Бид алхам тутамдаа шинэ хүмүүстэй уулзаж, өөрсдийгөө танилцуулж байдаг. Ямар ажил хийдэг, ямар хүн бэ гэдгээ хэрхэн илтгэхээс хамааран шинэ танил тань тантай цаашид улам сайн танилцах уу эсвэл тэгсхийгээд танилцаад өнгөрөх үү гэдгээ шийднэ.
Ямар хувцас өмсөж, ямар ажил хийдэг, хэдэн сошиал дагагчтай, хэдэн төгрөгийн цалин авдгаас хамааран энэ нийгэмд таны ямар үнэ цэнтэй хүн бэ гэдэг нь тодорхойлогдоно.
Нийгэмдээ чухал, үнэ цэнтэй хүн байхын тулд илүү баян болж, их мөнгө олж, том албан тушаал хашдаг, ганган машинтай бас илүү царайлаг, илүү хөөрхөн болохыг хүснэ. Тэднийг дагаад ирэх бусдын анхаарал, хүндлэл, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээгээ хангахын тулд сүнсээ ч зарахад бэлэн. Ингээд бодоход бид бас тийм ч эд материалыг чухалчилдаг шуналтай хүмүүс биш, харин түүнийг дагаад ирэх бусдын хайр хүндлэл, анхаарал халамжийг хүсдэг юм шиг.
Чи л өөрөө хичээх юм бол амжилт хажууд чинь байна гэж зуун хувь итгэх энэ нийгэмд ядуурал, ажилгүйдэл нь хувь хүний л залхуурлаас болж хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь энэ мэт харагдана. Миний, чиний, бидний өнөөдөр яагаад одоо байгаагаараа байгаад хувь хүний хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс гадна бидний хянах боломжгүй, нийгэм цаг үеийн нөхцөл байдал, өссөн орчин, соёлоос хамаарсан маш олон хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг мартчихсан байх.
Амжилтыг бурхнаа болгосон энэ капиталист нийгэмд бүгд компани байгуулж, захирал болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүснэ.
Тэрбумтан болох 10 дадал, амжилт авч ирэх мянга мянган номын цаана өөртөө итгэлтэй болох, хэрхэн найзтай болж бусдад нөлөөлж сурах талаарх зуу зуун ном нуугдана.
АМЖИЛТ гэж юуг хэлээд байгааг ойлгох ойлголтод маань хэвлэл, мэдээлэл, цахим сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж хэрэг амжилтыг буруутгах гэсэнгүй. Харин бусдын тодорхойлсон амжилтын шалгуурт нийцэх гэж амьдралаа баралгүй, МИНИЙ ХУВЬД АМЖИЛТ ГЭЖ ЮУ ЮМ БЭ? АМЖИЛТТАЙ АМЬДРАЛ ГЭЖ МИНИЙ ХУВЬД ЭНЭ гэсэн өөрийн тодорхойлолттой болох нь хамгийн чухал.
Маш олон төрлийн амжилт бий. Аз жаргалтай гэр бүл миний хувьд амжилт байж болно. Сэтгэлээсээ амттай сайхан хоол хийх нь амжилт байж болно, малаа сайхан өсгөж байгаа нь миний амжилт байж болно. Төсөөлөл чинь л чиний хязгаар.
Чамайг гаднаас нь хараад мэдэх боломжгүй ч чиний үнэ цэнийг илэрхийлэх дотоод мөн чанараа битгий орхигдуулаарай. Учир нь тэнд л чиний сэтгэл хангалуун амьдрал, аз жаргал, амжилтыг хэрхэн харах чинь тодорхойлогдоно.
Ингээд бодоход бид бусдыг ч хэт өнгөц дүгнэдэг, өөрсдөө ч бусдад өнгөц дүгнэгддэг байх нь. Магадгүй энэ эхлэл төгсгөлийн цэг нь мэдэгдэхгүй энэ шүүмжлэлийн гинжин хэлхээг нэг нэгээрээ тасалж, нэгнээ яаран дүгнэлтгүй, “амжилттай” хүмүүстэй өөрийгөө харьцуулахгүйгээр нэг нэгнийхээ ялгаатай байдлыг нь хүндэлж, өөртөө бас бусдад зөөлөн хандвал бид илүү хүнлэг амжилттай нийгмийг бүтээж чадна гэдэгт итгэж байна.