Хүйтэн шүршүүрт орох нь сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгадаг уу?

595
0

Ойрын хэд хоног дүүрэг нийтээрээ халуун ус тасарснаас болоод аргагүйн эрхэнд хэд хоног хүйтэн шүршүүрт орлоо. Хүйтэн шүршүүрт ороод гарсаны дараа биед гарч буй өөрчлөлтүүд нь сөргөөсөө илүү эерэг нь олон байсан учир хүйтэн шүршүүрт орох нь хүний биед үнэхээр ашиг тустай юу үгүй юу гэдгийг судалж хайж үзлээ.

Судлаад үзэхэд хүйтэн шүршүүрт орох нь маш олон ашиг тустай юм байна. Тэдгээрээс дурьдвал:

1. Сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг багасгана.

Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг эмчилнэ гэж 100% баталчихсан биш ч гэсэн нэгэн судалгаагаар сэтгэл гутралтай хүмүүс хэдэн сарын турш өдөр бүр хүйтэн шүршүүрт орсны дүнд сэтгэл гутралын шинж тэмдэг нь багассан гэсэн үр дүн гарсан байна. Судалгааны ажлыг унших: https://www.sciencedirect.com/

Мөн өөр нэгэн судалгаагаар хүйтэн ус нь таны сэтгэл зүйн байдлыг дэмжиж, түгшүүрийг багасгадаг гэсэн үр дүн гарсан байна. https://www.ncbi.nlm.nih.gov/

2. Цусны эргэлтийг сайжруулна.

Хүйтэн шүршүүрт орох үед хүний бие сурвайвал мөүд буюу амьд гарахын төлөөх төлөвтөө шилжих бөгөөд ингэснээрээ бие дэх цус нь биеийн ердийн температурыг барихын тулд илүү их хурдтайгаар эргэлдэж биеийг цусаар сайн хангадаг байна.

3. Хоол боловсруулах системийг дэмжинэ.

Бидний бие хүйтэн шүршүүрт орох үед халуун дулаанаа хадгалахын тулд илүү их энерги зарцуулж, идэвхитэй ажиллана. Ингэснээр таны биеэс бага зэргийн калори шатаж, хоол боловсруулах систем сайжирдаг байна. Гэхдээ тайвшрах болоогүй шүү. Энэ талаарх хангалттай батлагдсан судалгааны ажлууд хомс байгаа учир эрүүл хооллолтоо үргэлжлүүлэн сахиарай.

Ямар нэгэн гэмтэл бэртэлд, эсвэл сэтгэл санаа тавгүй, эсвэл бүр дархлааны системээ дэмжихийн тулд хүйтэн ус, мөсөнд хэвтэх хүмүүс ч байдаг бөгөөд энэ нь тусдаа хүйтэн терапи гэж нэршил хүртэл байдаг юм байна.

Cold therapy гэж юу вэ?

Өөр нэршил нь cryotherapy. Энэ нь ямар нэгэн эмчилгээ шаардлагатай үед хүйтэн ус эсвэл мөс зэргээр терапи хийх арга юм. Cold therapy хийх хэд хэдэн арга хэлбэр бий.

– Хүйтэн шүршүүр. Шүршүүрт орохдоо усаа 15 градусаас (celsius) доош тааруулж, 2–3 минут зогсох юм.

– Cold spray. Хэсэг газрыг мэдээ алдуулах замаар цацах терапи.

– Хүйтэн усанд хэвтэх эсвэл мөстэй баннд хэвтэх. Хүзүү болон толгойноосоо бусад биеийн хэсгээрээ ус юмуу мөсөнд орох.

– Хэсэг газарт мөсөн жин тавих. Гэмтэл бэртэлд мөс тавьсанаар өвдөлт намдана.

Солонгост байхдаа стресс, ачаалал ихтэй үедээ шууд л шүршүүрээ хүйтэн дээр нь тааруулж байгаад хэсэг зогсчихдог байсан юм. Тэр үедээ нэг их анхаарал хандуулж, хайж судалж үзье гэж бодож байгаагүй юм байна. За тэгэхээр аргагүйн эрхэнд гэртээ халуун усгүйн улмаас надтай адилхан асуудалтай байгаа хүмүүс эрүүл мэнд, дархлаагаа дэмжин хүйтэн усандаа ороорой хэхэ. Миний хувьд өнөөдрийг оролцуулаад 3 хоног хүйтэн шүршүүрт орсон. Шүршүүрт орохдоо гүнзгий амьсгаа авч, биеэ суллаад тайван орох хэрэгтэй. Тэгвэл нээх их хүйтэн мэдрэгдэхгүй байж байгаад аяндаа дасна. Өөртөө хүйтэн терапи хийж, сэтгэл санаагаа дамжээрэй. Амжилт хүсье ☺️.

Аззаяа
WRITTEN BY

Аззаяа

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *