Энэ удаагийн дугаарт маань Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн сэтгэл судлаач Энхбатын Дэжид уригдан оролцлоо.
- 2006-2010 онд МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр бакалавр
- 2010-2012 онд МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн сэтгэл судлалын ухааны магистр
Ажлын туршлага
- 2008-2009 онд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд туслах ажилтан
- 2010-2011 онд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн сэтгэл зүйч
- 2011 оноос ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Маш сайхан мэргэжил. Хэдийгээр хүнд тулгамдаж байгаа хэцүү, бэрхшээлтэй асуудлуудыг сонсдог ч гэсэн тэр хүмүүст туслаж байна гэдгээрээ маш сайхан мэргэжил. Хүмүүст туслаад, ямар нэгэн эерэг үр дүн гарч байгаагаас нь илүү их эрч хүч авч мэргэжлээрээ бахархах, өшөө ажиллах урам зоригийг авдаг.
Ажлын төлөвлөгөө
Төлөвлөж байгаа ажил маш их. Илүү их суралцах хэрэгтэй байна. Сүүлийн үед ялангуяа Монголд сэтгэл судлаач нар маань ерөнхий сэтгэл судлалаар төгсчихөөд, харьцангуй нарийсах нь бага байгаа, илүү хүүхэд талруугаа тэр дундаа өсвөр үеийнхэн талруугаа илүү мэргэшиж ажиллах суралцах төлөвлөгөөтэй байгаа.
Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Би долоо дахь жилдээ практик дээр, эмнэлэгт зургаан жил ажиллаж байна. Илүү клиник талын практик ажлыг хийгээд байгаа. Гэхдээ мэргэшиж суралцаагүй. Яг клиникийн сэтгэл зүйч ямар мэргэжлийн ур чадвартай байх ёстой юм? ер нь юу хийх ёстой юм? гэдэг тал дээр практик судалгаа хийж байна. Ерөнхийдөө энэ хугацаанд ажилласан кейсүүдээ базаад нэг судалгаа болгох юм бол эхлүүлчихсэн байгаа, судалгааны ажил гэж хэлэх эрт байна. Жилийн өмнө хүүхдийн компьютер тоглоомонд донтож байгаа асуудалтай холбоотой, багштайгаа хамтраад судалгааны ажил хийсэн. Ажлын байран дээр бол байнга л судалгаа хийж байна. Үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхөөс гадна ажилчиддаа сургалт, судалгаа явуулна гэдэг том ажилтай. 2015, 2016 онд 1200-д ажилчиддаа “ажлын байрны стресс, ажлаас хальширах байдал” сургалт хийгээд түүнийгээ үнэлэх зорилгоор судалгаа авсан байгаа 2 жилийн нэлээн том ажлын ард гарсан. Тэр маань тодорхой үр дүнгээ өгсөн гэж найдаж байгаа.
Өдөрт хэдэн цаг ажиллаж байна вэ?
Өглөө 08.30-17.30-н хооронд ажилладаг.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг
Яг хэлэхэд хэцүү. Байгууллага дээр маань одоохондоо ганцхан сэтгэл зүйч байгаа. Шулуухан хэлэхэд гал унтраах ажил хийж байгаа гэж хэлж болно. Хаанаас ч хэзээ ч хүнд хүмүүс дээр дуудаж болдог, эмнэлэгт тэр хүмүүс маань 7-14 хоног хэвтээд гардаг. Урт хугацаанд хүнд өвчтэй хүүхдүүдийг эс тооцвол ихэнх нь гарчихдаг. Гарсан ч гэсэн сэтгэл зүйн эмчилгээнд урт хугацаа шаарддаг, тэр хүмүүс маань ихэвчлэн цаг тохироод хэдэн сараар үргэлжлээд явна. Тогтмол хүмүүсээс гадна гэнэт ирж байгаа олон тохиолдлууд байдаг. Амиа хорлох зорилгоор эм уугаад ирсэн хүүхдүүдийг заавал сэтгэл зүйчтэй уулзуулах ёстой гэсэн зарчимтай. Зарчим гэхээсээ илүү үйл ажиллагааны стандарттай. Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс байна. Манайх төрөлжсөн нарийн мэргэжлийн маш олон тасагтай. Мэс заслын өмнө болон дараа янз бүрийн сэтгэл зүйн асуудал гардаг, гэхдээ мэдээж шаардлагатай хүмүүс маш их байдаг. Эмч нар маань ажиглаад энэ хүнд тусламж үйлчилгээ хэрэгтэй байна гэсэн тохиолдол бүрт л очиж үйлчилгээ үзүүлдэг. Тийм болохоор идэвхитэй цаг гэж хэлэхэд бас хэцүү. Өглөө аль болох бодож, сууж, бичих төлөвлөх ажлаа хийхийг хичээдэг.
