Харилцаандаа хил хязгаар тогтоох нь
Бид бүхэнд энергийн хязгаарлагдмал нөөц байдаг. Амьдралаа үргэлжлүүлэхэд амин чухал өдөр тутмын хариуцлага, харилцаандаа үнэ цэн өгөхийн тулд бид зарим харилцаанд хил хязгаар тогтоох шаардлагатай болдог.
Үгүй гэж хэлж болох зүйлс дээр тийм гэж хэлэх үе бидэнд бишгүй л олон тохиолдоно. Өөрийнхөө сайхан төлөвлөгөөг хойшлуулан байж хамтран ажиллагч, гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө туслаж байсан хүн олон байх. Хэдий та өөрөө төлөвлөгөөтэй байсан ч тусламж хүссэн хүнд үгүй гэж хэлэх хэцүү…
Тэгээд ч үгүй гээд хэлчихвэл би хувиа хичээсэн, бусдыг гэсэн сэтгэлгүй хүн болчихно. Яагаад гэвэл бусдын төлөө өөрийгөө зориулдаг хүн л сайн хүн гэж бид сонсож өсдөг шүү дээ. Магадгүй та дандаа л за, тэгье, тийм гэж хэлсээр байгаад танаас хамааралтай олон хүн байдаг болчихсон ч байж болох юм, тэгээд л үгүй гэж хэлэхэд дэндүү таагүй сэтгэгдэл төрүүлэх болно.
Хэт бусдын төлөө байхын сул тал
Бусдын төлөө байна гэдэг муу зүйл огтхон ч биш л дээ. Гол нь чин сэтгэлээсээ л тийм гэж хэлэх хэрэгтэй.
Гэтэл бид дийлэнхдээ тухайн хүндээ муухай сэтгэгдэл төрүүлэхгүй байх юмсан гэх суурь шалтгаанаар угтаа үгүй гэж хэлмээр байсан ч тийм гээд хэлчихдэг. Ер нь тэгээд хэн л хувиа хичээсэн, бусдыг боддоггүй гэж харагдахыг хүсэх вэ дээ.
Бусдад хэмжээ хязгааргүй өөрийгөө зориулах нь сул талтай. Та өөрөө өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хойш нь тавьснаар урт хугацаандаа ядарч туйлдана. Ядраад туйлдчихвал танд бусдад ч зориулах эрч хүч гарахгүй…
Тэгээд яг яах ёстой юм бэ гэж үү?
Хил хязгаар тогтоох
Хил хязгаарын гол зорилго нь хамгаалалт юм. Айлууд байшингаа хашаалдаг. Ингэснээр хажуу айл манай эзэмшил газарт хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Айлын хашаанд хогоо хаяж болохгүй, угаадас асгаж эсвэл дураараа аашилж болохгүй. Үүнтэй ижил бид харилцаандаа эрүүл хил хязгаарыг тогтоосноор та өөрийн энерги болон цагийн хязгаарлагдмал нөөцийг хамгаалж, зөв зохистой зарцуулах боломжтой болно. Таны эргэн тойрны хүмүүс ч таны цаг, энергийг хүндэлж эхлэх юм.
Жишээлбэл таны хамтран ажиллагч оройн цагаар таныг гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрүүлж байхад залгаад өөрийн хийж амжихгүй байгаа ажилдаа туслаач гэх юм бол та өөрийн хил хязгаараа хэрхэн тогтоосноос хамаарч таны хариулт өөрчлөгдөх нь.
Тэгэхээр мэдээж хэрэг таны хувьд юу чухал гэдгийг та өөрөө тодорхой мэддэг байж та хил хязгаараа үр дүнтэй тогтоож чадна гэдгийг ойлгосон байх. Таны үнэт зүйл, хэм хэмжээг та өөрөө л тогтоох тул зөв буруу гэх шалгуур мэдээж байхгүй. Та л өөрөө өөртөө үнэнчээр өөрийн хувьд юу чухал гэдгийг тодорхойлоорой.
Хил хязгаар ба гэмшил
Та өөрийн цаг энергийг өөрийн үнэт зүйлс дээр ухамсартайгаар зарцуулахаар шийдэхэд, таны хүсэл хэрэгцээнд үл нийцэх эсвэл бүр хэрэггүй зүйлсэд та ач холбогдол өгч, эрч хүчээ зарахаа болино. Мэдээж эхний ээлжид бусдыг хүсэлтэд үгүй гэж хэлэхтэй хамт гэмших мэдрэмж танд төрнө. Энэ үед та өөрөөсөө: Би өөрийн хязгаарлагдмал энерги, цаг хугацаагаа энэ зүйлд зарцуулах нь зөв үү буруу юу гэж ахин тодруулж асуугаарай.
Хил хязгаар тогтоох алхмууд:
1. Та өөрийн цаг, эрч хүчээ юунд зориулахыг хүсэж байгаагаа тодорхой мэддэг байх
2. Таны тусламж хэтэрхий хамааралтай болчихсон хүн байгаа бол тухайн хүн, хүмүүст өөрийн шинэ хил хязгаарыг танилцуулах
3. Хэрэгцээтэй үед үгүй гэж хэлэх
4. Үгүй гэж хэлээд араас нь гэмшиж байгаа бол та өөрийн хэрэгцээг түрүүнд тавих нь амиа бодсон гэсэн үг биш гэдгийг өөртөө сануулах
5. Мэдээж бид бусдад тусална, бусдын төлөө хичээнэ, зүтгэнэ.