Хэзээ нэгэн цагт таны толгойд ‘за нэг сэтгэл зүйч дээр очиж үзье’ гэж бодогдож байсан л байх. Магадгүй заазаа дараа л больё, эсвэл жаахан л тэсчих юм бол бүх зүйл буцаад хэвэндээ орчихно байх гээд хүлээхээр шийддэг. Гэтэл үнэндээ цасан уулын уруу өнхрөх бөмбөлөг шиг цаг хугацаа өнгөрөх тусам асуудал улам даамжирч, дараа дараагийн асуудлуудыг үүсгэсээр байдаг.
Магадгүй одоохондоо хэн нэгэнтэй ярилцах нь үр дүнтэй санагдахгүй ч байж болно. Нийгмийн тогтсон хандлага, санхүүгийн байдал гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарч сэтгэл зүйчид хандах эсэхээ шийдэж чадахгүй байж болох юм. Хүн л болсон хойно сайн муу өдрүүд хүн болгонд тохиолддог шүү дээ.
Тэгвэл яг хэзээ тусламж хүсэх хэрэгтэй вэ гэдэг асуултад өнөөдрийн нийтлэлээрээ хариулахыг хичээлээ. Дараах жагсаалтаар сэтгэл зүйчид хандах шалтгаан нь хязгаарлагдахгүй ба энэхүү нийтлэл танд шийдвэр гаргахад туслах эхний алхам байх болно гэж итгэж байна.
“Сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэг нь сэтгэцийн өвчнөөр хязгаарлагдахгүй. Бие хүн өөрийн чадвар, нөөц бололцоог анзаардаг, өдөр тутамд тулгардаг стрессээ үр дүнтэй даван туулж чаддаг, бүтээмжтэй ажилладаг, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулдаг байхыг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэнэ” хэмээн ДЭМБ-с тодорхойлсон байдаг.
Сэтгэл зүйгээ удирдах нь
Амьдралд тохиолдох олон саад бэрхшээл болон сөрөг бодол, зуршилдаа хүн төөрөх нь элбэг. Стресс ихсэх үед хүн мэдрэмждээ хэт автаж, тухайн асуудлаа үр дүнтэй даван туулах чадвар нь багасах талтай байдаг. Энэ үед сэтгэл зүйчтэй хамтран ажилласнаар та өөрийн бодол мэдрэмжээ ойлгож, үр дүнтэй даван туулах болон урьдчилан сэргийлэх аргад суралцдаг.
Сэтгэл хөдлөлөө барьж, зохицуулах хүндрэлтэй байх
Амьдрал стресс дунд өрнөдөг. Стресс бидний амьдрал өрнөхөд чухал үүрэгтэй төдийгүй сайнаар хүртэл нөлөөлдөг учир та амьдралдаа тохиолдох бүхий л стрессийг үгүй хийх боломжгүй.
Гэхдээ ямар ч зүйл ихдэхээрээ хор болдог шиг стресс ихтэй, түүнийгээ үр дүнтэй удирдаж чадахгүй байгаа бол та хэн нэгэнтэй ярилцахыг хүсэж болох юм. Удаан хугацаанд стресстэй явах нь хүнийг амархан цухалддаг, түргэн ууртай, үр бүтээмж муутай болох гэх мэт маш олон сөрөг талтай. Энэ тохиолдолд сэтгэл зүйчид хандасанаар стрессээ даван туулах эрүүл бөгөөд үр дүнтэй аргад суралцахаас гадна шаардлагагүй стрессийн эх сурвалжийг олж асуудал шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх боломжтой.
Танд мэдрэмжээ таньж мэдэх, зохицуулахад хүндрэлтэй байдаг
Түгшүүр, уур бухимдал, цухал гэх мэт тухгүй мэдрэмжүүд мэдэрч байх үедээ хүн өөрийгөө удирдахад хүндрэлтэй байх нь түгээмэл. Мэдрэмжээ тодорхойлж, удирдаж чадахгүй байгаагаас болоод таны гэр бүл, найз нөхөд, хос, ажлын газар гэх мэт газруудад таагүй нөхцөл байдал үүсэж, амьдралаа сэтгэл хангалуун үргэлжлүүлэхэд төвөгтэй болж байгаа бол энэ нь сэтгэл зүйчид хандах хэрэгцээг илтгэх болно.
Сөрөг мэдрэмж, цаг үеийг даван туулахдаа та эрүүл бус арга барил ашигладаг
Та сэтгэл санаа тавгүй үедээ их иддэг, эсвэл амьдралын хамаг ачаанаасаа түр ч болтугай зугтах гэж согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл ашигладаг гэх мэтчилэн урт хугацаандаа нэмэлт асуудал үүсгэх аргаар та өөрийгөө хэсэг хугацаанд тайвшруулдаг бол сэтгэл зүйчид хандах цаг нь болсон.
Асуудлаа шийдэх чадварт суралцалгүй харин зугтах зорилгоор телевиз их үздэг, видео тоглоом тоглох, бүр ном унших хүртэл эрүүл бус арга барилд орох боломжтой.
Хувь хүний хөгжил болон харилцаагаа сайжруулах
Та өөрт тавьсан зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байдаг бол
Хүссэн биеийн жиндээ очихоос эхлээд санхүүгийн сахилга бат гэх мэт дадал суулгахад танд хүндрэлтэй санагддаг бол сэтгэл зүйч танд мөн туслах боломжтой.
