Энэ долоо хоногийн дугаарт маань “Идэр” дээд сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Очирбатын Оюунтунгалаг уригдан оролцлоо.
Боловсрол
- 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль-Бага ангийн багш
- 2005-2009 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын багш, бакалавр
- 2009-2011 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлаач, Магистр
- 2012 он Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлалын докторант
Ажлын туршлага
- 2008 оноос “Нандин Ертөнц” сэтгэл зүйн төвд Гүйцэтгэх захирал
- 2009 оноос “Идэр” дээд сургуульд Сэтгэл судлалын багш
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Мэргэжлийн маань онцлог давуу тал хүмүүсийн харилцаа, амьдралд хандах хандлага, ажил гээд маш олон зүйл дээр гарч ирдэг. Сэтгэл судлалын мэргэжлийг эзэмшсэндээ баяртай байдаг.
Ажлын төлөвлөгөө
Докторын ажлаа хамгаалах нь нэн тэргүүний төлөвлөгөө болоод байна. Сургууль төгсөөд нэлээн хэдэн жил ажиллачихлаа, өөрийгөө дахин нэг шинэчлээд “update” хийх, хөгжүүлэх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Диссертацынхаа чиглэлээр “Бясалгал хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөлөл”-ийн талаарх судалгаа шинжилгээний ажлуудыг судалж байна. Ажлын шаардлагаар жижиг, сажиг судалгаа хийж байгаа, ихэвчлэн бизнесийн чиглэлийн судалгаанууд байдаг.
Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
Өдөрт 8-10 цаг ажилладаг.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг
Сууж, боловсруулж хийдэг ажлын хувьд Монголчуудын хэлдгээр үдээс өмнө ба үдээс хойш. Үдийн өмнө 10–13, цайны дараа их үд өнгөрөөд 15-17 цагийн хооронд идэвхитэй байдаг. Гэхдээ цагийн хуваарийн дагуу хийж байгаа ажлууддаа бүх идэвхээ л дайчилна даа.
Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?
Ажлын төлөвлөгөө байвал ажлаа хийнэ, байхгүй бол гэртээ амарна. Бясалгал хийнэ, зарим тохиолдолд чөлөөт цагийн үйл ажиллагаанд хамрагдана гэх мэтчилэн тогтсон зүйлгүй, тухайн цаг үеийн хуваариар л өнгөрөөдөг.
Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Цагийг зөв зарцуулна гэдэг маань их өргөн хүрээтэй ойлголт. Цагийн төлөвлөгөөний тухайд би гайхамшигтай цагийг ашигладаг гэж өөрийгөө хэлж чадахгүй. Надад сайжруулах шаардлагатай сул тал байх шиг харагддаг. Хүний амьдралаар бодоод үзэх юм бол, хүүхдийг багаас нь амьдралын зөв төлөвлөгөө гаргаж өөрийнхөө дотоод, мөн чанарыг олж харж амьдралаа зөв зүйлд зарцуулах тал дээр сургах хэрэгтэй юм байна. Энэ нь хамгийн том цаг ашиглалт буюу амьдралаа зөв ашиглах зүйл юм байна гэж олж харж байгаа.
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Бусдын л адил хүний амьдралаар амьдарна. Хэрвээ би сэтгэл судлаач байгаагүй бол олон бэрхшээлтэй зүйлийг зовж туулах, бусадтай ойлголцохгүй байх гээд хувь хүнийхээ л алдаа онооны зарчмаар хандах байжээ гэж хардаг. Харин сэтгэл судлаач гэдэг мэргэжлийнхээ хувиар илүү сайн давж байна уу гэмээр байдал ажиглагдана. Хүний амьдралд том цохилт ороод ирэхэд хувь хүн яаж байна, түүнийгээ мэргэжилтэн Оюунтунгалаг маань ажиглаад тэр явцдаа хүний аливаа зүйлд хандах хандлагыг, ямар зүйлийг хэрхэн хүлээн авч ямар хариу үйлдэл гаргадаг болохоо ажиглаж, заримдаа мэргэжлийн туршилт болгох маягтай. Энэ нь хүний сэтгэлийн дотоод мөн чанарыг ойлгоход тусалж өөрөө өөртөө судалгаа хийж буй мэт болдог доо. Тэгэхээр мэргэжлийн хандлага маань хувийн амьдралд бас их нөлөөлдөг юм байна гэж ойлгогдохоор байдаг. Амьдралд хандах хандлагыг маань хүчтэй, тэгээд эерэг болгодог байх.
Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд
Төлөвлөсөн зүйлс байгаа боловч ирээдүйд гарах өөрчлөлтийн талаар хүмүүст хэлэхэд арай эрт юм болов уу? Бодож байгаа зүйлс олон бий.
Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Хүмүүс өөрсдийнхөө сэтгэлд их анхаарал тавих цаг болчихож дээ л гэж боддог. Манайхан их өнгөнд дурладаг, шуналтай байна. Тэр нь эргээд биднийг бухимдалтай, асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй, аливаад бусдаас илүү амьдрахын тулд, дотоод сэтгэлээсээ өөр юмыг хийгээд бусадтай магадгүй эв зүйгээ дотоод мөн чанарынхаа тухайд ололцохгүй зэрэг байдал их газар авчихсан юмуу даа гэж хардаг. Яруу найрагчийн хэлсэн “зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрах юмсан” гээд мөрөөдөөд байгаа боловч өөрөө барьж амьдрахгүй л байгаа байхгүй юу? бид нар дотроо мөрөөдөөд байгаа боловч гаднаа яалт ч үгүй өнөөдрийн нийгмийн гогцоонд ороод эргэлдээд байгаа юм шиг санагддаг. Бие биенээ хүлээн зөвшөөрөөд, энгийн л амьдраад, инээмсэглэхийн оронд гадна өнгө үзэмж, аливаад хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь гээд асар олон зүйл дээр нэгнээ үнэлж цэгнэж тэр үүднээс хүлээн авч байна. Энэ нь эргээд өөрийн хүн чанарыг нь үгүй хийгээд байгаа юмуу даа гэж харж байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхлээд бүгдийг хүлээн зөвшөөрөх тэр сэтгэлээ хөгжүүлээсэй л гэж зөвлөх байна. Хүлээн зөвшөөрөх нь эцсийн цэг бус харин эхлэл цэг болдог гэж хэлмээр байна даа.
Баримталдаг зарчим
Бусдыг хохироохгүй байхыг л баримталдаг. Ямарваа нэгэн үйлдлийн ард заримдаа өөрийн мэдэлгүй бусдын сэтгэл санааг, бусдыг хохироох үйлдэл гаргасан бол түүндээ гэмшдэг. Хүн бусдыг хохироохгүй л гэсэн сэтгэлтэй байх юм бол бие биендээ буруу үйлдэл хийх сөрөг муу зүйл санах нь бага байх юмуу гэж боддог.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл
Дотоод сэтгэлийн баяр баясгалан гэж боддог. Яагаад гэхээр дутуу зүйл байсан боловч бага байхын л эргэн тойрноосоо хүрээлэн байгаа орчинтойгоо зохицож, баяр баясгалангийн мэдрэмжээс урам авдаг. Бусдын сайхан сэтгэл, үлгэр жишээ, зөв гээд олон зүйлээс урам авч чаддаг даа.
Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Мэргэжлийнхээ хувьд ч, хүнийхээ хувьд ч бусдад тусалчихаад тэр тус маань бодит биелэлээ олоод явахыг харахад, хүний сэтгэл дотроосоо инээмээр болдог тэр мэдрэмж хамгийн сайхан.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл
Унших дуртай, номны үзэл санааг ойлгож, их мэдэрч уншдаг. Бас хүмүүстэй харилцахдаа тухайн хүнээ их мэдэрдэг. Анализ дүгнэлт хийхээсээ урьтаад сэтгэл гундуухан байвал ядаж л инээгээд өгөх жишээтэй. Энэ нь төрөлхийн совин дагаж хийдэг зүйл шиг л хөгжсөн байдаг.
Бусдад байнга хэлдэг үг
Залуустай их ажилладаг хүний хувьд тэдэнд сошиал ертөнцийн орон зай их болсон. Хийх ажил багасаад хүмүүсийн мөрөөдөх зүйл нь ихэссэн юм шиг энэ хооронд залуучууд сэтгэл зүйн хувьд хий алдаад байна. Хоосон орон зайг өөртөө бий болгож алдаад байгаа юм шиг санагддаг. Ер нь сүүлийн үед хэлэх дуртай, сургах дуртай болсон зүйл маань “аливаа зүйлд чин сэтгэлээ бүрэн дүүрэн зориулж, цаг мөч бүхэнд бүрэн дүүрэн амьдраачээ” гэж хэлэх их дуртай болсон.