Амралтын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?
Аль болох гэр бүлтэйгээ амарч өнгөрөөхийг хичээдэг. Илүү цагаар ажиллахыг сайшаадаггүй. Хүүхэд маань жаахан болохоор яг цагтаа тараад л хүүхдээ сургуулиас нь авах шаардлагатай, аль болох л цагт нь амжуулаад л явдаг. Илүү цагаар ажиллах шаардлагатай бол ажилладаг. Тэр үед удирдлагаас өгсөн үүрэг даалгавар учраас ажиллана.
Цагийг хэрхэн зөв зарцуулах тухайд
Цагийн менежмент л гэсэн үг. Энэ бол хамгийн чухал асуудал. Ер нь хүн стрессээс ангид байх, урьдчилан сэргийлэх гэдгийн суурь нь бол цаг зарцуулалт. Ажилдаа нухлагдаж шөнө оройгоор гэр бүлдээ зарцуулах цагаа ажил дээрээ өнгөрүүлэхгүй байхыг л хичээдэг. Ямарваа нэгэн юмны баланс нь алдагдаад ирэхээрээ хүн сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай болж байгаа. Энэ бол хамгийн чухал, өөртөө ч гэсэн байнга үүнийг хэлэхийг хичээдэг. Надаас зөвлөгөө авах гээд ирж байгаа хүн цагаа яаж зохицуулж байна вэ? гэдэг талаас нь хараад тэр тал дээр нь зөв зохицуулалт хийж өгөхийг хичээдэг.
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Жил өнгөрөх тусам, эргээд харахад хүмүүст өгч байгаа зөвлөгөөгөө би өөрөө хэрэгжүүлж чадаж байна уу? үгүй юу? гэдэг асуулт ганцхан надад ч биш бүх сэтгэл судлаач нэрт төрдөг байх. Тэр бол хамгийн том шалгуур, хамгийн том баримтлах ёстой зүйл. Мэдээж энэ мэргэжлийн сайхан тал нь хувийн амьдралд маань нөлөөлж байгаа. Хүний амьдралд маш чухал зүйл гэр бүл, найз нөхдөөс гадна ажил гэдэг зүйл байгаа. Аль алинд маань нөлөөлж байгаа,амьдралдаа хандах хандлага маань аль болох эерэг сайн талыг нь олж харахыг л хичээдэг. Мэдээж эрч хүчтэй байна, ирж байгаа үйлчлүүлэгчдээ би: та сэтгэл санаагаар унах тусам хүний идэвхи буурах хандлагатай байдаг, та өөрөөсөө шалтгаалах юуг хийж болмоор байна, хамгийн наад зах нь эрч хүчтэй дасгал хөдөлгөөн бага багаар хийж хэвшүүлэх гэх мэтчилэн зөвлөгөө өгдөгтэйгээ яг адилхан л сэтгэл зүйч өөр дээрээ ч гэсэн хувийн амьдралдаа тийм байхыг л хичээнэ. Гэхдээ төгс юм байхгүй сэтгэл зүйч ч гэсэн адилхан уурлана, уйлна, инээнэ, баясна тэр хүний амьдралд ч гэсэн их бага хэмжээгээр асуудал гарна. Тэр болгоныг хамгийн гол нь яаж даван туулж байна, ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд эргээд түүний дүгнэлт тайлал нь ямар байна вэ? гэдэг дээр л гол зүйл гарах байх тэрнээс биш бид төгс хүн биш шүү дээ. Анх байгууллагын сэтгэл зүйч гээд л орж байхад хүмүүсийн хандлагыг ажиглахад ерөөсөө л сэтгэл зүйч л юм чинь энэ хүн уурладаггүй, гунигладаггүй байх гэсэн хандлагатай байсан. Хэрвээ байгууллагын сэтгэл зүйчээр ажиллах сонирхолтой хүмүүс байгаа бол анхаарах зүйл нь: энэ тал дээр ажилчиддаа зөвлөгөө мэдээлэл сургалт явуулах хэрэгтэй байх. Сэтгэл зүйч ч гэсэн хүн гэдгээ ойлгуулах талаас нь ажиллавал хэн хэнийх нь ажилд саадгүй. Одоо бол хүмүүс ойлгодог болчихсон. Шидтэн биш, асуудлыг даван туулахад нь чиглүүлж тусалдаг хүн гэдгийг ойлгодог болсон гэж найдаад байгаа.
Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүд
Их таатай сайхан өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Төлөвлөгөөтэй л холбогдож байна. Хувийн амьдралд маш олон өөрчлөлт гарна, ажил мэргэжлийн хувьд бол сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа. Тодорхой хугацааны дараа бол нэг шатаар ахисан байхад анхаарна. Өдөр тутамдаа бид сураад явж л байгаа. Ер нь манай мэргэжил ажиллах тусам өөрийгөө их голж, илүү их суралцах хэрэгтэйг мэдэрдэг. Тэгэхээр сурах карьерийн хувьд ч гэсэн их сайхан зүйл хүлээж байгаа байх.
Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Нийгэм эдийн засагтай холбоотой маш олон бэрхшээл манай Монголчуудад байгаа. Түрүүлж түүнийг шалтаг, шалтгаан болгохоосоо илүү хүүхдүүдэд их сайн анхаарах хэрэгтэй. Аль болох багаас нь анхаарах тусмаа л бид хожим гарах сөрөг үр дагаврыг бууруулж чадах юм шиг санагддаг. 1-рт: эцэг эх байх сонголтоо зөв хийх хэрэгтэй байна, мундаг хүмүүжүүлээд сайн явж байгаа өчнөөн залуучууд байгаа. Ер нь эцэг эх байх ямар түвшинд нь эцэг эх байхад бэлэн байх гэж үзээд хүүхэдтэй болох вэ? гэр бүл төлөвлөлтийн асуудал яригдаж байна.
2-рт нь хүүхдээ бид яаж хүмүүжүүлэх вэ? яаж анхаарах вэ? цаг заваа яаж төлөвлөх вэ? гэдэг зүйл байна. Шалтаг бол маш их гарч ирнэ. Эдийн засаг хямарсан байна, ажил төрөл хийнэ, завгүй амьдрахаар хүүхэд ардаа хоцорч байна гэдгээс эхлээд. Практик дээр зөвлөгөө авч байгаа эцэг эхчүүдийг харж байхад тийм л хандлагатай байдаг. Гэхдээ бид аль болох л хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлэх, яаж харьцвал зүгээр вэ? хүүхдийнхээ онцлогыг танин мэдэх нэн их чухал байна. Үүнийгээ дагаад нийгэмд зөвлөгөө мэдээлэл өгөх мэргэжилтэн боловсон хүчин, зохицуулалт хэрэгтэй байна. Хүүхдийн сэтгэл зүйг анхаараасай гэж хэлэх байна. Мэдээж яриад байвал маш их зүйл байгаа. Боловсролын системээр дамжуулж хүүхдэд яаж нөлөөлөх вэ? давхар эцэг эхэд яаж нөлөөлөх вэ? гэдэг л их зөв гарц юм шиг санагддаг. Асуудал тулгамдсаны дараа биш түүнээс урьдчилан сэргийлж хүүхэд залуустаа анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хүүхдийн хүмүүжлийн тал дээр мэргэжилтнүүд маань мэргэших хэрэгтэй байна. Багш нарт мэдлэг өгөөд дэмждэг сургууль бүрт ядаж нэг боловсрол, хөгжлийн сэтгэл зүйч мэргэшсэн хүмүүс их дутагдаж байгаа. Эцэг эхчүүдтэй ажиллахад ч гэсэн сургууль маш том бааз болж өгдөг. Эцэг эхийн хамгийн их холбогддог газар бол сургууль. Энэ тал дээр анхаарал тавих хэрэгтэй.
