Бие махбод – Сэтгэл санаа хоорондын уялдаа

Цаг агаарын байдал, харилцаа, хүрээлэн буй орчин гэх мэт гадаад хүчин зүйлс бидний сэтгэл зүйн байдалд нөлөөлж байдаг ч биед ялгарах серотонин, допамин, адреналин, окцитоцин гэх 4 чухал бодис мөн бидний сэтгэл санаанд нөлөөлж байдаг. Эдгээрийн тухай ойлголтоо нэмэгдүүлснээр бид өөрийн сэтгэл санаагаа механикаар удирдах чадварт суралцах боломжтой юм.

Серотонин

Серотонин нь таны аз жаргал, амьдралын чанар, сэтгэл санааны тогтвортой байдлыг хариуцахаас гадна таны нойр болон хоолны дуршлыг зохицуулдаг. Таны биед хангалттай хэмжээний серотонин байхад таны сэтгэл санаа тогтвортой, тайван байхаас гадна эрч хүчтэй, анхаарал төвлөрөл чинь сайн байна. 

Дараах шинж тэмдгүүд илэрч байвал таны биед дахь серотонины хэмжээ хангалтгүй байх магадлалтай. 

  • Нойр муу, унтахад хүндрэлтэй байдаг бол 
  • Өөрийнхөө талаар сөрөг бодол, мэдрэмжтэй
  • Бэлгийн дур хүсэл сулрах
  • Эрч хүчгүй байх
  • Амттай, чихэрлэг хүнс идмээр санагдах

Серотонины хэмжээ бага байх нь ерөнхийдөө сэтгэл санаа гундуу байхад нөлөөлдөг ба серотонин нэмэгдүүлснээр түгшүүр, OCD, нийгмийн харилцаанд орохоос түгших эмгэг гэх мэт олон асуудлуудад тус дэм болдог. 

Хэрхэн серотонины хэмжээг нэмэгдүүлэх вэ?

Та илүү дутуу нэмэлт бэлдмэл ашиглахгүйгээр серотонины хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Үүнд:

  • Наранд суух, 
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Бясалгал хийх,

Допамин

Бидний хэлж заншсанаар Аз жаргалын гормон болох Допамин нь бидний сэтгэл зүйн байдалд нөлөөлж байдаг. Энэхүү гормон бидний ой тогтоолт болон хөдөлгөөний чадварт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийн дуртай зүйлээ хийж, дуртай хоолоо идэхэд тархи маань биднийг урамшуулахаар допамин ялгаруулдаг. 

Допамин нь танд тааламж, сэтгэл ханамж, урам зоригийг мэдрүүлдэг. 

Хэрхэн допамины хэмжээг нэмэгдүүлэх вэ

  • Сахар, каффейн, тослог ихтэй хоолоо багасгах
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Нойр сайн авах
  • Таны сэтгэл санааг өргөдөг зүйлсээ хийх – бясалгал хийх, массажинд орох гэх мэт 

Допамин ихэднэ гэж байх уу? 

Ямар ч сайн зүйлийн хэмжээ нь ихэднэ эсвэл багадна гэж байна. Допамины хэмжээ хэт бага байх нь сэтгэцийн өвчнүүдтэй холбогддог бол ихсээд ирэхээрээ хэт өрсөлдөөнтэй, түрэмгий, импульсаа хянах чадваргүй болох гэх мэт сөргөөр нөлөөлдөг. Зарим хүмүүсийн хэт их идэх, мөрийтэй тоглох, гар хангалга, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зэрэгт донтдогт нь эдгээр үйлдлийг хийхэд ялгарах допамины хэмжээ тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. 

Адреналин 

Адреналин нь биднийг аюулаас хамгаалах, эрсдэлтэй нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлэхэд (тэмцэх үү, зугтах уу) тусалдаг гормон юм. Биднийг догдлоход, айж сандрахад, аюул заналхийлэлтэй нүүр тулахад адреналин ялгардаг. Жишээлбэл онгоцноос шүхэртэй үсрэхэд таны бие адреналинаар дүүрсэн мэт болох ба дээр дурдсан мэдрэмжүүд холилдон мэдрэгдэнэ

Адреналин их хэмжээгээр ялгарахад дараах шинж тэмдгүүд илэрдэг:

  • Зүрхний цохилт түргэсэх 
  • Хөлрөх
  • Амьсгал түргэсэх
  • Хүч, үзүүлэлт сайжрах, нэмэгдэх
  • Өвчин мэдрэх чадвар буурах 

Зарим хүмүүс adrenaline-rush мэдрэмжид дуртай ба адреналин ялгаруулдаг үйлдэл, хөдөлгөөнийг хийдэг. Жишээ нь экстрим спортоор хичээллэх.