Одоо уншиж буй ном
“Өдөр бүр Дракертай хамт” гээд менежментийн чиглэлийн, авах санаа ихтэй номыг уншиж байна. Мэргэжлийн номнуудаа байнга л харах шаардлага гарч байдаг.
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Эерэг сөрөг хандлага бол хүний дотоод сэтгэлийн илрэл юм л даа. Хүмүүсийн сөрөг хандлага их буруу, муухай зүйл гэж хэлэхээсээ урьтаад тэр хүнийг сөрөг хандлагатай болоход нөлөөлсөн маш олон хүчин зүйл цаана нь байгаа даа гэж боддог. Сөргөөр хандаж байгаа хүний бардам, дээрэнгүй авираасаа, өөрийгөө илүүд үзэх гэснээсээ шалтгаалсан бол их дургүйцдэг, гэвч зарим хүмүүсийн сөрөг хандлага амьдралд зовж зүдэрсний хариу үйлдэл болж илэрч байгааг харвал уучлах, энэрэх сэтгэл төрдөг. Эерэг хандлагууд нь шунал, арга залиар ч гардаг. Тэрэнд нь зүг чигээ алдаагүй бол болж байнаа л гэж боддог. Зарим тохиолдолд хүмүүс үнэхээр дотроосоо эерэг хандлагатай, ямар нэгэн зүйлд зөв өнцгөөс ханддаг. Түүнээс их урам зориг, эрч хүч бас үлгэр дууриалал авч байдаг. Тэгэхээр эерэг сөрөг хандлага бол дотоод сэтгэлийн л мөн чанар учраас аливаад сөрөг хандаад байгаа бол өөрийгөө урамшуулах цаг үе нь болсон эсвэл өөрийнхөө сэтгэл зүйд дүгнэлт хийх цаг болсон гэж хүн өөрөө мэдэрдэг байх, ойр дотны хүмүүс нь түүнийгээ гомдоохгүйгээр сануулдаг байх хэрэгтэй. Эерэг хандлага бол мэдээж сайхан зүйл.
Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?
Үнэ цэнийнхээ хувьд багшийг хүндэлдэг шигээ сэтгэл судлаачийг хүндэтгэж үздэг юм болов уу гэж боддог. Сэтгэл судлал мэргэжлийнхээ хувьд үнэ цэнэтэй байр суурьтай юм шиг атлаа хүлээн зөвшөөрөгдөж, үйлчлүүлж, орон тоо нэмэгдэж байгаагаас нь үзэхээр энэ орон зайгаа тогтоох гээд зүтгэж яваа ч юм шиг тийм л хоёрдмол байр суурьтай байх шиг санагддаг. Анх “Нандин Ертөнц” төвөө байгуулаад үйлчлүүлэгч хүлээн авахад эхэн үедээ сардаа 2, 3 хүн үйлчлүүлдэг байсан бол сүүлдээ нэмэгдээд эргэх холбоотой болж ирсэн. Сэтгэл судлаач гэдэг мэргэжлийн хэрэглээний түвшинг, хэрэглээний байр суурийг өргөх гэж яваа Сэтгэл Судлалын Үндэсний Төв түүчээлээд, тууштай байгаа байгууллага, хувь хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийг хүсдэг, баярлалаа гэж хэлье. Мөн орон тоонууд бий болж хүлээн зөвшөөрөгдөж байгааг хараад баярладаг.
Улсын ирээдүй таны нүдээр
Сэтгэл зовдог. Дээхэн үеийн хөдөөний, юм бүхнийг сонирхон үздэг юу ч үзээгүй хүүхэд шиг нөхдүүд л улс төрд гарчихаад л, солигдоод л, ээлж ээлжээрээ гараад л идэж уух, хувьдаа ашигласан хүмүүс төрийн толгойд байгаа юм шиг санагддаг. Аливааг судалж шинжилж шийдвэр гаргадаг байдал, эрдэмтэд судлаачдын үнэ цэнэ их уначихсан, тэднийгээ зөв зүйтэй ашиглаж чадахгүй байна. Ийм байдал удаан үргэлжилбэл ямар ирээдүй угтахыг хэлж мэдэхгүй сэтгэл зовдог.
Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.