Өсвөр насны хүүхдийнхээ сошиал хэрэглээг хянах 4 арга

1505
0

Сэтгэл судлаач, эрдэмтэн нар сошиал медиа хэрэглээ нь өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэнд болон тархи мэдрэлийн хөгжилд нөлөөлөх хор хөнөөл болон ашиг тусын  талаарх судалгааг тасралтгүй хийсээр байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2018 онд хийгдсэн өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал судалгааны үр дүнгээс харахад сурагчдын 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цаг, 30 хувь нь 2 ба түүнээс дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг байна.

Олон улсын судалгаагаар өсвөр насны хүүхдүүд өдөрт 15-45 минут интернэт ашиглах нь зохистой гэдгийг баталсан бол энэ жишгээр авч үзвэл хоёр хүүхэд тутмын нэг нь интернэтийг зохистой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж байна. Нөгөө талдаа эцэг эхчүүдийн 80 орчим хувь нь хүүхдийнхээ интернэт хэрэглээнд их бага хэмжээгээр хяналт тавьдаг гэсэн хэдий ч тэдний 95 орчим хувь нь цахим орчны шүүлтүүрийн цэсийг ашиглах чадваргүй байгаа нь эцэг эхчүүд энэ талын мэдлэг мэдээллээ сайжруулахыг шаардаж байна. Иймд өсвөр насны хүүхэдтэй танд зориулж шинжлэх ухааны нотолгоонд суурилсан доорх зөвлөмжүүдийг санал болгож байна.

1. Зөв үлгэрлэ- Тэд таныг харж байгаа

Та өөрөө хүүхдэдээ эрүүл зөв сошиал медиа хэрэглээг үлгэрлэж харуулж чадаж байгаа эсэхээ нэг ажиглаад үзээрэй. Хүүхдийнхээ сошиал хэрэглээг зөв эрүүл аргаар хянан, түүнд зааварлахын тулд эхлээд эцэг эхчүүд өөрсдийнхөө сошиал хэрэглээг хэр эрүүл зөв эсэхийг анхаараад хараад нэг үзээрэй. Учир нь хүүхдүүд таны юу хийж байгааг харж, үлгэр дуурайлал авч байдаг. Та орондоо ороод цаг утсаа үзэж хэвтэж байгаад унтдаг бол хүүхдээсээ шууд орондоо ороод утсаа оролдолгүй унтахыг заана гэдэг тэдэнд шударга бус санагдах болно.

2. Хяналт ба дүрэм

Хүүхдүүдийнхээ хэрэглэдэг аппликейшн, цахим сайтуудын хэрэглэх цагийн хязгаарыг тогтоож тохируулах, үзэж буй контентын агуулгыг харж байх. Хэдийгээр энэ хэтэрхий хатуу мэт санагдаж байвч хүүхэдтэйгээ ярилцаж тохируулсан цагаараа аппликейшныг хэрэглэх боломжтойг зааснаар тэднийг олон сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Хүүхэдтэйгээ ярилцаж өөрт болон таны хүүхдэд тохирох ямар ч төрлийн хязгаарлалтыг хийж болно. Хүмүүсийн нийтлэг хэрэглэдэг фейсбүүк, инстаграмм зэрэг апплекейшнууд бүгд долоо хоногоор нь таны аль өдөр, хэдэн цагт илүү их хандалт хийж байгааг тооцоолдог цэстэй учир үүнийг ашиглаад хүүхдийнхээ долоо хоногийн аль өдрүүдэд, хэдэн цагийн үед илүү их сошиал ашиглаж байгааг хамтдаа харж, ярилцан өөрсдөдөө тохирох хувиарлалт, шийдлийг гаргаж болох юм.

3. Хүүхдийнхээ үздэг зүйлсийнх нь талаар ярилц

Хүүхэд тань сошиал медиа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юуг шимтэн үздэг, сонирхлыг нь татдаг талаар байнга ярилцаж байхыг зөвлөж байна. Тэдний дуртай блоггер, контент бүтээгч, нийтлэл бичлэг гээд ярилцах зүйлийн цар хүрээ таны төсөөлснөөс өргөн гэдэгт эргэлзэхгүй байна. Таны сонирхлыг татах зүйл ч байгаа учир хамтдаа сонирхож өсвөр насны хүүхэдтэйгээ илүү ойртох боломжийг битгий алдаарай. Мөн өсвөр насныхны үзэж харах мэдээлэл дунд хэчнээн их буруу ташаа зүйлс байгааг ойлгоход нь тэдэнд туслаарай. Олон хандалт авч, хүмүүс дуртай байна гэдэг нь бүх хүмүүс тэр зүйлтэй санал нийлж байна гэсэн үг биш гэдгийг мөн сануулах нь чухал. Хүүхдийн тан харж буй профайл хүртэл жинхэнэ хүмүүс биш байх магадлалтай талаар ч анхааруулж ойлгуулж байх хэрэгтэй. Өөрийн гадаад төрх болон бодит амьдралаа сошиал дээрх хэн нэгний дүр төрх, амьдралтай харьцуулалт хийхгүй байхад нь тэдэнд туслаарай.

4. Сошиал медиа ба нойр

Нийгмийн сүлжээ, сошиал хэрэглээ нь таны хүүхдийг буруу амьдралын хэв маягт хөтлөх өндөр эрсдэлтэй. Унтах ёстой цагаар нь хүүхдийнхээ тархийг идэвхтэй байлгахгүйн тулд дор хаяж унтахаас нэг цагийн өмнө интернет, сошиал медиа ашиглахгүй байлгахыг хичээх хэрэгтэй. Учир нь ухаалаг төхөөрөмжүүдээс ялгарч байдаг дэлгэцийн цэнхэр туяа болон үзэж буй дүрс, уншиж байгаа мэдээлэл нь тархийг идэвхтэй ажлуулсаар байдаг. Унтах цаг нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг тул шөнийн нойр энэ насанд хамгийн чухал.

Нэгэнт таны хүүхэд амьд харилцаанаас илүү олон нийтийн сүлжээнд илүү их цагийг зарцуулж байгааг та анзаарсан бол өдөр тутмын амьдралын хэв маягт нь яаралтай анхаарч эерэг өөрчлөлтүүдийг хамтдаа хийгээрэй.

Эх сурвалж: 

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /2018/ Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал судалгааны тайлан.

www.mongolmedleg.org

www.apa.org

Цэцэгбаяр
WRITTEN BY

Цэцэгбаяр

Сэтгэл зүйч

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *