Нулимснаасаа битгий ай

Бага байхаасаа л бид уйлахаа боль, битгий уйл, хатуужилтай бай гэдэг үгсийг сонссоор нас бие гүйцнэ. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд мэдрэмж ба нулимс гэдэг зүйлийг ор тас мартаж байж өөрийн эр зориг, хүч чадлыг гайхуулна. Хатуу бай, хүчтэй бай, уйлахаа боль гэх үгс бидний дотор цуурайтсаар нэг л мэдэхэд бид инээмсэглэлийнхээ цаана нулимсаа нуудаг болжээ. 

Уйлах нь эрүүл мэндэд тустай юу гэж асуувал бид нэгэн дуугаар тийм ээ л гэж хариулна. Эртний Грек, Ромын үеэс л сэтгэгч нар нулимсыг ариусгах чанартай гэдгийг мэддэг байж. Өнөөгийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нулимсыг стресс болон сэтгэлийн өвдөлтийг тайтгаруулах механизм гэж үздэг. Таагүй мэдрэмжээ илэрхийлэхгүй, дотроо удаан хадгалах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Сөрөг мэдрэмжээ дотроо дардаг хүмүүсийн дархлаа сул, зүрх судасны эмгэг, өндөр даралт, цаашлаад стресс, түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн асуудлуудтай холбогддог нь судалгаануудаас харагддаг. 

Сэтгэлийн тэнхээ нулимс хоёр зэрэгцэн оршиж болно гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөхийн тулд бидэнд цаг хугацаа бас сэтгэл зүйн мэдлэг хэрэг болно.

Ингээд та бүхэнтэйгээ уйлахын ашиг тусыг хуваалцъя. 

1.     Нулимс ба тэнцвэр

Нэг л цухалдаад байснаа уйлсан чинь тайвширчихсан тохиолдол танд нэг биш удаа байсан байх. Нулимсаар хүний стрессийн даавар, сэтгэл санаанд нөлөөлж буй илүүдэл токсин ялгарч байдаг. Уйлсны дараа эндорфин, окситоцин гэх дааврууд ялгарснаар бид илүү тайвширдаг. Бие сэтгэл зүйн тэнцвэрээ олох гэсэн оролдлого нь уйлах процесс юм.

2.     Нулимс ба БИ

Уйлах явцдаа бид өөр лүүгээ өнгийдөг. Анхаарал илүү дотогшоо төвлөрч би яагаад уйлмаар санагдсан, юу эсвэл ямар нөхцөл байдал намайг гунигтай болгодог гэх мэт өөрөө өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгох боломжийг бидэнд олгодог. 

3.     Нулимс ба хамт олон 

Япон улсад уйлдаг-клуб байдаг гээд л бод. Тэд цугларч, хамтдаа гунигтай кино үзээд уйлна. Сэтгэл хөдлөлөө хэнээс ч санаа зоволгүй илэрхийлэх аюулгүй орчинг үүсгэсэн энэ клубд хүмүүс нэг нэгнээ аргадаж бас сэтгэл нь хөдөлсөн хүний хажууд сандрахгүй, тайван байж аргадахад суралцдаг байна. Бусдын нүднээс далд, дэр чинь л таны уйлдаг гэдгийг мэддэг бол магадгүй та хайртай дотнын хүмүүсийнхээ дэргэд уйлж нэг үзээрэй. Гайхалтай чөлөөлөгдсөн мэдрэмж байх болно. Мэдээж бусдад нулимсаа харуулах, хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд танаас бага зэрэг зориг шаардана. Гэхдээ та чадна аа. 

Дараа нэг өдөр та нулимсаа залгиж зогсолгүй зүгээр л өөртөө мэдрэмжээ мэдрэх, хүн гэдгээ мэдрэх, хүн байх боломжийг олгоорой. Уйлдаг хүн сул дорой гэдэг хоцрогдсон ойлголтыг толгойноосоо авч хаяад өөрийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрдөг хүн хүчирхэг гэгддэг болсон шүү. 

Жич: Ингээд төгсгөлд нь хэлэхэд та эргэн тойрны хүмүүсээ уйлж байхад нь битгий уйл гэж хэлэлгүй, уйлж дуустал нь хажууд нь аргадаж тайвшруулж байгаарай.

Та өөрийн мэдрэмжээ хэнээс ч санаа зоволтгүйгээр нэр, мэдээллээ нууцлаад хуваалцахыг хүсвэл BLINDCARE аппликэйшнээ татаж аваад ашиглаарай.

Танд мөн сэтгэл зүйн анхан шатны тусламж чиглүүлэг хэрэгтэй найз байгаа бол BLINDCARE аппликэйшныг дуулгаарай.

Хэрэв хүсвэл та сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст ХАНДИВ ӨГЧ туслаарай.

Сэтгэгдэл үлдээх
7 Shares:
Танд санал болгох нийтлэл
Цааш унших

Гуниг VS Сэтгэл Гутрал

Сэтгэл гутрал нь ноцтой хэрнэ түгээмэл сэтгэл зүйн эмгэг юм. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс гунигтай, итгэл найдвараа алдсан,…