Урмын үг ба мөн чанар

Та хамгийн сүүлд хэзээ хүн магтсан бэ? 

Та хамгийг сүүлд хэзээ хүнээр магтуулсан бэ?

Та хүнийг магтахдаа юу гэж магтдаг вэ?

Та дийлэнхдээ хүнээс ямар магтаал сонсдог вэ? 

Дийлэнх нь гадаад үзэмжтэй холбоотойгоор магтаж, эсвэл магтуулсан гэдэгт итгэлтэй байна.

Бидний сонсох магтаал, шүүмжлэл дийлэнх нь гадаад үзэмж дээр суурилсан байхад биднийг илэрхийлэх хамгийн чухал зүйл гадаад үзэмж мэт сэтгэгдэл ухамсаргүйд суусаар байдаг. Энэ нь биднийг гурав дахь эзэн биеэс өөрийгөө харахад хүргэдэг байна/self-objectifying/. 

Өөрийгөө гуравдагч эзэн биеэс харах /өөрийгөө эд агуурс мэт ярих/ гэдэг нь харагдах байдал, хэлбэр дүрс дээр тулгуурлан өөрийгөө дандаа гадна талаас нь харж, бусадтай харьцуулж бас шүүмжлэхийг хэлэх ба дийлэнхдээ сөрөг биеийн имидж, харагдах байдалдаа сэтгэл дундуур, сэтгэл гутрал эсвэл анорексиа, булимиа гэх мэт идэх эмгэгүүдтэй холбогддог. 

Жишээлбэл шүд, үрчлээ, арьсны өнгө, биеийн хэлбэр, хэмжээ зэргээ дандаа сөргөөр ярих. 

Чин сэтгэлийн магтаал нь өөрт болон бусдад аз жаргал түгээх хамгийн хурдан арга юм. Иймд “чи хөөрхөн шүү, чи сайхан харагдаж байна, турсан байна, гоё биетэй” гэх мэт гадаад үзэмж дээр суурилснаас өөрөөр хажуугийн нэгэндээ хэрхэн УРМЫН ҮГ хэлэх вэ гэдэг тал дээр санаа өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бичиж байна.

Магтаалын санаанууд 101

Чи миний хувьд их чухал хүн

Чамтай хамт байхад надад тайван бас тухтай байдаг

Надтай хамт байгаад баярлалаа

Чи үнэхээр сайхан сэтгэлтэй

Чиний адал явдал эрэлхийлдэг чанар надад үнэхээр таалагддаг

Би үргэлж чамаас шинэ зүйл суралцдаг

Чи үнэхээр сайн сонсогч шүү, яриаг минь чин сэтгэлээсээ сонсож өгдөгт баярлалаа

Өөрийнхөөрөө байдаг чинь үнэхээр гоё

Хийнэ гэсэн зүйлээ хийдэг чинь биширмээр шүү

Чи үнэхээр зоригтой

Сэтгэлийн хат чинь үнэхээр биширмээр

Чи буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг чинь хүндэлмээр 

Чиний эрч хүч надад таалагдаж байна 

Чи их хүчтэй хүн юм. Амьдралд тулгарсан бүхнийг хэрхэн даван туулж байгаа чинь биширмээр. 

Чи үнэхээр бүтээлч юм. Ийм үзэсгэлэнтэй зүйлсийг хийж бүтээдэгт чинь дуртай. 

Чи үнэхээр хөгжилтэй. Чиний хажууд байхад инээсээр байгаад л таарах юм. 

Чи сайн найз байж чаддаг шүү. Хэцүү үед хажууд минь байдагт баярлалаа. 

Чиний хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл чинь хүндэлмээр. Чи байгаа болохоор Дэлхий илүү дээр болж байгаа юм шиг санагдаж байна. 

Чамаас урам зориг авдаг шүү. Чамтай хамт байхаар дэлхийг өөрчилж чадах юм шиг санагддаг 

Чиний хажууд байхад би өөрийнхөөрөө байж чаддаг.

Чи дотроосоо гэрэлтдэг

Чиний амьдралыг харах өнцөг чинь таалагдаж байна

Чиний гаргадаг санаа чинь дандаа санаанд оромгүй шинэлэг байх юм.

Чи дандаа хэлсэндээ хүрдэг, би чамд итгэдэг

Хайртай зүйлсээ түрүүнд тавьж, хамгаалж чаддаг чинь биширмээр 

Чи байгаагаараа л үнэ цэнтэй. Миний хажууд байдагт баярлалаа

Чи байгаагаараа л хангалттай. Өөрийнхөөрөө байдагт чинь баярлалаа

Мэдээж бусдыг гадна үзэмжээр нь магтаж болно л доо. Хамгийн гол нь ганц гадна үзэмж биш, дотоод мөн чанар дээр суурилсан магтаалтай хослуулж байгаарай. Тэгснээр таны хайртай дотны хүмүүст чинь зөвхөн гадаад төрхөөс гадна дотоод мөн чанараараа үнэлэгдэж байгаа нь таатай байх болно.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд та чин сэтгэлийн сайхан үгийг бусдаас битгий харамла. Хүний сайн чанар, давуу талыг нь олж харж чаддаг, түүнийгээ өөрсдөд нь харамгүй хэлэх нь таны болон бусдын амьдралын чанарыг хэрхэн сайжруулахыг ажиглаарай.

Сэтгэгдэл үлдээх
3 Shares: