Сэтгэл зүйчтэй уулзах болсныг тань илтгэх 10 шалтгаан
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хамгийн эхний алхам бол сэтгэл зүйн зөвлөгөө, засалын үйлчилгээг авах байдаг. Хэрэв таны сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал өдөр тутмын амьдралд тань нөлөөлж байгааг анзаарсан бол, эсвэл ерөнхийдөө л тусламж дэмжлэг хэрэгтэй санагдаж эхэлбэл сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцах нь таны амьдралын олон талбарт хэрэгтэй ‘багаж’ байж болох юм.
Олон хүмүүс сэтгэл зүйчтэй уулзах хэмжээний ‘хэцүү’ байдалд биш байна гэж өөрийгөө дүгнэдэг. Гэвч та сэтгэл зүйчтэй уулзахын тулд заавал сэтгэл зүйн хувьд хямралд орох шаардлагагүй. Үүн дээр нэгэн жишээг авч үзье. Нэг өглөө сэрэхэд л таны шүд тэсэхийн аргагүй янгинаж өвдөөд, хацар тань хавдаж, толгой тань хүртэл өвдөлтөөр дүүрэн байгааг мэдээд шууд л шүдний эмчид очиж үзүүлээд, тусламж авах хэрэгтэй боловч ийм өвдөлт үүсэхээс өмнө асуудлыг тодорхойлж эмчилгээ хийлгэх нь танд хамаагүй олон талын ашигтай. Үүнтэй адилаар та шүдээ өвдөхийг хүлээх шаардлагагүй, эрт үзүүлж, оношлуулаад шаардлагатай арга хэмжээнүүдийг дор бүр нь авахтай адил процесс юм.
Өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө, засал хэрэгтэй гэдгийг хэрхэн мэдэх вэ?
Хэрэв та аль хэдийн стресст орсон, төөрөлдсөн, дотроо зөрчилтэй, гацсан, эсвэл өөртөө итгэлгүй зэрэг бодол мэдрэмжүүдээсээ болж өөртөө тусламж хэрэгтэй эсэхийг ч шийдэх хүндрэлтэй санагдаж магадгүй.
Гэхдээ та нэг зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй нь, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ хяналтгүй орхих нь таны амьдралын олон талбарт нөлөөлж саад учруулж байж болзошгүй юм. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандах цаг нь болсны дохио байж магадгүй.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь хүн өөрийгөө сонсож байгаа ч ойлгож чадахгүй байгаа үед тусалдаг.
-Сэтгэл зүйч Б.Номин
- Нойрны хэмнэл тань тогтмол бус болох үед
Судалгаанаас харахад маш их унтах, эсвэл хангаллтай сайн унтахгүй байх нь ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг харуулж буй классик дохио юм. Нойр болон сэтгэл зүйн эрүүл мэнд хоорондоо нарийн холбоотой. Хангалттай унтаж амарч чадахгүй бол танд илүү сөрөг бодлууд, илүү их сэтгэл хөдлөлүүд үүсэж магадгүй. - Бүх зүйл болж бүтэхгүй мэт санагдаж эхэлбэл
Хэтийдсэн мэдрэмж нь таны хэрхэн бодох, хандахад нөлөөлж чадах ба таны сэтгэл зүйн эрүүл мэндэд ч нөлөөлнө. Олон ойлгомжгүй, хүчтэй мэдрэмжүүдийн араас оновчтой шийдвэр гаргахад хэцүү болж, амьдралын үндсэн зарчмуудыг ойлгоход төгөвтэй болж эхэлдэг. Иймд та өдөр тутмынхаа үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэх чадваргүй болж магадгүй юм. - Нийгмээс зайгаа барьж эхэлбэл
Хэрэв та сүүлийн үед бусдаас жаахан зайгаа аваад, гэр бүл найз нөхөд ажлын хамт олноосоо тусдаа, ганцаараа баймаар санагдаж эхэлбэл магадгүй танд жаахан гуниглал, сэтгэл санаагаар унахаас илүү зүйл тохиолдож байж болох юм. Та эргэн тойрны хүмүүсд хандах хандлага өөрчлөгдөж, дуртай зүйлдээ дургүй болж эхэлбэл энэ нь сэтгэл зүйчид хандах болсны тод илрэл байдаг. - Ямар найдваргүй мэт санагдаж эхлэх
