ГУНИГЛАЖ СУРАХ НЬ

Аз жаргалгүй байхыг хэн хүсэх вэ. Гэвч хачирхалтай сонсогдож магадгүй ч жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд та гуниглаж сурах хэрэгтэй гэвэл яах уу?

Өдөр бүр л бидний амьдралд сайхан муухай янз бүрийн зүйлс тохиолддог. Хэн нэгэн тан руу залгасангүй… хийх гэж байсан төсөл чинь бүтэлгүйтчихлээ… Хэсэгхэн хугацаанд л урам хугараад өнгөрнө. Ингээд л болно гэж үү?

Бидний тархи сөрөг мэдрэмжийг шууд л хааж орхидог. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд ҮГҮЙСГЭЛ /Denial/ гэж нэрлэнэ. Үнэн боловч хэцүү, биднийг тавгүйтүүлэх мэдээллийг тархи хүлээж авахаас татгалздаг. Ингээд мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь бидний амьдралд янз бүрийн харш нөлөөг үүсгэдэг. Магадгүй та унтаж чадахаа больсон байх.. биеийн хаа нэгтээ таталдаад л нэг л тухгүй. Гүнзгий амьсгал авч чадахгүй ч байгаа юм шиг. Магадгүй ямар нэг зүйлд донтож эхэлж байгаа байх. Кофе, эм, тамхи, архи…Эсвэл та ер бусын өөдрөг, цоглог болно. Ямар ч гуниг, харууслыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хуурамч төрлийн өөдрөг байдал. 

Жишээ нь Бадмаа. Үргэлж л өөдрөг, цоглог байдаг тэрээр найз нөхөд, найз залуугаа гуниглахад ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр өөрийнхөө ч гуниглах мэдрэмжээ үгүйсгэнэ, зугтана. Сэтгэл нь тавгүй байгаа найзыгаа харсан Бадмаа цоглог гэгч нь ярианы сэдэв өөрчилнө. “Чи ч дуулахдаа сайн шүү, хамт караоке орно гэж бодоод байгаа.. Энэ тав дахь өдөр юу хийх вэ? ПаарТиий ПаарТий үү үү”. Найз нь нэг л тухгүй болоод ууртай босоод яваад өглөө. Бадмаа юуг буруу хийчихвээ?

Хэзээ ч гуниглаж харагддаггүй цоглог, өөдрөг хүний гарал үүсэл нь их гунигтай байх нь бий. Эцэг эх, эсвэл асран халамжлагч нь ямарваа хүнд хэцүүг даван туулах чадвар сул байсан байх.. магадгүй гутралтай. Ийм нөхцөлд хүн бага насандаа өөрийн эрхгүй цоглог хөгжөөн дэмжигчийн дүрд ордог. Өөрөө цоглогтоо биш харин цоглог байх ШААРДЛАГАТАЙ байсан болохоор. 

Өвдөлт, гуниг, шаналал нь мэдрэхэд их хэцүү боловч бодит байдлын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Иймд зоригтойгоор өөрийн сөрөг мэдрэмжүүддээ бидний бодол биеэр дамжин гадагшлах боломжийг олгох хэрэгтэй. Тэгж байж л та гунигаас зугтсан хуурамч жаргал биш харин жинхэнэ баяр хөөрийг мэдэрч чадна. 

Та хамгийн сүүлд хэзээ өөртөө гуниглах боломжийг олгосон бэ?

Та гунигтай байгаа хүнийг аргадаж чаддаг уу?

Сэтгэгдэл үлдээх
1 Shares: