Б.Ууганцэцэг: Хүн мэдрэмжээ илэрхийлж байж л асуудлаа хөндлөнгөөс харж, ойлгож чаддаг. Дотор байгаагаа гаргахгүйгээр өөрийгөө таних хэцүү

193
0

КОВИД-19 цар тахал зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй хүн төрөлхтний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлсөн. Шинэ хэвийн байдалд шилжиж буй энэ үед цар тахал хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүдийг авчирсан талаар Сэтгэл Судлалын Үндэсний төвийн  Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

– Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагын эхэнд цар тахал бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн талаар асуумаар байна. Мөн өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий байсан насны бүлгийнхэн аль нь байв?

– Бид бүгд хоёр жилийг амьдралын өөр хэвшилд шилжиж өнгөрүүллээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 2020 онд цар тахал иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа хийсэн. Үүнээс үзвэл цар тахлын нөлөөнд хамгийн өртөмтгий бүлгийнхэн бол ахмад настан, хүүхдүүд байв.Тэдний хувьд сэтгэл түгшүүр, айдсыг илүү их мэдэрсэн.

Хүний сэтгэл зүй бол үргэлж динамик буюу хөдөлгөөнтэй байдаг. Үүнд нийгмийн мэдээлэл, инфляц гэх зэрэг томоохон өөрчлөлтүүд  нөлөөлдөг. Өмнө нь динамик харьцангуй тогтвортой байсан бол цар тахлын үед сөрөг хөдөлгөөн ихэссэн. Айдас түгшүүр, гуниг гутралд автах гэх зэргээр өөрчлөлт их байлаа.

 – Хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, аливааг харах өнцөг нь өөрчлөгдсөн гэж зарим судалгаанд дурдагдсан байсан?– Хэд хэдэн удаагийн хөл хорионы хугацаа нь өөрийгөө болон гэр бүлийнхнээ ойлгох, амьдралын зорилгоо дахиж харах, нийгмийн харилцааны чухлыг мэдрэх, амьдралын хэв маягаа эргэн харах, хайртай дотны хүмүүстээ чанартай цаг гаргахын чухлыг ойлгох зэрэг мэдрэмжийг их түрүүлсэн. Товчхондоо амьдралын үнэ цэнийг илүү их мэдрүүлсэн цаг хугацаа байв.

Мөн сэтгэл санааны байдал ямар чухлыг хүмүүс ойлгосон. Хөл хорио нь нөгөө талаар өөрөө өөртэйгөө ажиллах цагийг гаргаж өгсөн. Энэ бол эерэг өөрчлөлтүүд.

– Өмнө нь өглөө гараад л, оройдоо цуглардаг байсан гэр бүлүүдийн хувьд хөл хорио бол хамтдаа байх чухал хугацаа байсан байх?

– Зорилготойгоор өнгөрөөсөн гэр бүл хөл хориог амжилттай давсан. Харин юу хийх нь тодорхойгүй байсан гэр бүлийн хувьд сөрөг үр дагавар гарсан болов уу. Мөн орлого буурсан нь хүмүүст түгшүүр айдас, санхүүгийн үүдэлтэй асуудлыг хүлээн зөвшөөрч чадаагүй байдал ч үүсгэж байсан.

– Цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг арилгахад эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж байгаа. Гэтэл тэдний хувьд хүүхдийнхээ хичээлийг давтуулах нь хүнд ажил болдог. Та үүнд юу зөвлөх вэ?

– Зөвхөн гэрийн даалгавраар тогтохгүй айл гэрт дүрэм заавал байх ёстой. Хүүхдээс нь хэзээ даалгавраа хийдэг вэ гэж асуухад мэддэггүй эсвэл ээжийг завтай үед, хоолоо хийж дууссаных нь дараа, тарж ирээд нэлээд амарч байгаад оройдоо хийдэг гэх мэтчилэн хэлэх нь элбэг.

Уг нь гэрийн дүрэм тун тодорхой, түүнийгээ бүгд дагаж мөрдөх ёстой. Жишээлбэл, гэртээ орж ирээд гараа угааж, хувцсаа солиод, цайгаа уусныхаа дараа нэг цагийн хугацаанд багтааж даалгавраа хийнэ гэх мэтээр тодорхой байх ёстой. Нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж байвал тэр дүрэм биш болж байгаа юм. Дүрэм үйлчлэхгүй бол бүх хүнийг стрессдүүлдэг.

