Бид үргэлж л хэн нэгний өөрийгөө хайрла гэж зөвлөхийг сонсдог бас бусдад өөрийгөө хайрла гэж хэлдэг хэрнэ яг цаг нь тулахад өөрийгөө хэрхэн хайрлахаа мэддэггүй нь нууц биш. Халуун ваннтай усанд ороод, арьсаа арчлахыг хэлж байгаа юм уу? Дуртай хоолоо идэхийг хэлж байгаа юм уу? Мэдээж эдгээр дурдаж буй зүйлс сайхан л даа гэхдээ энэ нь өөрийгөө хайрлах гэхээс илүү өөрийгөө тордож байгаагийн нэг хэлбэр юм.
Тэгвэл өөрийгөө хайрлах гэж юуг хэлээд байгаа юм бэ?
Өөрөө өөрийгөө алдаа дутагдалтай нь хүлээн зөвшөөрч, өөртөө зөөлөн хандах явдал юм. Өөрийгөө хайрлах гэж алдаа гаргасан ч өөрийгөө үзэн ядаж, өөрөөсөө ичиж, өөрийгөө зүхэхгүй байх юм.
Мэдээж бид бүгд хоорондоо адилгүй, хайрыг ойлгох ойлголт маань ч нэгдмэл биш.
Гэхдээ алхам тутамд хангалтгүй гэдгийг чинь мэдрүүлдэг энэ нийгэмд та хараахан өөрийгөө хайрлах аргаа олж амжаагүй байгаа бол санаа өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бичиж сууна.
Сэтгэл зүйн хувьд тогтвортой байхад өөрийгөө хайрлах гэх ойлголт их чухал үүргийг гүйцэтгэдэг. Ингээд хамтдаа өөрсдийгөө хайрлаж сурцгаая.
Өөрийгөө бусадтай харьцуулдгаа болих
Энэ нийгмийг сүлжээний эрин үед өөрийгөө бусадтай харьцуулах нь хэвийн үзэгдэл болжээ. Хэвийн гэхдээ аюултай. Хэрвээ чи бусдын амжилт, боломж, гадна үзэмж, амьдралын хэв маягтай өөрийн нөхцөл байдлаа харьцуулаад өөрийгөө голдог эсвэл чиний дотоод хоолой чинь чамайг хангалттай сайн биш байна гэж хэлдэг бол энэ нь өөрийгөө хайрлахгүй байгаагийн хамгийн том илрэл шүү.
Энэ дэлхий дээр чи цор ганц, ахин давтагдашгүй бас хайрлагдах эрхтэй хүн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Өөрийгөө бусадтай харьцуулахад зарцуулдаг энергиэ өөр дээрээ төвлөрүүлэхэд амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөхийг анзаараарай
Бусдын юу гэж бодох бол гэдэгт хэт их ач холбогдол өгөхгүй байх
Бусад хүмүүс чиний тухай юу гэж бодох бол, ямар хүлээлттэй байгаа бол гэдэгт хэт ач холбогдол өгч биеэ барих хэрэггүй. Чи хүн бүхний хүлээлтэд хүрч, бүх хүнийг аз жаргалтай болгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр хийхийг хүсдэг ч хэзээ ч эхлүүлээгүй төслөө эхлүүл, дуулах дуртай дуугаа хэнээс ч санаа зоволгүй дуул, хэн ч чамайг хараагүй мэт бүжиглэ. Хэн нэгний шүүмжлэлээс айсандаа өөрийн амьдралаа битгий уйтгартай болгоорой.
Мэдээж өөрийнхөөрөө байна, бусдын юу гэж бодох хамаагүй гэдэг нь өөр хэн нэгнийг өвтгөж, эрхэд нь халдаж болно гэсэн үг биш гэдгийг тайлбарлуулах шаардлагагүй ойлгож байгаа байх.
