороо онцлог.
Сэтгэл зүйн үйлчилгээг нэгдсэн платформоос авахын ач холбогдолыг хэрхэн тодорхойлсон бэ?
Манайх босоо платформ буюу ганцхан сэтгэл зүйн асуудлыг хөндсөн бөгөөд сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх, бусадтай асуудлаа хуваалцах, зөвлөгөө авах, мэдээлэл унших, тест, оношилгоо хийлгэх гэх мэт сэтгэл зүйн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлсэн. Нэн ялангуяа ковид цар тахлын үед эрчимтэй хөгжсөн текстэн зөвлөгөөг платформдоо үүсгэсэн. Тухайлбал,
- Сэтгэл зүйн тестийг маш хялбар аргаар авч болохоор байршуулсан.
- Өөрийн сэтгэл зүйн байдлыг хянах боломжтой. Энэ платформыг өдөр тутамдаа ашигласнаар магадгүй нэг жил, 5, 10 жил гэхчлэн урт хугацаанд өөрийн сэтгэл зүйн дата мэдээллийг тэмдэглэж, түүн дээрээ тулгуурлан сэтгэл зүйн эрүүл мэнддээ тулгарч болох асуудал, тэр нь хэрхэн нөлөөлөх талаар өөрийн сэтгэл зүйн байр байдлыг нэг цонхноос хянах боломжтой юм.
- Хандивын функцтэй. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, тэр дундаа ганцаарчилсан зөвлөгөө харьцангуй үнэтэй байдаг. Санхүүгийн чадамжгүй, сэтгэл зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй олон хүн бий. Тэдэнд зориулсан хандивын функц гаргасан. Асуудал тулгарсан, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс аппликейшн дээр асуудлаа хуваалцаж, апп хэрэглэгчдээс гадна хувийн компаниуд, төр, төрийн бус байгууллагуудын хандивын тусламжтайгаар үнэгүй зөвлөгөө авах боломж нээгдэнэ.
Үүгээрээ сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Биечлэн уулзах болон цахимаар холбогдож тусламж авах хоёрын дунд хэр ялгаа байдаг вэ? Давуу тал нь юу вэ?
Мэдээж ялгаа бий. Манай аппликейшнд сэтгэл зүйчээс видео зөвлөгөө авах шийдэл байдаг. Аппликейшнээр дамжуулан ганцаарчилсан зөвлөгөө өгч буй мэргэжилтний зүгээс илүү анхаарал хандуулж, харилцаа үүсгэх, ярилцаж сонсож байгаагаа илэрхийлэх, дэмжих тал дээр хичээл зүтгэл шаардана.
Харин асуудлаа хуваалцаж, зөвлөгөө авч буй хэрэглэгчийн талаас биечлэн уулзахаас төдийлөн ялгаа гарахгүй. Харин ч цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хүссэн газраасаа тусламж авах боломж нь нээгдэж байна.
Текстэн зөвлөгөөний арга барилыг хэрхэн ашигласан талаар та дэлгэрэнгүй хэлж өгөөч?
Сэтгэл зүйн зөвлөгөөний суурь ойлголтуудыг аппликэйшнд шингээсэн. Хэрэглэгч эхлээд өөрийн асуудлыг дүгнээд товчилж бичих шаардлага гарна. Энэ үед хүний тархи замбараагүй, ойлгомжгүй байсан асуудлаа бодох боломжтой болдог. “Надад юу тохиолдоод байгаа билээ” гэдгээ бодоод дүгнэж бичиж байна.
2-рт. Нэг ангилал сонгож нийтэлдэг. Жишээ нь, Сэтгэл гутрал, стресс, ганцаардлын аль нь тулгарсан гэдгээ өөрөө тодорхойлох боломжтой.
3-рт. Сэтгэл зүйн хэв шинжийн хувьд сайхан эсвэл гунигтай, таагүй байсан уу гэдгээ сонгож бичих зэргээр бичгийн хэлбэр лүү шилжүүлсэн зэргээр бидний зүгээс тодорхой хэмжээний инноваци шингээсэн бүтээл болсон гэж харж байгаа.