Баримталдаг зарчим
1-рт өөрийгөө хөгжүүлэх, олон жил ажиллаж байгаа туршлагатай сэтгэцийн эмч нар манай салбарын хүмүүс олон бий. Миний хувьд бол их сайн хөгжих л хэрэгтэй гэж боддог. Хүнд зөвлөгөө өгөхөд л яаж энгийн үг хэрэглэх вэ? орчин үед хүүхдүүд ямар үг хэллэгээр илүү их дамжуулж ойлгодог болсон бэ? ямар имижтэй байгаа вэ? түүнийг судлахаас эхлэнэ. Хүнээ дагаж хувьсдаг мэргэжил. Алдахгүй л хөгжиж байх шаардлагатай.
2-рт цагаа зөв зохицуулахыг их хичээдэг.
3-рт чадахаараа хүнд туслаж, ажлаа гүйцэт хийх юмсан гэсэн зарчимтай. Хүн алдаа гаргаж болно гэхдээ хэзээ ч худал хэлэх, түүнийгээ нуухад дургүй. Тэр тал дээр илүү анхаардаг.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл
Харах өнцгөөсөө л шалтгаална. Сэтгэл хангалуун байх суурь нөхцөлөө хүн өөрөө яаж харж байна? Түүнээс л шалтгаална. Бүх юм нь болохгүй байна гээд харвал мэдээж сэтгэл ханамж бага байж таарна, энэ маань болоод, энэ нь болохгүй байна гэж харвал яг амьдралдаа яаж сэтгэл хангалуун байх вэ? гол нь л харах өнцөг. Бүх зүйл нь 100 хувь хангалуун болчихвол бас утгагүй. Яаж харах вэ? гэдгээсээ л шалтгалана.
Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Эрүүл байгаа нь их сайхан мэдрэмж, нийгэмд ороод л ажиллаж амьдарч байна. Гэр бүл маань элэг бүтэн байна, ээж аав, төрөл садан, найз нөхөд миний хүрээлэлд байгаа энэ орчин чухал. Хүнд амжилт байх хэрэгтэй, амжилтаа мэдрэх. Амжилт бол тушаал дэвших, сая саяар нь цалин авахын нэр биш, хувь хүнийхээ хувьд ямар түвшинд яаж амжилт гаргаж байгаагаа мэдэрч түүнээсээ сэтгэл ханамж авч байна гэдэг чухал.
Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл
Маш их байгаа. Экстрем зүйлээс их айдаг, гэхдээ хийж үзэхийг их хүсдэг. Заримдаа бас хийдэг, шүхрээр буух байдаг ч юмуу? Янз бүрийн экстрем спортууд байдаг. Жагсаалт байгаа эхнээс нь хийж үзнэ дээ.
Хамгийн сайн хийж чаддаг зүйл
Ажил мэргэжлийн хувьд сайн хийнэ.
Одоо уншиж буй ном
Secret, Notebook гээд 2 ном уншиж байна, англи хэлээ сайжруулах зорилгоор. Үүнийг л уншъя гэхээсээ илүү хэллэг нь арай амархан, тогтоогдох нь дээр, үг шүүрэх нь амар. Өдөр тутамдаа ажлын шаардлагаар байнга л ном уншиж байдаг.
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Энэ их олон зүйлийг тодорхойлно. Хүн амьдралдаа ямар сэтгэл ханамжтай явах юм бэ? гэдгийн суурь нь хүний хандлага байх. Эерэг байна уу? сөрөг байна уу? гэдгээсээ шалтгаалаад тэр хүн стресст хэр өртөмтгий байх вэ? гэдэг нь гараад ирнэ. Мэдээж бүхнийг сөргөөр хардаг хандлагатай хүн бол ойлгомжтой байнгын стресстэй, орчин тойрныхоо хүмүүстэй харилцааны асуудалтай. Эерэг хандлагатай хүн бол өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл ханмжтай байна. Түүнийгээ дагаад стресст бага өртөнө, харилцаа сайтай, харилцааны асуудал бага байна гэдэг нь стрессийг бууруулж байгаа хэлбэр. Харилцан уялдаатай, хандлага бол их чухал. Өөртэйгээ ажиллах, сэтгэл зүйн хувьд өөрийнхөө дархлааг нэмэгдүүлэх хэргэтэй.
Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна?
Туршлагатай, салбартаа олон жил ажилласан сэтгэл зүйчид маань өргөн хүрээнд ярина байх. Сүүлийн 4, 5 жил харьцангуй эрэлт хэрэгцээг нь илүү мэдэрдэг болж байна. Байгууллагууд энэ төрлийн үйлчилгээ авахыг хүсдэг болсон байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд ихэнхи дүүргийн эмнэлэгүүд сэтгэл зүйчтэй болчихлоо. Дүүрэг бүрт “гэр бүл хүүхэд хөгжлийн төв” байгуулагдаад сэтгэл судлаач ажиллаж байна. Хүмүүс лам, бөө гэхээсээ илүү сэтгэл зүйчийг сонгодог болж ирж байна. Залуучууд хүүхдүүдийн сэтгэлгээ их өөр болж байна.
Жишээлбэл: өөрийгөө барьж чадахгүй уурлаад байх юм яах ёстой вэ? гээд орж ирж байна хэн ч тэр хүүхдийг очиж уулз гэж зөвлөөгүй байхад ирж байна. Байр суурийн хувьд бол хүмүүс ойлгодог болж. Зарим тохиолдолд бид харьяалах газар байхгүй юм шиг мэдрэмж төрөх үе их байдаг. Эмч сувилагч гээд л бүх мэргэжил л харьяа газартай ёс зүйгээс эхлээд бүх зүйл нь бий. Мухардлаа гэхэд очоод асуух, зөвлөх арга зам байдаг бол бидэнд хийж цэгцлэх зүйлс маш их байна. Энэ асуудал дээр яах вэ? гээд хандъя гэхэд хандах газар байхгүй юм шиг үе их байдаг. Хэцүү бэрхшээлтэй асуудал тулгарахад хэдэн багш нарыгаа л барааддаг. Ийм л маягаар ажил явж байна. Нийгмийн бас нэг жижиг хэсэг бол тухайн сэтгэл зүйч ажиллаж байгаа ажлын байр, байгууллага байгаа. Сэтгэл зүйчдээс өөрсдөөс хүчин чармайлт хэрэгтэй, яаж байр сууриа тогтоох, ажил мэргэжлээ ойлгуулах, бусад мэргэжлийн хүмүүстэй хамтарч уусч ажиллах вэ? гэдэг бол маш чухал. Хаана ч ажилласан энэ хамгийн хэрэгтэй гэдгийг ойлгож байна.
Улсын ирээдүй таны нүдээр
Монгол улс маань сайхан хөгжинө байх. Бидний даван туулах шаардлагатай л цаг үе ирээд байна. Үе үе гардаг хямрал, нийгэмд ямарваа нэгэн түүхт мөчүүд байдаг тэдний л нэг үе байх. Дардан замаар явна гэж байдаггүй шүү дээ. Эерэгээр харах юм бол тэгтлээ дордсон юм алга, хүмүүс чадлаараа л амьдарч байна. Сэтгэлгээний хувьд бол хүмүүс, нийгэм өөрчлөгдөх шаардлагатай гэж боддог. Ихийг хийж бүтээх хэрэгтэй, ялангуяа залуучууд, хүүхдүүдэд ирээдүй болсон хүмүүстээ анхаарал хандуулах үүрэгтэй байна. Хийж буй ажилдаа эзэн болоод хүн бүр хичээх хэрэгтэй. Нэгнийгээ дэмжих сэтгэлгээ дутаад байдаг юм шиг харагддаг, шүүмжлэх талдаа илүү байдаг энэ тал дээрээ анхаарах хандлагаа өөрчлөх шаардлагатай. Дэмжье хийе гэсэн залуучууд ихэссэн байна, эерэг бодлууд цэцэглэж бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.