Бас гэрийн хоолыг хэн хийх гэдэг нь том асуудал үүсгэдэг. Гэр бүлийн маргааны суурь шалтгаан нь хоол хийх байдаг. Эцэг, эх хоёулаа ажилтай байхад хэн түрүүлж ирээд хоолоо хийхээ мэддэг үү гэдгээс л асуудал үүсэж байгаа юм.

– Өнгөрсөн онд цар тахлаас болоод хайртай дотны хүнээ алдсан, хилийн чанадад байхдаа хорио цээрээс болж эцсийн удаа уулзаж чадаагүй зэрэг олон эмгэнэлтэй үйл явдлын улмаас хүмүүсийн сэтгэлд том шарх үүссэн. Үүнийг яаж даван туулах вэ?

– Хүн бүр хэзээ нэгэн цагт гашуудалтай нүүр тулдаг. Гашуудлыг тухайн цаг үедээ зөв тайлах ёстой байдаг ч манайхан уйлж болохгүй, тайван байж, хямарч болохгүй гэдэг.

Гэтэл сэтгэл зүйн хувьд эрүүлээр тайлах гэдэг нь тухайн цаг үедээ сэтгэл хөдлөлөө гаргах, илэрхийлэх юм.

Хэрэв өөрийгөө хэт барьсан, түгжсэн бол одоо ч оройтоогүй. Гашуудлын үед мэдэрч байсан зүйлүүдээ гаргаж, ярих, хуваалцах хэрэгтэй. Сэтгэл хоосорсон, тэр хүнгүйгээр үргэлжлүүлж амьдарч чадахгүй мэт байсан, тэр мэдрэмжүүдээ үг яриагаараа гаргаж хэлэх, уйлах нь зөв. 

Гашуудал хэд хэдэн үеийг давсны эцэст амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд хүргэдэг. Түүнийгээ давж чадаагүй, үеэс үе рүү дамжиж чадаагүй бол өөртөө туслах, чадахгүй байвал мэргэжлийн хүнээс туслалцаа авах хэрэгтэй. Ялангуяа сэтгэл засалчийн тусламжийг авах хэрэгтэй. Ганцаараа сэтгэлдээ бүхнийг тээж, шаналаад байж болохгүй.

Мэргэжлийн хүнд хандахад хэцүү байвал өөрт бодогдож буй зүйлээ дэвтэрт бичих нь чухал

– Цар тахал тойрсон асуудлаар нэлээд ярилаа. Харин одоо сэдвээ бага зэрэг өөрчилье. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж буй хүмүүс юуны талаар илүү их хандаж байна вэ. Та дээр дурдсанчлан хүмүүс сэтгэл санааны байдал хэчнээн чухал болохыг ойлгож мэдсэнээр мэргэжлийн хүмүүст хандах нь нэмэгдсэн болов уу?

– Цар тахлын үед сэтгэл зүйчид хандах хүний тоо харьцангуй нэмэгдсэн. Зөвлөгөөг цахимаар авч, тусламжийн утсанд хандах нь түгээмэл байсан бол одоо биечилсэн зөвлөгөөг их авч байна. Хэвийн амьдралдаа эргэн шилжиж буй энэ үед хүмүүс ирэхдээ амьдралын хэв маягаа эргэцүүлсэн, өөрөө өөртэйгөө их ярилцсан, зорилгуудаа дахин харсан гэх зэрэг дүгнэлттэйгээ ирж байна.

– Мэргэжлийн хүнд хандах боломжгүй байгаа хүмүүст сэтгэл зүйн асуудалдаа хэрхэн анхаарах хэрэгтэй талаар та зөвлөхгүй юу?

– Сэтгэл зүйчид ханддаггүй хүмүүст олон шалтгаан бий. Ичиж эмээдэг, хүнтэй асуудлаа ярилцаж сураагүй, санхүүгийн бэрхшээл эсвэл амьдралаа хүнээс асуулгүй өөрөө шийднэ гэж боддог зэрэг хэд хэдэн шалтгаан бий.

Хүн мэдрэмжээ гаргаж байж л асуудлаа хөндлөнгөөс харж, ойлгож чаддаг. Дотор байгаа бодол мэдрэмжээ гаргахгүйгээр өөрийгөө таних хэцүү.

Хамгийн анхны аргачлал нь бодлоо тэмдэглэж бичих. Санаандаа бууж байгаа бүхнээ бичээрэй. Монголчууд “Бодоод бодоод Бодын шийр дөрөв” гэж ярьдаг. Хэтэрхий их бодвол “тархи толгой гашилдаг” гэдэг шүү дээ. Тиймээс бодоод байгаагаа ярих, хуваалцах чухал. Дотроо байгаа зүйлээ  ил гаргах хэрэгтэй. 