Адреналин хэт ихэднэ гэж байх уу?

Бидний бие махбод адреналины хязгаарлалт хийхдээ харьцангуй сайн. ‘Аюулын’ мэдрэмж, нөхцөл байдал өнгөрөхөд адреналин ялгарал мөн зогсдог. Гэхдээ зарим нэг эрүүл мэндийн шалтгаан болох нойрон дунд амьсгал таслалдах/sleep-apnoea/, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны доголдол зэргээс болж тэнцвэргүй байдал үүсэх боломжтой. 

Стресс, сэтгэл зовнил нь мөн бидний биед адреналин ялгаруулдаг. Хий дэмий зүйлсэд санаа зовсноор адреналин ихээр ялгарах, тэр нь урт хугацаанд үргэлжлэх нь бидний эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх боломжтой. Жишээлбэл маргаашдаа санаа зовниод шөнө унтаж чадахгүй байх, нойр дутуугаас бүтээмж муудах гэх мэт.

Адреналин ихдэх, тухгүй мэдрэмжтэй байгаа бол та өөрийн “амрах – ба – боловсруулах систем” болох парасимпатетик нервийн системээ идэвхжүүлэх үйлдэл хийснээр биеэ тайвшруулах боломжтой. 

Парасимпатетик системээ идэвхжүүлэх үйлдлүүд:

  • Гүнзгий амьсгал авах
  • Бясалгал
  • Иог, тай-чи гэх мэт тайвшруулдаг хөдөлгөөн хийх
  • Ойр дотнын хүмүүстэйгээ санаа зовнилоо хуваалцах
  • Өөртөө анхаарах, сайн хоо идэх, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт
  • Каффейн болох согтууруулах ундааны хэрэглээг багасгах
  • Унтахын өмнө дэлгэцийн хэрэглээгээ багасгах

Окцитоцин – “дулаахан – тухтай” 

Окцитоцин нь бидэнд хайрын гормон гэдэг нэрээрээ илүү танил бөгөөд итгэлцэл, эмпатиг нэмэгдүүлдэг. Серотонин, допамин дээр окцитоцин нэмэгдсэнээр бидний сайхан мэдрэмжийн гормоны гурвал үүснэ. 

Хүүхэд төрөх, хүүхдээ хөхүүлэх болон сексийн үед окцитоцин ялгардаг. Бие дахь окцитоцины хэмжээ бага байх нь сэтгэл гутралтай холбогддог. Гэхдээ хүн хоорондын харилцаанд окцитоцин хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа, нотолгоо хараахан хангалтгүй ба нэмэлт судалгаа шинжилгээ хийгдэх шаарлагатай байна. Окцитоцины хэмжээг нэмэгдүүлэх нь нийгмээс айх айдас, сэтгэл гутрал, уур бухимдлыг бууруулахад нөлөөлдөг байх магадлалтай.

Окцитоцины хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ

  • Амьтан эрхлүүлэх
  • Бясалгал хийх
  • Хэн нэгнийг тэврэх, хөтлөлцөх, массаж хийлгэх, секс хийх гэх мэт эерэг контактууд
  • Ярилцах, инээлдэх, харц тулгарах гэх мэт нийгмийн харилцаанд орох

Нийтлэлийн төгсгөлд дүгнэлт хийхэд юуны өмнө бидний сэтгэл санаанд эдгээр гормонууд хэрхэн нөлөөлдөг гэдгийг унших сонирхолтой байсан гэж найдаж байна. Тархи болон сэтгэл зүйн байдал хоорондын холбоо хамаарал нарийн төвөгтэй ба эдгээр бодисууд бидний бие – сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тал дээр судалгаанууд үргэлжлүүлэн хийгдсээр байна. Хүний бие махбод болон сэтгэл зүйг тусад нь авч үзэх боломжгүй ба аль нэг нь нөгөөдөө үргэлж нөлөөлдөг учир зарим тохиолдолд механикаар өөрийн сэтгэл санаанд нөлөөлөх боломжтой гэдгийг та бүхэн энэхүү нийтлэлээс ойлгосон байх аа.

Сэтгэгдэл үлдээх
69 Shares:
Танд санал болгох нийтлэл