Сэтгэл зүйн зөвлөгөө (counselling) гэдэг нь “Мэргэжлийн бэлтгэгдсэн сэтгэл засалч таны сэтгэлийг зовоосон асуудлыг сонсож, ямар аргаар, хэрхэн даван туулах арга замыг олоход тань тусалдаг харилцан яриа дээр суурилсан сэтгэл засал юм.” гэж Их Британи улсын хамгийн том төрийн үйлчилгээний төв болох Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ төв / NHS /-өөс тодорхойлсон байдаг.
Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө нь ‘зөвлөгөө’ гэдэг үг орсон байгаа ч танд “ингэ тэг, энийг хий” гэж юу хийх, ямар шийдвэр гаргахыг тань зааж, зөвлөгөө өгдөггүй билээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө яаж танд туслах вэ?
Дараах тохиолдлуудад та мэргэжлийн сэтгэл зүйчид хандах зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой.
- Сэтгэл гутрал, айдас, нойр болон хоолны эмгэг зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүр тулж байгаа бол
- Бие махбодийн эрүүл мэндтэй холбоотой үүссэн сэтгэл зүйн асуудлууд /хорт хавдар, үргүйдэл, ослын дараа гэмтлийн мэдээ гэх мэт/
- Хайртай дотны хүнээсээ хагацах, салалт, ажил хичээлтэй холбоотой стресс зэрэг амьдралд гарах гэнэтийн томоохон өөрчлөлтүүд
- Зохицуулахад хэцүү, хүнд мэдрэмжүүдтэй байгаа тохиолдолд /ж.нь: уур бухимдал, өөртөө итгэлгүй байдал, гарцгүй болсон мэт мэдрэмж, цөхрөл г.м/
- Өөрийгөө илүү таньж ойлгох, болон бусад асуудал.
Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс ямар хүлээлттэй байх вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөөний үеэр мэргэшсэн сэтгэл зүйч таныг шүүмжлэлгүйгээр сонсож, танд өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ илүү ойлгох, хуваалцах тал дээр дэмжлэг үзүүлэх болно. Сэтгэл зүйчид ихэнхдээ хувь хүний/бие хүний/, гэр бүлийн/хосын, хүүхэд, өсвөр үеийн гэж ангилан зөвлөгөө өгдөг. Та нэг удаа сэтгэл зүйчтэй уулзаад өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэх арга замаа олох, түүндээ хангалттай дэмжлэг авах нь тун ховор. Эхний уулзалтанд сэтгэл зүйч танд сэтгэл зүйн зөвлөгөөний тухай тайлбарлаж, таны сэтгэл зүйчтэй уулзах болсон шалтгааныг тодруулах зорилготой уулзалт болон өнгөрдөг. Удаа дараагийн уулзалтаар та өөрийн сэтгэл зүйн асуудлаа чөлөөтэй илэрхийлэх итгэлийг бага багаар сэтгэл зүйчээсээ авснаар хамтран ажиллах аюулгүй орчин, нөхцөл бүрэлдэнэ. Эдгээр бүх явцад сэтгэл зүйч мэргэжлийн арга техник, төлөвлөгөө, ур чадвараа ашиглан танд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. Хүн бүрийн хувьд сэтгэл зүйчтэй хэдэн удаагийн, хэр удаан хугацаанд уулзах, зөвлөгөө заслын үйлчилгээ авах нь харилцан адилгүй байдаг тул та өөрт тохирсон сэтгэл зүйчийг сайтар судлан сонгон үйлчлүүлээрэй.
Эх сурвалж:
- Vision. (2022, October 5). What is counselling: Explanation and definition of counselling. Vision Counselling & Psychology. https://www.visioncounselling.com.au/what-is-counselling/
- (n.d.). Counselling. NHS choices. https://www.nhs.uk/mental-health/talking-therapies-medicine-treatments/talking-therapies-and-counselling/counselling/
- A. (2022, May 4). “counselling” буюу Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ? Nomin Counselling. https://www.nomincounselling.com/post/counselling-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB-%D0%B7%D2%AF%D0%B9%D0%BD-%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D-1