Өөртөө алдах боломжийг олгох
Хүн алдаа гаргахад гэр бүл, найз нөхөд, нийгэм бас та өөрөө өөртөө хатуурхах нь элбэг. Бид алдаа гаргахгүйн төлөө хамаг байдгаараа хичээнэ. Магадгүй өнгөрсөнд гаргасан алдаанаасаа болж одоог хүртэл өөрийгөө бас бусдыг буруутгадаг байх. Гэхдээ бид Алдаж болно шүү дээ, хүн л юм чинь…Өөртөө алдах, алдаанаасаа суралцах, өөрчлөгдөх боломжийг олгоорой.
Мэдээж хэрэг өмнөхөөсөө сайжирдаг бас уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй.
Чиний үнэ цэнэ чиний харагдах байдлаар хязгаарлагдахгүй гэдгийг өөртөө үргэлж сануулах
Чи хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай, хамгийн гоё биетэй, хамгийн гоё хувцасладаг, хамгийн мундаг ажил хийдэг байх шаардлагагүй. Чамайг илэрхийлэх дотоод үнэт зүйлс бол чи. Бусдад гаднаасаа хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх шаардлагагүй чи байгаагаараа л үнэ цэнэтэй гэдгийг өөртөө үргэлж сануулаарай.
Тэгэхээр чамайг юу тухтай, сайхан мэдрэмжийг өгдөг түүнийгээ л хий, түүнийгээ л өмс. Хамгийн чухал нь түүнийгээ ОЛ.
Өөрийгөө түрүүнд тавь
Бусдын хэрэгцээ, шаардлагыг өөрийн хэрэгцээ шаардлагын өмнө тавих нь бидний гаргадаг түгээмэл алдаануудын нэг. Мэдээж бусдыг ойлгож, дэмжиж, хайрлах нь чухал л даа. Гэхдээ таны сэтгэл зүйн, биеийн эрүүл мэндийн дайтай чухал зүйл гэж хаана ч үгүй. Та өөрийн эрүүл мэндийг үл хайхран бусдын төлөө хичээж байгаа бол та өөрийгөө ч хайрлаагүй байна, хайртай гэж бодож байгаа хүмүүсээ ч хайрлахгүй байна.
Хэрвээ та гэр бүлийнхээ төлөө нойр хоол, эрүүл мэндээ үл хайхран ажилладаг бол, хэрвээ таны хайртай хүн тантай зүй бус харилцсан ч та тэвчиж, хүлээн зөвшөөрдөг бол, хэрвээ таны найз таныг доош нь хийж шоолоход та гомдсон ч инээгээд өнгөрдөг бол та өөртэйгөө нэг чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй.
Өөртөө зөөлөн ханд
Hэгнээ доош нь татсан, хатуурхсан, доромжилсон хүмүүс зөндөө байна. Нэмээд та өөрөө өөртөө хатуурхах хэрэггүй. Өөртэйгөө зөөлөн ярьж, өөрийгөө тэмдэглэ. Өнөөдрийг хүртэл их ч зүйл туулж өнгөрүүлж, алдаатай оноотой их ч зүйл ойлгож.
Заримдаа бид өстөн дайсандаа ч хэлэхгүй тийм хатуу үгсийг өөртөө хэлдэг шүү дээ. Иймд та аль болох хайртай хүндээ ханддаг шигээ өөртөө хандаж байгаарай.
Нийтлэлийнхээ төгсгөлд та
Гар: Олон хөөрхөн амьтад эрхлүүлдэгт бас гунигтай үед нулимсыг чинь арчиж өгдөгт
Хөл: Дуртай газарт чинь аваачдагт, дургүй газраас чинь холдуулж, сул дорой болоод сөхөрч унамаар байсан ч бат зогсоож өгдөгт
Гэдэс: амттай, дуртай хоолоор чинь дүүрч, сэтгэлийг чинь баясгадагт
Нүд: Олон сайхан инээмсэглэл олж хардагт
Уруул: Хүнд сайхан үг хэлдэгтээ өөртөө, биендээ талархаарай.