Хүний сэдэл, урам зоригтой холбоотой болон бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх, өөрийгөө дутуу үнэлэх гэх мэт маш олон хүчин зүйлсээс хамаарч бидний зорилгодоо хүрэх зам улам бартаатай болох нь бий. Энэ тохиолдолд та сэтгэл зүйчтэй хамтран өөрийн бодол, итгэл үнэмшилдээ дүн шинжилгээ хийх боломжтой.
Та харилцаагаа сайжруулахыг хүсвэл
Магадгүй таны хосын харилцаа удаан үргэлжилдэггүй байж болох юм. Хайртай дотнын хүмүүстэйгээ үл ойлголцох нь түгээмэл, гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун биш, хүүхэдтэйгээ ойлголцдоггүй гэх мэт харилцаатай холбоотой асуудал хүн бүхэнд тулгардаг. Гэхдээ үл ойлголцол, тухгүй нөхцөл байдал нь ямар нэгэн шийдэлгүй хэт удаан үргэлжлэхэд, таны болон таны эргэн тойрны хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байвал та сэтгэл зүйч дээр очих цаг ирсэн гэдгийг харуулах бас нэгэн том шинж юм.
Сэтгэл зүйчтэй хамтран таны харилцаанд асуудал үүсгэж буй шалтгаануудыг илрүүлэх, эрүүл харилцааны хэв маягийг ойлгох, харилцаандаа хил хязгаар тавьж сурах гэх мэт урт хугацааны чанартай харилцаандаа сэтгэл хангалуун амьдрах арга барилд суралцах боломжтой.
Та өөрийгөө илүү сайн таньж мэдмээр байвал
Та заримдаа өөрийгөө яагаад таалагддаг хүнийхээ хажууд сандраад утгагүй зүйл ярьчихдаг гэдгээ, эсвэл үнэхээр сайн хүн гэдгийг нь мэдсээр байж яагаад өөрийг чинь үл хайхрах нэгэн рүү тэмүүлж байдаг гэдгээ гайхдаг уу? Сэтгэл зүйч таны эдгээр ойлгомжгүй үйлдлийн учир шалтгааныг танин мэдэхэд тусална.
Өөрийн бодлын замыг тодорхойлж, хийхийг хүссэн зүйл, мөрөөдөлтэй боловч өөртөө итгэхгүй байгаа, би хангалттай ухаантай биш, би хангалттай чадвартай биш гэх мэт өөрийнхөө тухай зөв буруу итгэл үнэмшлээ сэтгэл зүйчтэй хамт тодорхойлж, алдаатай бодлоо засах арга техникт суралцах боломжтой.
Амьдралд томоохон өөрчлөлт орсон бол
Шинээр ажилд орох, ажлын байраа солих, сургуулиа солих, өөр хот уруу нүүх, хайртай дотнын хүмүүсээ алдах, салалт гэх мэт амьдралд тохиолдох өөрчлөлтүүд нь таныг сэтгэл зүйн хувьд туйлдаах нь бий. Энэ үед сэтгэл зүйчид хандах нь шинэ нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, дасан зохицоход чухал үүргийг гүйцэтгэдэг.
Санамж
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний чанар 100% сэтгэл судлаачаас хамаардаггүй. Ямарваа харилцаа 2 талаас ижил хэмжээний хариуцлагатайгаар үүсдэг ба үйлчлүүлэгч сэтгэл судлаач хооронд итгэлцэл үүсэж, хамтран ажилласнаар тухайн сэтгэл зүйн зөвлөгөөний чанар тодорхойлогдоно.
Сэтгэл зүйч тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн шалтгаан, болон сэтгэл зүйн зөвлөгөөнөөс хүлээх хүлээлтийг тодорхойлж ойлголтоо нэгтгэснээр сэтгэл зүйн зөвлөгөөний зорилгоо тодорхойлж, ямар арга барилаар ажиллахаа төлөвлөдөг.
Бүх сэтгэл зүйч нарын арга барил ижилхэн биш тул та сэтгэл зүйч нарыг ерөнхийлөн дүгнэх гэж яарахгүйгээр өөрт хамгийн сайн тохирох арга барилтай сэтгэл зүйчээ олох дээр төвлөрөхийг зөвлөж байна.
Хэрвээ таны найз чинь сэтгэл зүйч бол та найзаасаа сэтгэл зүйч дүрийг нь хүлээх хэрэггүй л болов уу. Таны найз найзын дүрээр л тантай харилцан яриа өрнүүлж, таныг сонсож, танд зөвлөж байдаг. Дээр дурдсанчлан таны найз тантай сэтгэл хөдлөлөөрөө холбогдсон байдаг учир танд мэргэжлийн үр дүнтэй зөвлөгөө өгөх боломжгүй ба сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэмд хувийн харилцаатай хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй байхыг тодотгосон байдаг.
Эцэст нь хэлэхэд хүн сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээг сайн дурын үндэс дээр сонгосноор үйлчилгээ илүү үр дүнтэй болдог. Энэхүү нийтлэл таныг өөрөө сонголтоо хийхэд бага ч болтугай тусалсан гэж итгэж байна.