Хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн анхаарал татдаг, мэтгэлцээн өрнүүлдэг сэдэв бол яахын аргагүй ШАШИН. Өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан маш хүчтэй эрчийг авч шашны үнэн худлыг удаа дараалан үгүйсгэсэн нь дэлхий нийт, тэр дундаа залуучууд шашныг хэрэггүй, дэмий зүйл гэж шүүмжлэлтэй ханддаг болоход хүчтэй нөлөөлж.
Гэхдээ ШАШИН бол ҮНЭН эсвэл ХУДАЛ гэж мэтгэлцэхэд тийм ч оновчтой сэдэв биш. Харин хүмүүс яагаад шашинд итгэдэг, юу тэднийг татдаг гэдгийг ойлгохыг хичээх нь илүү сонирхолтой болов уу.
Шинжлэх ухаанч нүдээр холоос ажиглахад сүсэг бишрэлтэй хүмүүс танд гэнэн бас тэнэг санагдаж магадгүй. Үр заяадаггүй хүмүүс Даян дээрхийн агуйд очиж өргөл барьц өргөж үр хүүхэд гуйна, ээждээ хэлж чадаагүй үгсээ хэлэх гэж, хүслээ шивнэх гэж Ээж модонд очно. Өвчин зовлон ороогоод, ажил үйлс бүтэхгүй бол өвчин зовлонгоос ангижруулж, ажил үйлс бүтээх тарни уншуулна, хийморь сүлдээ сэргээх гэж ном уншуулна.
Шинжлэх ухаанаар зэвсэглэсэн шүтлэггүй хүмүүс шашин гэж утгагүй бас инээд хүргэм гэж чанга хэлэхдээ хэнээс ч санаа зовохгүй. Гэвч шашныг энэ өнцгөөс харах туйлын өрөөсгөл ойлголт. Учир нь шашин бидэнд юу үнэн бэ гэдгийг бус харин энэ дэлхий дээрх хүмүүс юуг үнэн байгаасай гэж итгэхийг хүсэж байгааг харуулдаг. Шалтгаан нь ч тун энгийн.
Библийн нэг хэсэгт Есүс Христ Иайр хэмээх залуугийн гэрт очдог. Иайр 12 настай охин дөнгөж нас барсан байна. Хүн болгон гашуудаж уйлж байхад Есүс маш тайвнаар тэдэнд “охин үхээгүй ээ, тэр зүгээр л унтаж байгаа юм” гэж хэлнэ. Энэ түүхийг сонсоод тайвширч бас итгэхийг хүсэж байвал тэнэглэл, юу гэж сэрэх вэ дээ тэр үхсэн шүү дээ гэж шүтлэггүй нэгэн бодож болох юм. Гэхдээ үрээ алдсан эцэг эхийн сэтгэлд нь асах тэр итгэл найдвараар тохуурхах бас хэрэггүй.
Хэрвээ таны хүүхэд хүнд өвчтэй бол та ч гэсэн гайхамшигт итгэхийг хүснэ. Учир нь эцсийн эцэст байгалийн хууль, биологийн шинжлэх ухааны бодит үнэнээс илүүтэй таны үр хүүхдээ амьдраасай гэж залбирах хайр чинь хүчтэй байх болно.
Хойд төрөл
Хэзээ ч шүтлэг бишрэлгүй байсан хэрнэ бидний хайртай дотнын хүмүүс нас барахад бид хойд төрөл байдаг гэдэгт хамгаас түрүүнд итгэнэ. Тэд минь хаа нэгтээ, сайхан газар амар амгаланг олсон гэдэгт, биднийг дээрээс харж байгаа, биднийг уучилж бас бидний хэзээ ч хэлж чадаагүй тэр үгсийг ойлгосон гэдэгт итгэхийг хүснэ.
Залбирал
Магадгүй учраа олохгүй, туйлдаж цөхөрсөндөө уйлмаар санагдах тэр үед хэн нэгэн чамайг ойлгоосой гэж хүснэ. Маш ухаалаг бас энэрэнгүй хандах тэр нэгэн чамайг шүүмжлэхгүй, буруутгахгүй бас чамайг хамгаас түрүүнд уучилна.
Мэдээж хэрэг гайхамшиг гэж байхгүй, тарни уншлаа гээд өвчин чинь арилахгүй гэдгийг шинжлэх ухаан мянга сая дахин нотолж чадна. Гэвч ямар ч ухаантан байлаа гэсэн шашны хүнд өгдөг итгэл үнэмшлийг тэнэглэл гэж шүүмжлэх эрхгүй. Учир нь энэ бол аргаа барсан хүний сүүлийн итгэл найдвар. Бид үүнийг ойлгож бас энэрэнгүй хандах хэрэгтэй.
Сүсэг бишрэл мэдээж хэрэг хийсвэр. Бурхан гэж байхгүй. Энэ дэлхийг дээд хүчтэн бий болгоогүй. Бас чиний хүслийг чинь сонсоод биелүүлэх шидтэн гэж байхгүй. Гэсэн хэдий ч үүнд итгэхийг сонгосон хүмүүсийг дооглох бас хэрэггүй.
Үнэн биш гэдгийг нь мэдсээр байж, итгэхийг хүсэж буй тэмүүлэл, итгэл найдвараасаа авах сэтгэлийн тайвшралыг бид ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл бодит байдал заримдаа хэтэрхий өвдмөөр байдаг шүү дээ…
Амьдрал бидний боддог шиг тийм ч хар цагаан биш. Шашин хэрэгтэй эсвэл хэрэггүй, үнэн эсвэл худал, зөв эсвэл буруу гэж талцах нь хэтэрхий туйлширсан явдал болно биз. Шинжлэх ухаан, сүсэг бишрэл хоёр зэргэцэн оршиж, хамтдаа биднийг ухааруулж бас тайтгаруулж болно шүү дээ.
Та хамгийн ихийг мэддэг нь гэдгээ батлах гэж хичээхдээ бусдын итгэл үнэмшил, бодол мэдрэмжийг үгүйсгэх хэрэггүй. Харин оронд нь бусдын оронд өөрийгөө тавьж, тэдний өмнөөс мэдэрч ойлгож чаддаг байхыг илүүд үзээрэй.
Жич: Энэ нийтлэл ямар нэг шашныг үгүйсгэсэн эсвэл магтан дуулаагүй бөгөөд шинжлэх ухаан суурьтай агностик атейст бичсэн болно.