Би сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй юу? гэсэн бодол дахин дахин орж ирж байвал, цаашид ямар ч найдвар байхгүй мэт санагдаж байвал, хэн ч танд тусалж чадахгүй мэт санагдаж байвал. Ийм найдваргүй мэдрэмж нь сөрөг бодлын эрчмийг үүсгэдэг, өөрөөр хэлбэл хонгилийн үзүүр дэх гэрлийн олж харахад улам төвөгтөй болгодог. - Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох
Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, хяналтандаа байлгаж чадахгүй, яах гээд байгаагаа мэдэхгүй байгаа мэт санагдаж байвал энэ нь цаагуураа таны сэтгэл зүйн эрүүл мэнд асуудалтайг байгааг илтгэж байдаг. Та магадгүй сэтгэл хөдлөл мэдрэхээс ч айж байж магадгүй юм. Шалтгаан нь таны сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал эсвэл амьдралд тань тохиосон үйл явдалтай холбоотой байж магадгүй юм. Тиймээс сэтгэл зүйчид хандах нь танд тусалж болох юм. - Хүсээгүй байхад гэнэт дайрч орж ирдэг бодлууд
Гэнэтхэн л хаанаас ч юм таны бодохыг хүсээгүй бодлууд байн байн гарч ирж, таны тухайн өдрийг сүйтгэж эхэлж байна уу? Хэрэв та түгшүүртэй бодлуудад автаж, хэрхэн зогсоохоо мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Та сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнд бодлуудаа хэрхэн хүлээж авах, эсэргүүцэх, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар суралцах боломжтой ба энэ нь эргээд таны эрүүл, үр бүтээмжтэй амьдралын хэв маягт тань туслах юм. - Бүх зүйл утгагүй мэт санагдаж эхлэх үед
Та юу ч хийсэн тэр нь утга учиргүй мэт санагдаж эхлэх нь та сэтгэл зүйн байдалдаа анхаарах болсныг илтгэх хамгийн том шинж юм. Үргэлж уур уцаартай байх, шүршүүрт орох, орноосоо босох, ажил, сургуульдаа явах зэрэг энгийн зүйлсийг хийхэд хангалттай эрч хүч, өөртөө тавих анхаарал халамж байхгүй мэт санагдаж байвал эдгээр нь бүгд танд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй болсныг сануулсан дохио юм. - Идэх дуршилд өөрчлөлт орох
Та гэнэт л хэвийн хэмжээнээсээ бага идэж, эсвэл хэт их иддэг болчихсоноо анзаарсан бол энэ нь бас л таны бие махбод танд ирүүлж буй бас нэгэн сануулга юм. Учир нь хүн цатгалан байсан ч чихэрлэг амтруу тэмүүлэх, халуун ногоо, давслаг, исгэлэн, зөөлөн, аргуу гэх мэт амтаар өөрт байгаа сэтгэл зүйн асуудлуудаа шийдвэрлэх гэж оролддог байна. Та магадгүй ууртай, айсан, гомдсон, уйтгарласан гэх мэт сэтгэл санааны байдлуудаа өөрийн хүссэн амтаар дарж, дүүргэх гэсэн оролдлого хийдэг байж болох юм. Тиймээс идэх дуршилаа анзаараад үзээрэй. - Ажил болон хичээл дээрх асуудлууд
Сэтгэл зүйн асуудлаас болж сургууль эсвэл ажил дээрээ үр бүтээмжтэй байна гэдэг хүндрэлтэй болж эхэлдэг. Өөрийгөө хангалттай сайн хийж чадахгүй байгаа эсвэл хүлээлтийг биелүүлж байгаагаас үүдэлтэй нэмэлт стресс нь хурдан хугацаанд илүү том асуудал болж хувирдаг тул сэтгэл зүйчид хандаарай. - Нэмэлт
Дээрх шалтгаан, шинж тэмдгүүдээс гадна мэдээж таны амьдралд гэнэтийн стресст үйл явдал тохиолдсон бол, хайртай дотны хэн нэгнийгээ алдсан бол сэтгэл зүйчид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг цаг алдалгүй аваарай. Мөн дээр дурдагдаагүй олон шалтгаан, хүчин зүйлийн үндсэн дээр та өөрт тохирох сэтгэл зүйчдээ хандах боломжтой юм шүү.
Эх сурвалж:
Reshawna Chapple, P. (2023, February 22). Do I need therapy? 11 signs it’s Time. Talkspace.
Ferguson, S. (2022, March 28). When to see a therapist: 7 signs it’s time to talk. Psych Central.