Blindcare аппликейшн үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд ямар дата судалгаа бий болсон нь сонирхол татаж байна?
Одоогоор 100 мянган хэрэглэгч, сар тутамдаа идэвхтэй ашигладаг 53 мянган хэрэглэгчтэй болсон байна. Платформ дээр хамгийн их бичигддэг асуудал нь сэтгэл гутрал байна. Үүний араас гэр бүлийн харилцаа, донтолтын асуудлууд орж ирж байна. Ялангуяа дунд үеийнхэн дунд сэтгэл гутрал их байгаа харагдсан. Гэхдээ дүгнэлт хийхэд эрт. Мөн манай дээр байршуулсан олон төрлийн үнэ төлбөргүй тестүүдийг хэрэглэгчид бөглөдөг. Архи, тамхи, дэлгэцийн донтолтоо хэмжих гэх мэт нийгэмд түгээмэл байгаа асуудлаар өөрийгөө мэдэх боломжтой тестүүдийг нээлттэй байршуулсан. Эндээс сонирхолтой дата, үр дүн гарч байгаа.

Насны хувьд манай платформын ихэнх хэрэглэгч нь залуучууд ба хамгийн ахмад хэрэглэгч нь 82 настай хүн байна. 70-80 настай 20 гаруй хэрэглэгч, 60-70 насны 100 гаруй хэрэглэгчтэй. Тэгэхээр зөвхөн залуус гэхгүй хэн ч хэрэглэх энгийн ойлгомжтой функцтэй гэсэн үг юм.
Бид газар зүйн байрлал, нас хүйс, цаг хугацаа гэсэн дөрвөн давтамжийн хүрээнд асуудал хаана ямар хүрээнд үүсч буй талаар их өгөгдөл цуглуулсан бөгөөд анхан шатны боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц дататай болж байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн хамтралаар дамжуулж ирэх жилүүдэд олныг хамарсан буюу нийтийн судалгаа руу чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа.
Монголд нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр далайцтай хийгдсэн судалгаа дөрөвхөн байгаа талаар “Сэтгэцийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хурал”-ын үеэр салбарын тэргүүлэх мэргэжилтэн ярилаа. Тэгвэл цахим технологиор дамжуулан нийгмийн чиглэлийн судалгаа хийснээр илүү хурдтай, зардал багатай, өргөн цар хүрээг хамрах боломжтой шийдлийг бий болгож, зах нээлд нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хэрэглэгчийн хувийн нууц, мэдээллийг хамгаалах тал дээр ямар зарчим баримталж байна вэ?
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид авдаггүй. Үүгээрээ “blind” гэх консепц гарч байгаа. Мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг мөн мөрдөж байна. Өнгөрсөн 2022 онд мэдээлэл технологийн салбарын шилдэг төслөөр шалгарсан нь технологи, шийдэл талаасаа стандартын шаардлага хэр сайн хангасан гэдгийг харуулж байгаа болов уу.
Цахим платформоор тусламж үйлчилгээ авч буй энэ хэлбэр хэр үр дүнгээ өгч байна. Цаашдын алсын харааг та бүхэн хэрхэн тодорхойлж байгаа вэ?
Бүхий л салбар шинэлэг технологи руу маш хурдтай шилжиж байна. Бид AI буюу хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр туршилт судалгааны ажлаа хийгээд явж байна. Олон улсад сэтгэц, сэтгэл зүйн салбарын мэргэжил нь хүртэл хувьсаад эхэлсэн байна. Дэлхийн томоохон их сургуулиуд нь гэхэд зөвхөн AI сургагч сэтгэл зүйч, цахим технологиор дамжуулж зөвлөгөө үйлчилгээ өгдөг мэргэжилтнүүдийг бэлтгэж диплом өгдөг болж байна. Тэгэхээр сэтгэл зүйн салбарт технологийн хувьсал орж ирэх нь цаг хугацааны л асуудал юм. Үүний нэг нь Blindcare аппликейшн гэж хэлж болно.
