Сэтгэл судлалын шинжлэх ухаанд гарсан том нээлтүүдийн нэг нь зүй ёсоор хүний амьдралын утга учрыг 5 төрөлд ангилсан Маслоу-н Хэрэгцээний шатлал юм.
35 настай Еврей сэтгэл судлаач Абрам Маслоу ажлын гараанаасаа эхлэн хүний амьдралын утга учир, мөн чанарыг хайж эхлэв. Алдар нэр, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний араас улайрсан энэ капиталист нийгэмд амьдралын утга учир юу болохыг олохоор сэтгэл шулуудсан нь энэ ажээ. Асуултынхаа хариултыг сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан олно гэдэгтээ ч тэр итгэсэн. Ингээд Маслоу амьдралд нэг талдаа сэтгэл зүйн, нөгөө талдаа материаллаг, нийт таван төрлийн хэрэгцээ байдгийг тодорхойлсонтой хамтдаа танилцъя.
Хэрэгцээний шатлалын суурь фундамент нь хоол унд, нойр, амралт, хувцас, бороо цаснаас нөмөрлөх дээвэр, бие мах бодийн хувьд аюулгүй байх гэх мэт амьд явахад зайлшгүй шаардлагатай анхдагч хэрэгцээ орно. Энэ хэрэгцээ тодорхой түвшинд хангагдсанаар хүн дараагийн буюу материйн бус сүнслэг хэрэгцээний шатлал уруу нэвтэрнэ. Нийгмийн чухал нэг хэсэг гэдгээ мэдрэх хэрэгцээ, хайрлах хайрлагдах хэрэгцээ үүнд орно. Хэн нэгэн хүний хувьд үнэ цэнэтэй чухал гэдгээ мэдрэх, хайрлах, хайрлуулах, нөхөрлөх, хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ энд үүснэ. Үүний дараагийн, хамгийн чухал бөгөөд хэрэгцээний шатлалын хойморт нь хүний өөрийн чадвар, потенциал, амьд явах утга учраа таньж мэдэх хэрэгцээ заларна.
Төгс, идеал амьдралын хэлбэрийг тэрээр гурвалжин хэлбэрээр дүрсэлжээ. Анхдагч суурь хэрэгцээ тогтвортой хангагдсан, нийгэмд эзлэх байр суурьтай, бусдад хайрлагдаж хүндлэгдэхээс гадна адармаатай хэрнэ хамгийн чухал болох өөрөө өөрийгөө таньж мэдэх нь амьдрал юм.
Би юуны төлөө амьдарч байна?
Би юуг хүсдэг юм бэ?
Аль нь илүү чухал вэ?
гэх мэт төөрөм асуултуудад бидний зүг чигээ олох луужин болдог онол гэж хэлж болно.
Бүхий л амьдралаа эд мөнгөний төлөө хөөцөлдөн өнгөрөөх нь утгагүй. Гэлээ гээд өөрийн дуудлагаа олсон, хүссэнээ л хийж амьдарна гээд байх боломжгүй. Аль нэг тал уруу нь туйлшрахгүйгээр тэнцвэр олох нь л бидний даалгавар.
Хүнээсээ илүү ашиг орлогыг л чухалчилсан энэ нийгэмд том том корпорацуудын үйл ажиллагаа, орлогын эх үүсвэр нь хүний анхдагч хэрэгцээнд л суурилсан байдаг нь нууц биш. Хоол хүнс, янз бүрийн амттан, ус ундаа, дулаан байр, хувцас, тухтай гутал, тав тух. Эдийн засаг нь бүхэлдээ хэрэглэгч нарын анхдагч хэрэгцээнд суурилсан бизнес дээр л эргэлдэнэ. Хүн гэх хачирхалтай амьтны биет бус хүсэл тэмүүлэл, амьдралын утга учир, мөн чанарыг ойлгох, тэр хэрэгцээг хангахад чиглэсэн ажлууд тэдний сонирхлын нэг их таталгүй өдий хүрчээ.
Маслоу ах хэзээ нэгэн цагт бизнесүүд хүний анхдагч хэрэгцээ дунд л эргэлдэхээ больж, илүү биет бус сэтгэл зүйн хэрэгцээнд суурилсан ажлуудыг хийж эхлэх цагт л жинхэнэ капиталист гэгээрэл бий болно гэдэгт итгэж байв.
Тэр цаг ойрхон байгаа гэдгийг Блайндкэйр Апп-н хамт олон ч бас итгэж байна.
Хувь хүний хүрээнд авч үзэхэд, хэрэгцээний шатлалыг мэддэг байхад амьдралын тэнцвэрээ олох, аль нь хамгийн чухал болох, хаана хэр их энергиэ зарцуулах вэ гэх мэт алхам тутмын чиглүүлэгт хэрэг болно.
Сүүлд нь дүгнээд хэлэхэд, бидний суурь хэрэгцээ тодорхой төвшинд хангагдсан цагт бид сэтгэл зүйн болон өөрийгөө таньж мэдэх хэрэгцээний шатлал уруу тэмүүлнэ. Анх төрөхдөө л тав тухтай, аюулгүй орчинд өөрийн хүсэл мөрөөдөл минь юу билээ гэж асууж өсөх амьдрал бүгдэд тэгш олгогдоогүй. Манай улсын нийт хүн амын 29% ядуурлын төвшинд амьдарч байна. Дундаж амьдралтай иргэд хүртэл анхдагч хэрэгцээгээ хангаж ядна. Нөгөө талд материаллаг эд баялгийн ноён оргилд суугаа нэгэн ч өөрийгөө таньж мэдээгүй байх нь бий.
Та амьдралынхаа утга учрыг хаанаас хайдаг вэ? Таны хувьд юу хамгийн чухал вэ?