Мэргэжлийн хүнд хандахад хэцүү байвал өөрт бодогдож буй зүйлээ дэвтэрт бичих нь чухал. Мөн бусдын саналыг асуух. Хүн хэн нэгэнд асуудлаа ярьж байхдаа өөрийгөө давхар ажиглаж, санаагаа ойлгож, гарцаа олох нь бий.

Хүн хэн нэгэнд асуудлаа ярьж байхдаа өөрийгөө давхар ажиглаж, санаагаа ойлгож, гарцаа олох нь бий

– Хүн бүр стрессийн талаар, түүнийгээ яаж тайлах вэ гэж эрэл хайгуул хийдэг. Жишээлбэл, агаарт алхах, спортоор хичээллэх болж?

– Хамгийн түрүүнд стрессийнхээ шалтгааныг олох хэрэгтэй. Хүн бүрийн стрессийн шалтгаан өөр. Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх, хамт ажилладаг хүнтэйгээ таагүй харилцаатай байх, эхнэр нөхөртэйгөө үүргийн стресст ордог байж болно.

Шалтгаанаа олж шийдвэрлэхгүйгээр стресс арилахгүй. Агаарт алхах, найзуудтайгаа уулзах, спортоор хичээллэхэд стрессийн түвшин буурна, гэвч уг шалтгаан нь хэвээр байгаа учир дахиад л нэмэгдэнэ. Тиймээс ажлын хүнтэйгээ таагүй харилцаатай байдаг бол сайжруулахыг оролд, гэр бүлийн үүргийн хуваарилалт таагүй санагдаад байгаа бол хоорондоо ярилцах хэрэгтэй.

– Хүмүүсийн сэтгэл санаанд үүссэн нийтлэг асуудал юу байдаг вэ?

– Өөрийгөө ойлгохтой холбоотой асуудал их бий. Таны давуу тал юу вэ гэхээр л яг тийм гэж хариулж чаддаггүй. Өөрийн давуу сайн талаа мэдэхгүй байгаа хүн ажил амьдрал дээрээ түүнийгээ гаргаж чадахгүй. Сул талаа ч бас мэддэггүй байх нь бий. Энэ шинжүүдээ анзаарахгүй байхаар өөртөө эргэлздэг, би юу чадах вэ, юу хийвэл жаргалтай байх вэ зэрэгтээ эргэлзэж эхэлдэг. Та өөрийгөө ойлгож, өөрөөсөө юу хүсдэг вэ гэдгээ мэдчихвэл цаашид юу хийх нь тодорхой болчихдог.

– Blind care аппликэйшний багт та байгаа. Уг аппликэйшн хүмүүст мэдрэмжээ хуваалцах боломжийг олгодог гэж ойлгосон. Та дэлгэрүүлж танилцуулахгүй юу?

– Хүний биеийн үндсэн хэрэгцээ бол биологийн хэрэгцээ. Харин сэтгэл зүйн үндсэн бол өөрийгөө бусдад ойлгуулах, бодлоо гаргах. Гэтэл орчин үеийн завгүй нийгэмд хүмүүс нэгнээ сонсох цаг зав багассан шүү дээ.

Фэйсбүүк, инстаграмдаа бид өөрийгөө байгаагаар нь барагтай л бол гаргадаггүй. Муугаа үзүүлэхгүй гэдэг тул аль болох сайн сайхан байгаа бүхнээ л бусдад харуулахыг хичээдэг. Харин амьдрал үргэлжид эерэг дардан байхгүй. Хөшигний цаана бидэнд үлдэж буй хэнд ч хэлээгүй мэдрэмжээ хуваалцмаар орон зай шаардлагатай байна. Түүнийг нь бий болгохыг хичээж байгаа юм.

Аппликэйшн маань анхны бета хувилбар дээрээ байгаа. Гэхдээ хүмүүсийн татан авалт сайн байгаа. Цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөнүүд гарсан. Одоогоор мэргэжлийн сэтгэл зүйчээс текстээр зөвлөгөө авах боломжтой. Дараагийн удаад бичлэгээр болон аудио хэлбэрээр зөвлөгөө авах боломжтой болох юм. Мөн сэтгэл зүйн сорилуудыг оруулахаар ажиллаж байна. 

Blindcare
WRITTEN BY

Blindcare

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг харагдахгүй. Required fields are marked *