Сэтгэл гутрал нь ноцтой хэрнэ түгээмэл сэтгэл зүйн эмгэг юм. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс гунигтай, итгэл найдвараа алдсан, хийх дуртай байсан зүйлсдээ дургүй болсон байдаг. Сэтгэл зүйн эдгээр шинж тэмдгээс гадна бие мах бодийн шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнд хоол боловсруулах үйл ажиллагаа муудах, бие байнга тавгүйрхэх зэрэг орно. Таныг сэтгэл гутралтай эсэхийг мэргэжлийн клиник сэтгэл зүйч л асуулгын дагуу оношлох ба нарийн шинж тэмдэгүүд хамгийн багадаа хоёр долоо хоног илэрсэн байна.
Сэтгэцийн эмч нарын ширээний ном болох DSM-5 дагуу сэтгэл гутрал дараах шинж тэмдгүүдээр оношлогдоно. Доор дурдагдсан шинж тэмдгүүдээс 5 болон түүнээс дээш нь танд тохиолдож байгаа, ба үүний аль нэг нь заавал гутранги байдал эсвэл дуртай зүйлдээ дургүй болсон гэх шинж тэмдэг байна.
- Өдрийн дийлэнхий хугацаанд гунигтай, тэр нь бараг л өдөр бүр
- Өдөр тутамд хийгддэг дийлэнхи үйлдлүүдийг хийх сонирхолгүй, урам зориггүй, тэр нь бараг л өдөр бүр
- Ямар нэг хоолны дэглэмгүйгээр мэдэгдэхүйц гэнэт турах, эсвэл таргалах, хоолны дуршил огцом нэмэгдэх, эсвэл хасагдах
- Хөдөлгөөн удаашрах бас хөдөлгөөний хэмжээ эрс багасах, тэр нь эргэн тойрны хүмүүст анзаарагдахуйц байна
- Бараг өдөр бүр ядарсан байдалтай, эрч хүчгүй
- Бараг өдөр бүр бусдад ямар ч хэрэггүй юм шиг мэдрэх, гэмших
- Анхаарал төвлөрөлт буурах, бодол замбараагүй, шийдвэр гаргаж чадахгүй байх
- Үхлийн тухай бодох, амиа хорлох тухай төсөөлөх, төлөвлөх
Эдгээр шинж тэмдгүүдээс болж таны нийгмийн харилцаа доройтож, ажлын бүтээмж буурч, амьдралын чанар мэдэгдэхүйц доройтсон бол сэтгэл гутралаар оношлогдох магадлал тань нэмэгдэнэ.
Жич: Эдгээр шинж тэмдгүүд нь ямар нэг нөлөөллийн бодис хэрэглэсний дараа үүсээгүй байх ёстой. /Архи уусны дараа гэх мэт/
Ингээд уншихад сэтгэл гутрал гэдэг нь маш ноцтой, клиник сэтгэл зүйч, сэтгэцийн эмчээр оношлуулдаг өвчин байх нь. Тэгвэл бид гуниглах болгондоо би Сэтгэл гутралд орчихсон гэж ярьж болохгүй нь ээ.
Тэгвэл гуниглах, сэтгэл гутрал хоёрын ялгаа юу вэ?
Гуниглах нь амьдралынхаа явцад хүн бүрийн мэдэрдэг сэтгэл хөдлөл юм. Ажлаа алдах, харилцаагаа дуусгах, хайртай дотны хүн нас барах гэх зэрэг тодорхой шалтгаан, нөхцөл байдлын улмаас үүсэх сэтгэл хөдлөл юм. Харин сэтгэл гутрал нь ямар нэг тодорхой шалтгаангүйгээр бүх зүйлд гуниглаж, юунд ч итгэх итгэл найдваргүй болно. Энэ хүнд жаргалтай байх шалтгаан нь байсан ч тэр хүн түүнийг харж, жаргах чадвараа алдана.
Гунигласан хүн хэд хоног л гуниглах ба дуртай хоол, тв шоу, найзуудтайгаа уулзах гэх мэт зүйлсдээ дуртай хэвээрээ л байна. Сэтгэл гутралд орсон хүн хийх дуртай зүйлсдээ ч сонирхолгүй болж, түүнээс таашаал авахаа ч мөн болино.
Тодорхой шалтгаантай гунигласан бол хэлсэн зүйл, хийсэн үйлдэлдээ харамсах, гэмших бол сэтгэл гутралд ямар нэг тодорхой шалтгаангүйгээр чи угийн л үнэ цэнгүй, хэнд ч хэрэггүй, бусдад дараа болсон мэт мэдрэмжийг үргэлжид авна гэсэн үг. Сэтгэл гутралтай хүмүүсийн бодол сөрөг, өөрийгөө доош нь хийсэн байдаг.
Эцэст нь хэлэхэд хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэнд сэтгэл гутралын шинж тэмдэгүүд илэрч байгааг та анзаарах юм бол цаг алдалгүй тусламж аваарай.
Сэтгэл судлалын үндэсний төвтэй холбогдох дугаар: 77324233
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн: 77208998, 86158998
Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнтэй холбогдох дугаар: 70145145